
Харамсалтай нь өнгөн дээрээ улстөрчид эдийн засагт анхаарч байгаа мэт боловч өнөө маргаашаа аргалах гэсэн явуургүй зангаасаа болж өнөөдрийг хүртэл төсвөө баталж чадаагүй сууж байна. Салбарын сайдгүй, Ерөнхий сайдынх нь суудал эзэнгүй энэ өдрүүдэд сандал суудлаа анхаарч байгаа болохоос улс орны хувь заяа 2015 онд хэрхэх талаар сэтгэлээ чилээж байгаа хүн алга. Улстөрчдийн хөшигний цаана хийж байгаа тохирооноос харвал Улсын нэгдсэн төсөв, 2015 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор хугацаанд нь одоо байгаа чигээр нь баталж явуулчихаад, дараа нь тодотгол хийгээд аргалчихна хэмээн ярьж байгаа гэх. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн хэвлэлд өгсөн ярилдлаганаас харахад л төсвөө байгаагаар нь батлаад явуулчихъя. Дараа нь яаж дампуурах нь бидэнд хамаагүй гэсэн санаа харагдаж байгаа юм. Сандал суудлаас илүү улс орон 2015 онд хэрхэн амь зогоох, 2018 оноос төлж эхлэх нэг хоёр их наяд ам.долларын өрийг төлөх мөнгө хаанаас олох вэ гэдгийг бодох учиртай байв. Одоо тэгэхээр яах вэ. Төсвийг энэ хэвээр батлавал ямар үр дүн гарах вэ.
Төсвийг одоо байгаагаар батлавал инфляцийг долоон хувьд барьж чадахгүй
Төв банк ирэх онд инфляцийг долоон хувьд барина гэсэн төсөөлөл гаргажээ. Хэт зөөлөн мөнгөний бодлоготой бус хатуу бодлого барьж чадвал долоон хувьд барих боломж тэдэнд бий гэнэ. Өнгөрөгч онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь инфляцийг 20 хүргэж алдахгүй барих нэг том хөшүүрэг болсон гэдэг. Харин өнөө жил дэд хөтөлбөрүүд хэрэгжих эсэх нь эргэлзээ дагуулж эхлээд байна. Тиймээс долоон хувьд хүргэх арга замаа төв банктайгаа хамтраад улстөрчид өөрсдөө олох шаардлага байгаа юм. Өнгөрөгч онд Улсын төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар төсөөлсөн ч мянгуужингийн үлгэр болоод дуусч байсан удаатай. Нүүрснээс их хэмжээний ашиг олохоор төсөвт тусгасан ч мөн л чадаагүй. Тэгвэл өнөө жил мөн л хэт өөдрөгөөр төсөөлсөн төсөв орж иржээ. Орлогыг 7.1 их наяд төгрөгөөр тооцож, эдийн засгийн өсөлтийг 10.2 хувьд хүргэхээр төсөөлжээ. Гэхдээ хаанаас хэнээс орлого олох нь эргэлзээтэй. 2018 онд төлөх өрөө улсын төсвөөсөө төлчихнө хэмээн тайлбарлаж буй. Гэвч улсын төсвөөс зээлсэн мөнгөө эргэж төлөх болсон ч дахин өөр улсаас мөнгө зээлэх, нөгөө талд нь татвараа нэмэгдүүлэх, гуравдугаарт баахан компаниудыг хувьчилж байж л мөнгө босгох боломж бий. Өөр арга зам бидэнд байхгүй. 2015 онд хаанаас ямар эх үүсвэрээс 7.1 их наяд төгрөг олж, өдгөө дөрөвхөн хувьтай байгаа эдийн засгийн өсөлтийг 10.2 хувьд хүргэх нь тодорхой бус байгаа юм.
Төсвөө зөв тооцоолж, тодотгол гэхгүйгээр нягт нямбай баталж чадвал инфляцийг долоон хувьд барих боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа билээ. Тиймээс улстөрчид төсөвт анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Хугацаандаа баталж чадахгүй байлаа ч сайтар нухаж, шүүсийг нь шахъя. Улсын төсвийг энэ хэвээр батлавал Монголбанк бодлогын хүүгээ хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Үүний үр дүнд хувийн секторууд ар араасаа дампуурлаа зарлаж, аж ахуйн нэгжүүд ар араасаа үүд хаалгаа барих нь тодорхой. Инфляцийг долоон хувьд барих талаар бодох ч хэрэг гарахгүй. Энэ бүхний дараа мөн л эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн буруутнаа дотроосоо хайж сандал суудлаа ярих нь тодорхой юм.
Төсвөө аврах гарц нь юу вэ
2015 оны улсын төсвийн гол санхүүжүүлэлт нь гаднаас нэмж авах зээл гээд хэлчихэд буруудахгүй. Бондын мөнгө босгоод зам барьчихдаг бус бодит орлоготой үйлдвэр, аж ахуйн нэгж, томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах мөнгө гаднаас авах шаардлага үүсээд байна. Хоёр жилийн хугацааңд оруулж ирсэн мөнгөө эргээд эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал 2018 оноос төлөгдөх өрөө заавал улсын төсвөөс харж суухгүй. Хоёрдугаарт, өнөөх л улиг болсон Оюутолгой. Энэ орд эргэлтэд орж, далд уурхай ажлаа эхлэхгүй бол Монгол Улс өнөөдөр дэлхийд мартагдаж эхлээд байна. Монгол моодноос гарах хугацаа ойртсоор. Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалт нэрээр дэлхийн бүх том банкуудаас зээл авах тохироо хийчихсэн. Тэд Оюутолгойг хараад суучихсан учраас бусад том
аж ахуйн нэгжүүдэд мөнгө өгөхгүй хүлээлгэчихжээ. Үр дүнд нь Монгол руу нэг ч төгрөг орж ирэхгүй байна. Тиймээс ирэх онд энэ том орд хөдөлгөөнд орж чадвал тухайн үедээ орж ирсэн мөнгөө зарцуулах зүйлдээ зарцуулаад явах гарц харагдаж байна. Орж ирээгүй байхад төсөөлж мөрөөдөхөөс илүү орж ирсэнийх нь дараа зарцуулах зүйл хангалттай учраас Оюутолгойг хасаад төсвөө тооцоход ч буруудахгүй. Түүнчлэн, Хямралыг давах, бодлогын алдаануудыг засахын тулд ирэх 2015 оны төсөвт ямар өөрчлөлт орох талаар УИХ-ын гишүүд долоон заалт бүхий тогтоол гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Тодруулбал, төсвөөс гадуур хэрэгжиж буй Чингис, Самурай бонд болон үнэ тогтворжуулах төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсөвт тусгаж, хуульд нийцүүлэх. Төсвийн алдагдлыг хуульд нийцүүлэн ДНБ-ий хоёр хувьд барих, 2012 оноос хойш данхайгаад байгаа төрийн бүтэц, үүнтэй холбоотой зардлыг эрс бууруулж, үр ашиггүй, тэвчиж болох бүх зардлыг танах шаардлагатай, хямралд өртөж буй бага орлоготой иргэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд онцгой анхаарал тавих, мөнгөний бодлоготойгоо төсвөө нягт уялдуулах, төсвийн алдагдлыг бууруулах, орлогоо бодитой төлөвлөх, хэт өөдрөгөөр төсөөлснийг болиулах, мөн улсын төсөвт бараа нийлүүлдэг дотоодын хувийн секторуудыг дэмжих, цэцэрлэг сургууль зэрэг улсын төсвөөр баригдаж байгаа зарим бүтээн байгуулалтыг хувийн хэвшилд шилжүүлэн газрыг нь үнэгүй шийдэх зэрэг гарц байгааг сануулсан байна.
Төсвийн байнгын хороо эдгээр заалтуудыг мөрдлөгө болгож, алдагдалгүй төсөв баталвал инфляцийг бодит барьж, валютын орох урсгалыг ч нэмэгдүүлж чадах юм. Төсөв хэр зөв байхаас шалтгаалж мөнгөний бодлого зөв явах, төсөв алдагдалгүй байх учиртай. Тиймээс Ерөнхий сайдын суудлаас ч чухал асуудал улстөрчдийг хүлээж байна. Энэ долоо хоногт төсвөө машиндаад дуусгачихвал ирэх онуудад бид мөлхөнө гэдгийг эрхэм улстөрчид болгоох биз.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Б.Өнөртогтох

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6204
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих