"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 35 дахь удаагийн цахим хурал өчигдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо. Уг хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн холбогдох албаны мэргэжилтнүүд оролцов.
Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал хурлыг нээж, "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлуудын талаар танилцууллаа. Зарим онцлох үйл явдлаас товч дурьдвал:
ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг ТББ хамтран "Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. Чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Чуулганд хот хөдөөгийн 200 орчим эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
"Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн өнөөгийн байдал, орон нутгийг чадавхжуулах нь” сэдэвт бүсийн зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдсан. Бүсийн зөвлөгөөнд Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Бүсийн захирал Монгол улсад айлчилсан. ЭМЯ-наас агаарын бохирдол болон осол гэмтлээс хүүхдийг сэргийлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийж, гарын авлага тарааж, сургалт зохион байгуулсан.
Эрүүл мэндийн кластерийн ээлжит хурал болж, Эбола халдварын эсрэг бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны асуудлыг хэлэлцсэн.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр жилийн төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан.
Эх, нярайн эрүүл мэнд стратегийн үйл ажиллагааг үнэлэх шалгуурыг боловсруулан батлуулсан.
Мөн өнөөдрийн цахим хуралд ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл болон энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ өвчний шинж тэмдэг илэрвэл аль болох гэрээр эмчлэх, Олон нийтийн газраар онцын шаардлагагүй тохиолдолд явахгүй байх, энэ талын мэдээллийг иргэдэд сайн түгээж, таниулахыг нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, удирдлагуудад зөвлөж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих