
-Та анх хэдэн оноос монгол гэр хийж эхэлсэн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байхдаа хувиараа гэр хийж зардаг байсан. 2000 оны үед хот руу орж ирсэн юм. 2005 оноос энэ компанийг үүсгэн байгуулж, ажиллаж байна.
-Үйлдвэрийнхээ талаар танилцуулна уу?
-Манай үйлдвэр байгалийн аргаар хатаасан, цуулбар унь, ханатай гэрийг үйлдвэрлэдэг. Мөн гэрийн дагалдах хэрэгслүүдийг ч хийдэг. Оёдлын цехтэй. Тус цехдээ эсгий болон гэрийн бүрээс, өрх зэргээ оёдог.
Өмнө нь ганц хоёрхон хүмүүстэй хамтарч гэр хийж, түүнийгээ зардаг байлаа. Харин уул уурхай хөгжихийн хирээр түүнийг дагасан эрэлт нэмэгдэж, гэр ихээр худалдан авах болсон.
2005 оноос үйлдвэрлэлийн хэмжээнд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоогийн байдлаар арав гаруй ажилтантай. Манай үйлдвэрт мужаан, будагчин гэсэн хоёр үндсэн мэргэжлийн хүмүүс ажилладаг.
-Бусдаас ялгагдах онцлог гэвэл?
-Өвөрхангай аймгийн Уянга, Хужирт, Бат-Өлзий суманд "Уянга” хийцийн үйлдвэр гэж байлаа. Тэр үйлдвэр Монгол Улсын гэрийн хэрэгцээний 50-60 хувийг дангаарэа үйлдвэрлэдэг байсан.
Тухайн үед "Уянга”-ын эрээн хийц чанартай, гоёмсгоороо алдартай байсан. Учир нь эрт дээр үеэс лам нар өв уламжлан нарийн цуулбар, уран хийц, эрээн хээгээрээ алдартай гэрийг цөөн тоогоор урладаг байсан уламжлалтай.
Харин 1930-аад оны их хэгмэгдүүлэлтийн үеэр тэдгээр лам нар эхнэр авч, айл болоод гарын ур дүйгээрээ амьдрах болсон. Энэ л цагаас эхэлж гоёмсог гэр хийх ажил үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжсөн юм. Энэ нь явсаар "Уянга” эрээн хийц гэсэн нэртэй болж, ард түмэнд танигдсан түүхтэй.
-Цуулбар хийц нь юугаараа ялгаатай вэ?
-Цуулбар гэдэг бол модыг ширхэгийн дагуу хийдэг арга юм. Модоо бөөрөнхий байхад нь шилээд, цуулаад жижиглэнэ. Энэ нь ширхэгийн дагуу хийж байгаа болохс хугардаггүй бат бөх чанартай.
Уянгын хийц нь цуулбар аргаар унь, ханаа хийдэг гэж ойлгож болно. Мөн эрээн хээгээрээ ялгаатай. Чанартай гэр хийе гэвэл модыг нь сайн бэлдэх ёстой.
Модоос нь эдэлгээ удаан, хийц сайн эсэх нь шинждэг. Мод хатаж бэлэн болохоороо мурийж, далийх гээд янз бүр болж, өөрчлөгддөг. Тиймээс гэрийн мол байгалийнх нь аргаар өөрөөр нь хатааж хийвэл илүү сайн.
-Монгол гэрийг хийхэд нарийн ухаан шаа нь ойлгомжтой? Хэр нарийн ажиллагаатай вэ?
-Үнэхээр тийм. Нэг үгээр хэлэхэд геометрийн бодлого бодно доо. Хэмжээ зөрүүлэхгүй хэмжихээс эхлээд маш нарийн ажиллагаа хурц хараа шаарддаг. Ялимгүй хэмжээ алдахад гэрийг хана зөрөх жишээтэй. Монгол гэр урлах, барих гэдэг чинь тэр чигээрээ оньс шүү дээ.
-Гэрийг хийхэд тогтсон уламжлал болон ёс заншил байдаг уу?
-Гэр үүссэн цагаасаа байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн. Бүр анх шовоохойноос үүсэлтэй гэж үздэг. XIII зууны гэр одоогийн хэрэглэгддэг монгол гэрээс өөр байдаг.
Хэрэглээгээ дагаад загвар өөрчлөгдсөөр ирсэн. Одоогийн тогтсон загварыг өөрчилж, янз бүрийн материалаар хийж болдог. Хүн хүний сонирхол болон үзэл бодлоос шалтгаалаад янз бүрийн захиалга орж ирдэг шүү.
Бид нэн тэргүүнд ямар зориулалтаар ашиглах гэж байгааг нь асуудаг. Тухайлбал, уяач хүн нарийн хээтэй, билэгдэлийн учир холбогдол ихтэй гэр хийлгэнэ. Сүүлийн үед монголчууд хүүхэддээ монгол уламжлалаа таниулж, ойр байлгахаар гэрийг ихээр захиалдаг болсон.
Энэ нь ч зөв. Сүүлийн үеийн хүүхдүүд гэрийн эд хэрэгсэл, ёс уламжлалыг мэдэхгүй өсөж байна шүү дээ. Бүр гадаадын иргэдийн захиалга ч эрс нэмэгдээд байгаа.
-Тэд ямар зориулалтаар авдаг юм бол?
-Янз бүр л байдаг. Ихэвчлэн байшингийнхаа хажууд барих, хүүхдийн тоглоомын өрөө болгох зэргээр хийлгэдэг. Бас үзэсгэлэн болгодог юм байна лээ. Манайхан тэдгээр хүмүүст тээвэрлэх болон хэрхэн барих талын зааварчилгааг дүрс бичлэг болон гарын авлагатай өгдөг.
Эх сурвалж: "Соёмбо" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6121
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих