
Хэдэн зуун мянган гишүүнтэй, парламентад 45 суудалтай МАН- аас хамгийн ихдээ л хоёр хүн Ерөнхий сайдад өрсөлдөж байсан түүх бий. Харин АН-д бүх зүйл өөр. Сайдын марафонд анхандаа зургаа долоон хүн өрсөлдөж эцэст нь гурав дээр тунажээ. Албан тушаалд ямар их дурлаж байгааг харуулж байгаа хэрэг биш үү. Нэр дэвшүүлсэн гурван хүн нь ч үнэхээр "эмгэнэлтэй” сонголт. 36 суудалтай АН-д эндээс өөр сонголт алга уу гэж гайхмаар. Улс төрийн соёл, улстөрчдийн нэр хүндээ бодсон ч Р.Амаржаргал гишүүн намаа унагах кноп дарчихаад Ерөнхий сайд болно хэмээн амбийцалж суугаадаа дүгнэлт хийхсэн. Д.Ганбат ч адилхан. Хэнд ч танигдахгүй хоёр жил гишүүнээр сууж, нэг ч удаа яам, агентлагийг даргалж үзээгүй атлаа Ерөнхий сайд болно гэж санаархах нь АН-ын гишүүдээс л гарах санаа биз. Тэрбээр, олны дэмжлэг авахгүйгээ мэдэж байгаа ч санал хуваах үүднээс, нэг үгээр хэлбэл фракцидаа үйлчилж өөрийн нэр хүндээ уландаа гишгэлж байгаа үйлдэл бус уу. Ч.Сайханбилэг сайдын ганц давуу тал нь эцсээ хүртэл шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж, намынхаа мөрийн хөтөлбөрийг тууштай дэмжиж ирсэн явдал. Улстөрч хүний нэн тэргүүний соёл. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр суухын тулд бусдад худалдагдаж, албан тушаал горилоогүй гэдгээрээ давуу талтай. Мэдлэг боловсролын хувьд чамлалтай байх ч нөгөө хоёр нэр дэвшигчээсээ арай дөнгүүр нъ гэж хэлж болно. Ингэж дүгнэх шалтгаан нь ч олон. Тухайлбал, АН-ынхан улс төрийн шинэ соёл, шинэчлэл хэмээн ярих дуртай. Тэгвэл энэ соёлоо өөрсдөөсөө эхлүүлмээр байна. Аль ч талаас нь бодсон өөрийнхөө намын Засгийн газрыг унагачихаад би Ерөнхий сайд болно гэж суумааргүй байх юм. Цаашдаа ийм жишиг тогтвол яах вэ.
Хэн дуртай нь сайдаа хор найруулж унагачихаад өөрийгөө сонгуульдаг муу муухай жишиг тогтоно. Тиймээс улс төрд ийм хор найруулж болдоггүй юм, өөрийнхөө тавьсан урхинд өөрөө унадаг гэдгийг харуулж тэднийг бүлэг дээрээ ч, намдаа ч дэмжихгүй байя. АН-д олон мундаг улстөрчид байгаа. Улстөрч хүний наад захын соёл, урвагчдад төр ямар хатуу байдгийг анхааруулж өгөх ухаантай хүмүүс цөөнгүй бий. Амны нь салиа арилаагүй атлаа сайд болох гэж давхидаг, намынхаа араас хутгалдаг, сайдуудынхаа араар хор найруулдаг байдлыг таслан зогсоох цаг нь болжээ. Мэдээж гурван нэр дэвшигчийн асуудал дахиад л АН-д зөрчил тэмцэл үүсгэх нь тодорхой болчихлоо.
Ардын намд жагсах нь зохидоггүй шиг албан тушаал АН-д хэзээ ч зохихгүй юм байна. Ирэх сонгуулийнхаа ялагдалд эртнээс бэлтгэж байгаа энэ нам хэзээ мөдгүй задрах нь ээ. Яг л 2000 онд хоёр хуваагдсан шиг. 2012 оны сонгуулиар салж сарнин ялагдсан МАН шиг. З.Энхболдоор ахлуулсан М.Зоригтын удирдсан нам хэзээ мөдгүй салах нь гэж улс төр судлаачид дүгнэх болов. Н.Алтанхуягийн толгойлсон Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын залуус нэгдсэн нэг нам салаалах нь ээ гэж харцгааж байна. АН одоо л эв нэгдэлтэй байж чадахгүй бол "дахиад” гэдэг сонголт хэзээ ч олдохгүй биз дээ. АН-д хэзээ ч албан тушаал зохихгүй, тэд албан тушаалд очлоо ч нэг нэгийгээ хэмлэж зулгааж, доошоо татсаар юу ч биш болж төгсдөг эмгэнэлтэй нам юм. Тамын тогооны үлгэр л жинхэнэ утгаараа АН-д өрнөж байна даа.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Б.Өнөртогтох

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6195
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих