Адольф Гитлерийн чөтгөртэй байгуулсан гэрээний тухай нэгэн зохиол
1989 онд Францад 120 мянган хувь хэвлэгдэж гарсан даруйдаа түймэр
дэгдсэн адил шажигнатал "гүйж" борлогдсон тул дахиад 250 мянган хувь
хэвлүүлж худалдаанд гаргасан гэдэг. Уг зохиолд Европын улс төрийн тавцан
дээр А.Гитлер хэмээх хэн ч үл таних нэгэн ядмаг зураач гэнэт цойлон
тодорсон үйл явдлыг өгүүлж, учир шалтгаан нь түүний 1923 онд Дрезден
хотод байхдаа чөтгөртэй уулзаж гэрээ хийснээс үүдэлтэй хэмээн тайлсан
байдаг. Зарим хүмүүс уг номыг зүгээр л ашиг хонжоо олох гэсэн уран
зохиол гэж үздэг бол, зарим нь үнэхээр бодит баримттай үйл явдал гэж
үздэг юм. 1923 онд А.Гитлер Дрезден хотноо байр хөлслөн амьдардаг жирийн
ядруухан зураач байжээ. Тэрбээр хэдэн зургаа борлуулан амь зуух мөнгөө
олдог бөгөөд хөлсний байр хэсэж яваад нэгэн чөтгөр шүглэсэн өрөөнд
санамсаргүй ордог байна.
Тэрхүү өрөөг түрээсэлсэн хүмүүс дээд тал нь арав хоноод л хаян гарч оддог учраас эзэн нь маш хямд үнэ хэлдэг байж. Даржин зураач Гитлер ч халаасандаа захирагдан хамгийн хямд өрөөнд орсон бөгөөд харин уг өрөөнд шүгэлсэн чөтгөр шулмаас айж зугталгүй, харин ч дотносон нөхөрлөж, ертөнцийг цэвэрлэх өөрийн онолоо биелүүлэхэд минь туслаач хэмээн дэмжлэг хүссэн аж. Чөтгөр түүний хариуд 100 сая хүний сүнс шаардсан байна. А.Гитлер хар багын мөрөөдөл хатуу чанд дэглэмийг тогтоож, хэрэггүй хүмүүсийг устгах хүслээ хэлж, энэ хүсэл нь ёсоор болбол асар том дайн дэгдээн 100 сая байтугай 200, 300 сая хүний сүнсээр ч тахил өргөж чадахаа хэлжээ. ИнгээД чөтгөртэй гэрээ хийсэн бөгөөд гэрээ ёсоор арван жилийн дараа буюу 1933 он гэхэд чөтгөр түүнийг нэг сая бууны эзэн болгож, эрх мэдэл хүч чадал өгөхөөр амалжээ.
Харин Гитлер хариуд нь арван жилийн дотор чөтгөрт 100 сая хүний сүнсээр тахил өргөнө хэмээн амлажээ. Ингэхдээ нэг сая бууны эзэн болсон цагаас буюу 1933 оноос эхлэн тоолж, 1943 он гэхэд 100 сая хүний сүнсээр тахил өргөчихсөн байх болно гэдгээ ч андгайлсан юмсанж. Түүнээс хойш цаг хугацаа улирсаар, 1933 онд Гитлер Герман улсын рейхсканцлераар томилогдон нэг сая бууны эзэн болсон билээ. Хэдийгээр тэрбээр эрх мэдэлд гарсан цагаасаа эхлэн амлалтаа биелүүлэхээр улайран зүтгэж, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн цэвэрлэгээ, еврейчүүдийн эсрэг геноцид, том том дайн тулаан зэргээр үй олон хүний аминд хүрсэн ч, 1943 он гэхэд хараахан 100 сая хүний амь насыг устгаж чадаагүй гэдэг. Ер нь 1945 онд шувтарсан Дэлхийн 2-р дайнд нийтдээ 100 сая хүн амиа алдсан гэж тооцдог л доо. Гэвч энэ нь Гитлерийн чөтгөртэй хийсэн гэрээний хугацаанаас хоёр жилийн дараа л гарсан хохирол билээ. Нэгэнт гэрээгээ биелүүлж чадаагүй учраас Гитлерийн бүх зүйл урвуугаар эргэж тэрбээр эцэстээ ялагдан амиа егүүтгэж, өөрийнхөө сүнсийг чөтгөрт өгсөн хэмээн уг зохиолд өгүүлдэг аж.
Хэрвээ үнэхээр чөтгөр гээч амьтан олон зуун сая хүний сүнсээр тэгтлээ ангаж цангаж байдаг юм бол, Иргэний дайн, их хэлмэгдүүлэлтээс эхлээд 20 сая хүний амиар гараа угаасан ЗХУ-ын удирдагч И.Сталин ч гэсэн чөтгөртэй гэрээ хийсэн л байж таармаар. Гэвч тэр талаар нэг ч зохиол байдаггүй бөгөөд харин бүр сүүлд Сталин өөрөө чөтгөрийн зарц байсан мэтээр өгүүлсэн нэгэн зохиол нэлээд хожуу ОХУ-д хэвлэгдэж, мөн л асар их ашиг олсон билээ. Тэгвэл барууны ертөнц яг энэ сэдвийг тоть мэт давтан Монголчуудыг нэгтгэсэн их эзэн Чингис хааныг маань чөтгөртэй гэрээ хййсний улмаас дийлэгдэшгүй хүчирхэг болсон мэтээр өгүүлсэн нэгэн ном бичиж хэвлэлтэнд оруулаад байгаа юм байна. Манай их мэргэн билигт гүүш нар удахгүй тэр номыг Испани хэлнээс хөрвүүлэн уншигчдынхаа хүртээл болгох буй за. Испанийн зохиолч Карло Денис хэмээгч Чингис хааны маань дэргэд байсан адил айхтар мэдэмхийрч, ертөнцийгзахирахын тулд чөтгөртэй уулзаж гэрээ хийсэн хэмээн бичсэн байгаа юм. Ингэхдээ зарим нэг аман домгийг тэр чигээр нь гуйвуулан авч хэрэглэсэн бөгөөд уг зохиол эхлэхдээ л монголчууд бол хүний төрлөөс өөр үндэстэн хэмээн эхэлжээ. Ингэхдээ "Монголын нууц товчоо" зохиол "Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөрт чино, Гуа марал" хэмээн эхэлдгийг шууд л ороо нь орсон азарган чоно ижилсэх гичий чоно олдоогүйн улмаас нэгэн эм марал гөрөөстэй эвцэлдэн хурьцаж, дундаас нь Батцагаан хэмээх анхны монгол хүүхэд төрж байгаагаар өгүүлжээ. Тэр хүүхэд нь анх эхээс төрөхдөө хөх цэнхэр үсээр битүү хучигдсан нэгэн байсан юм байх. Гол санаа нь ийм хүмүүн бусын амьтдын үр удам чөтгөртэй гэрээ хийлгүй ч яахав гэсэн гаргалгааг тодотгох гэж мэрийснийг нь харуулна.
Мөн зохиолынхоо дунд хэрд Алун гоо эхийг тооноор нь цовхрон харайн орж ирдэг урт шар сүүлтэй шар нохойтой эвцэлдэж, үүний улмаас духан дээрээ ганц нүдтэй хүүхэд гарчээ хэмээн өгүүлэх нь монголчуудыг ерөөсөө л мал адгуустай явалддаг адгийн муу ёрын амьтад болгон харуулах гэсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зохиолч Денис цааш нь "уран панаал"-аа үргэлжлүүлэн Чингис хаан эхээс мэндлэх үедээ гартаа цус нөж атган төрж, чөтгөр Сатаны үр удам гэдгээ харуулжээ хэмээн тунхаглаад зогсохгүй, Чингис хааныг төрөх үед тэнгэрээс асар том сүүлт од газар луу харвасан, Альпын нурууны мөсөн орой нурж унасан гэх мэтээр нэлээдгүй муу ёрын зөгнөлийг нэмж зохион иш татсан байгаа юм. Гэхдээ зохиолд Чингис хааныг маань шууд чөтгөртэй уулзаж учруулалгүй 16 нас хүргэх бөгөөд анх Мэргэдүүд довтлон хатан Бөртэг нь булааж одсоны дараа л тэрбээр гартаа цус атган уулын орой дээр гарч / Бодвол Бурхан Халдуныг хэлж байгаа бололтой/ асгартал уйлан хайлан, чөтгөрийг дуудсан бөгөөд баруун мөрөн дээрээ бараан шувуу суулгасан нэгэн бээр түүн дээр нисэн ирж байгаагаар Сатаныг дүрсэлжээ. Сатан Чингис хаан хоёр мөн л олон зуун сая хүний амь сүнсээр гэрээ хийх бөгөөд Солонгосын кинонууд дандаа л ой санамжаа алдсан хүмүүсийг дүрсэлдэг шиг Европын чөтгөрүүд цаг ямагт хүний амь сүнсээр анган цангаж явдаг юм байх.
Ингээд Сатан гэгч Чингис хаанд асар их боломжийг тавьж өгснөөр тэрбээр бүх монголчуудыг өөрийнхөө хар тугийн доор нэгтгээд зогсохгүй, цааш томоохон аян дайн хийж Евроазийн олон зуун сая хүний амийг чөтгөрт бэлэглэсэн юм гэнэ.
Францын зохиолч Гитлерийг чөтгөртэй хийсэн гэрээгээ биелүүлж чадаагүйн улмаас ялагдаж амиа алдсан гэдэг бол харин Испанийн зохиолч маань Чингис хааныг чөтгөртэй хийсэн гэрээгээ бүр хэтрүүлэн давуулж биелүүлсэн гэж бичжээ. Тийм ч учраас түүнийг Тангуд улсыг байлдан эзэлэхээр очих үед, мөнөөх чөтгөр нь цагаан өнгөтэй гөрөөсний дүрээр өмнө нь хүрч ирээд "Одоо наад аян дайнаа зогсоо .Би хүний сүнсээр цадаж бүр пологтоод болохоо байлаа" гэх ухааны юм хэлж буйгаар уг зохиолд өгүүлдэг аж.
Гэвч цусанд улайрсан Чингис хаан маань чөтгөрийн үгэнд оролгүй, аян дайнаа цааш нь үргэлжлүүлсэн учраас хэт их хүний сүнс идсээр байгаад сүүлдээ цатгалдаж ханасан чөтгөр Чингис хааны өөрийн нь амийг авснаар уг зохиол дуусдаг юм байна.
Энэхүү түүхээр тоглосон зохиолд Чингис хаан зөвхөн Алтан улс буюу Хятад руу аян дайн хийхдээ л 100 сая хүнийг цааш нь харуулаад чөтгөртэй хийсэн гэрээгээ биелүүлчихээд буцаж ирсэн гэж бичжээ. Гэвч гэрээ дууссан гээд амар жимэр суусангүй, амилсан чөтгөр гэлтэй улам бүр цусанд улайран Хорёзм руу довтолж 40 сая хүнийг алж устгасан юм байх. Ургенч, Самарканд, Бухар гээд тус бүр нь 2 сая хүн амтай хотын иргэдийг бүгдийг нь алж дуусгаад, хотыг нь газартай тэгшилж байсан мэтээр бичсэн байгаа юм. Тангүд улсыг хоёр удаа байлдан дагуулахдаа хорин сая хүн устгажээ.
Зэв Сүбээдэйн цэргүүд Кавказад арван сая хүнийг, Оросын тал нутаг руу ороод 15 сая хүнийг ногоо хэрчиж байгаа юм шиг амархан алчихаад нутагтаа буцаж ирсэн гэнэ дээ. Мөн Чингис хаан Сибирь рүү халдаж, таван сая хүн устгасан ч тоо нь цөөхөн байна хэмээн голж, сэтгэл үл ханасан тул Солонгос руу довтолж, ахин арван сая хүн устгасныхаа дараа л бага зэрэг тайвшран буцаж ирсэн ажээ. Ийнхүү Чингис хаан амьд ахуйдаа чөтгөртэй хийсэн гэрээгээ нэр төртэйгээр хоёр дахин нугалж давуулан биелүүлсэн учраас чөтггөрийн хаан Сатан үр удамд нь ахин дэлхийн талыг байлдан дагуулах эрх хүчийг өгсөн гэнэ. Чингисийн үр хүүхдүүд манай Европт хүртэл халдан ирж, арван сая хүний амь хөнөөгөөд буцсан билээ гэж Дэнис бичжээ.
Ийнхүү бараг хагас тэрбум хүний аминд хүрсэн монголчууд харин хичнээн цэрэгтэй байсан талаар Дэнис огтхон ч тоо баримт дурдаагүй бөгөөд шороо шиг олон монголчууд, тоо тоймгүй, тэнгэрийн од шиг олон дээрэмчин монголчууд гэх мэт үг хэллэгийг ихэд хэрэглэсэн байгаа юм. Ийнхүү барууны ертөнцөд Чингис хааныг маань Загалмайтны шашны хамгийн муу ёрын сүнс Сатантай гэрээ хийсэн, хүмүүн бусын амьтны үр удам гэж тодорхойлсон нэгэн ном мөнгө болгох зорилгоор төрөн гарчээ.
Цаашдаа их эзэн Чингис хааныг маань гомо ижил хүйстэн, мал адгуустай явалдагч болгон дүрсэлж, мөнгө олох ном зохиолууд ч хэвлэгдэн гарахыг үгүйсгэх аргагүй л юм. Тиймээс зөнч Мухаммедийг доромжилсон хүмүүсийг арабууд залхаан цээрлүүлдэг шиг, "Их эзэн Чингис хааныг маань гутаан доромжилсон гадаадын хүмүүсийг залхаан цээрлүүлж байвал яасан юм бэ?" гэсэн арга ядсан санаа ч төрөх л юм. Үнэхээр монголчууд бидний дээдлэн шүтдэг их эзэн Чингис хаан маань аль нэг улсын хийх юмаа олж хэл нь хорсож, гар нь загатнасан захын нэг муу иргэн дураараа доромжлон тохуурхаад сууж байх өчүүхэн зүйл биш шүү дээ.
Тиймээс Испанийн засгийн газарт эсэргүүцлийн нот бичиг илгээхээс эхлээд Монгол улсын засгийн газраас олон улсад хандан мэдэгдэл гаргах ч юм уу, ямар нэгэн үзэл суртлын хариу арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Уг нь болдогсон бол нөгөө Магнайгийн хэлдгээр Төрийн сүлдийг өмчилнө гэдэг шиг, Чингис хааны нэр сүрэнд халдахыг хуульчлаад орхих юмсан.
Даанч тийм хууль хичнээн гаргаад, гадны улс орнуудад сахиулах маань юу л бол. Энэхүү испани зохиолын санааг сонссон даруйдаа "Нээрээ магадгүй юм шүү. Хар хүч, чөтгөр шулмын адын шидийг ашигладаггүй л юм бол тийм цөөхөн монголчууд яаж амжих вэ. Харин ч тэр үед бөө мөргөлтэй байсан юм чинь жинхэнээсээ муу ёрын сүнс, чөтгөртэй уулзаж болж байсан байж таарна. Чингис хаан маань үй олон сая хүний аминд зүгээр ч нэг хүрээгүй байх аа" хэмээн тэнэглэх монголчууд ч бас цөөнгүй байгааг дурдах нь зүйтэй.
НОЦТОЙ МЭДЭЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих