БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Хиа багш буюу Кан Ба Ши дүүргийг
"Чөтгөртэй хот" хэмээн гаднынхан хэлэлцэх бөлгөө. Тэрбум 300 сая гаруй
хүн амтай Хятад орны нэгээхэн хэсэг, үзэсгэлэн төгөлдөр Кан Ба Ши-д
оршин суух хүн цөөхөн тул ийм "хоч"-ийг өрнийхнөөс хүртэхэд хүрчээ.
Гэвч аж төрөн суугчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэхүү хот үзэсгэлэн төгөлдөр. Хаашаа л харна, монгол үндэсний хэв загвараар бүтээж босгосон хөшөө, баримал, байшин сав, цэцэрлэгт хүрээлэн дүүрэн. Тэдний дундаас "Чөтгөртэй хот"-ын чимэг болсон усан оргилуур, шатрын дүрсүүдээр чимэглэж бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн хараа булаана. Усан оргилуурын хувьд цөл газар байгуулсан гэдгээрээ АНУ-ын Лас-Вегасын оргилуурын дараа дэлхийд хоёрт орно. Үдшийн бүрийд өндөрт цацрах ус өнгө өнгийн гэрлээр амилан хөгжмийн эгшгийн аясаар уран нарийн долгилох нь бүжигчин охид биелэх мэт.
Шатрын дүрсээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнд очиход
асар том шатрын хөлөг дотор буй биеэрээ нэгэн эд эс нь болон ууссан шиг
санагдах нь сонин. Хар, цагаан талыг алтлаг, мөнгөлөг өнгөөр ялган
харуулжээ.
Бэрсийг ирвэс, шатрын хүүдийг арслангаар дүрсэлсэн
харагдана. Алтан хааных үхэр тэрэгтэй, морь, тэмээг нь унагатай гүү,
ботготой ингээр төлөөлүүлжээ. Мөнгөн хааных тэмээн тэрэгтэй, хурдан
морь, ачлагын тэмээтэй. Цэцэрлэгийн хоёр талаар эгнүулсэн алтан, мөнгөн
хааныхан нэг нэг хүүгээ өмнөө түлхчихэж. Эдгээрийг талбайн гол дахь
өндөрлөгөөс харж зогсоход хэзээ мөдгүй уран нүүдэл хийх эзнээ хулээн
байх шигээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих