УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015
оны төсвийн тодотголыг баталлаа. Энэ удаагийн төсвийн тодотгол олон
онцлогтой байв. Төсвийн жил эхэлж, баталсан Төсвийн тухай хууль нь
хэрэгжиж эхлээгүй байхад тодотгох тухай ярьж, төслийг нь өргөн барьсан.
Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оны өмнө УИХ-д мэдээлэл хийхдээ,
2015 оны төсвийг ямар байдлаар тодотгохоо танилцуулсан. Тэр цагаас хойш
төсөв тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд орж багагуй шүүмжлэл
дагуулсан билээ. Одонтой болон жирэмсэн эхчүүд, хүүхдийн халамжийг
хасна, хасахгүй гэдэг маргаанаар эхэлсэн төсвийн тодотголын хэлэлцүүлэг
15 яамны 17 дэд сайдыг чөлөөлнө, чөлөөлөхгүй гэдэг маргаанаар өндөрлөв.
Эцэст нь энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулъя.
2015 оны төсвийг тодотгосноор нэгдсэн төсвийн нийт орлого зургаан их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6, нийт зардал долоон их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 ч^сувьтай тэнцэхээр боллоо. Улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал нэг их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэх юм. Төсвийн тодотголын өмнө УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгуй байх заалтыг өөрчилж таван хувь болгосон.
Төсвийн тодотголын хүрээнд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60, өмч хувьчлалын орлогыг 17.9, хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус бүр нэмэгдүүлсэн юм. Харин зардлыг бууруулах чиглэлд улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг таван хувиар буюу 467.2 сая төгрөгөөр буурууллаа.УИХ дахь нам, эвслийн бүлгүүд анх удаа гишүүдийнхээ гаргасан хөрөнгө оруулалтын саналыг буцааж татсан нь энэ удаагийн төсвийн тодотголын нэг онцлог байлаа.
Тодруулбал, хөрөнгө оруулалтын зардал дээр 35 тэрбум 473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68 тэрбум 161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг хассан юм. Хамгийн их шүүмжлэл дагуулсан одонтой болон жирэмсэн эхчүүд, хүүхдийн халламжийг хасах санал унаж хэвээр үлдээхээр болсон юм. Үүнд зарцуулах санхүүжилт нь жилээс жилд нэмэгддэг учраас 2015 он төсөвт 48.5 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 20, тэтгэврийн нэмэгдэлд 15 тэрбум төгрөг нэмж тусгаж баталлаа.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих