Аливаа эзлэн түрэмгийлэлд дүрэмт хувцасны сүр хүч хамгийн чухал үүрэгтэй. Энгийн хувцасаар өөрийгөө дорд үзсэн үед маань
хувь тавилангийн од над дээр гийж байсан тохиол нэгээхэн ч үгүй билээ.
Би бол үргэлж Далигийн дүрэмт хувцасаар гангарч явдаг хүн. Өнөөдөр
Америк явахаасаа өмнө надаас зөвлөгөө авах гэж нэг хүү ирлээ. Түүний
хүсэлт миний сонирхлыг татав. Тиймээс ч би Дали маягаараа хувцаслаад
түүнтэй уулзахаар доош буулаа. Хүү Америкт очиж ямар нэг юманд амжилт
олох хүсэлтэй гэнэ. Амжилт л олж байвал юугаар ч байсан яахав гэх.
Америкийн дундаж түвшний амьдрал түүний хувьд маш том зүйл байлаа.
Тэгээд би түүнээс:
- "Чамд тогтсон дадал зуршлууд бий юу? Жишээ нь чи хоолонд сайн уу?” гэж асуув.
Тэгтэл хүү:
- "Би ямар ч нөхцөлд амь зууж чаднаа. Хатаасан шош, талхаар гол
зогоогоод олон жил болоод л ирлээ,” гэж байж ядсан хомхой дуугаар
хариуллаа.
Харин би түүний өөдөөс:
- "Наадах чинь ч муу шүү!” гэж санааширсан маягтай хэлэв.
Хүү юу гэхээ мэдэхгүй алмайрч орхих нь тэр.
Тэгэхээр нь би түүнд:
- "Хэрэв чи өдөр бүр хатаасан шош, талх идэхийг хүсч байгаа бол амь
зогоохын тулд маш их үнэ төлөх болно доо. Чи талх, шош худалдаж авах гэж
таван ясаа тамтартал ажиллах хэрэгтэй болно шүү дээ. Түүний оронд
загасны түрс, оргилуун дарстай хамт зооглохыг хүссэн бол ямар ч үнэ
төлөх хэрэггүйсэн,” гэж хэлэв.
Тэр намайг тоглож байна гэж бодов бололтой тэнэгдүүхэн инээмсэглэлээ.
- "Би амьдралдаа хэзээ ч худал наргиа хийж байгаагүй хүн шүү,” гэж би нилээд захирангуй дуугаар хэлэв.
Чингэхүл тэр намайг дуулгавартайхан сонсож эхлэлээ.
"Түрс, оргилуун дарс зэрэг бол хамгийн тансаг тавилга сэлтээр чимсэн
орд харшийн дотор, гайхалтай сайхан сүрчиг анхилуулсан дээд зэргийн
бүсгүйчүүлийн турьхан гараас ямар ч үнэ төлбөргүй хүртдэг идээ ундаа юм
шүү дээ. Харин чи тийм хишгийг хүртэхийн тулд зорьж ирсэн хүн чинь
чамайг дүрэмт хувцастайгаа угтаж байхад өмнө нь хиртэй хумстай гараа
базлаад зогсож байгаа өнөөдрийн энэ төрхөөсөө тэс өөр хүн болох ёстой.
Явж хатаасан шош, хар талхныхаа төлөө хөлсөө дуслуулан ажилла л даа.
Наадах чинь л чиний асуудал,” гэж би түүнд хэллээ.
1952 оны Долдугаар сарын 17, Порт Ллигат
Орчуулсан Батсуурийн БАЯСГАЛАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих