
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн "Аваргуудын лиг”-ийн энэ улирал өнөө шөнө үргэлжлэн явагдана. Хагас шигшээд оноолт таарсан Италийн "Ювентус”-Испанийн "Реал Мадрид” Турин хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эхний тоглолтыг хийнэ. Мөн хариу тоглолт Мадрид хотын "Сантьяаго Бернабеу”-д долоо хоногийн дараа болох юм.
Өнөө жилийн хагас шигшээд үлдсэн дөрвөн баг бүгд "Аваргуудын лиг”-т өмнө нь түрүүлж байсан юм. Хамгийн сүүлд 2012-2013 оны улирлын шөвгийн дөрөвт Германы "Бавари Мюнхен”, "Боруссия Дортмунд”, Испанийн "Реал Мадрид”, "Барселона” гэсэн аваргууд "дэлдэн чихт” цомын төлөө өрсөлдсөн. Энэ улиралд Италийн "Ювентус” олны анхаарлыг татаж байна. Тэд 2002-2003 оны тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Харин түүнээс хойш 12 жил хагас шигшээд үлдэж чадаагүй байлаа.
"Хуучин ноёд” хэсгийн шатанд Шведийн "Мальмё”-г 2:0, 2:0, Грекийн "Олимпикос”-ыг 3:2, 0:1, Испанийн "Атлетико Мадрид”-тай гэртээ 0:0-ээр тэнцэж, айлын талбайд 1:0-ээр хожигдсон. Мөн шөвгийн 16-д Германы "Боруссия Дортмунд”-ыг 3:0, 2:1, шөвгийн наймд Францын "Монако”-г талбай дээрээ 1:0-ээр хожиж, зочлон тоглохдоо 0:0-ээр тэнцэж шөвгийн дөрөвт үлдээд байна. Харин хагас шигшээд Испанийн алдарт "Реал Мадрид”-тай тоглоно.
Дээрх хоёр баг 1992-1993 оноос хойш олон удаа таарахад хожил, хожигдол тэнцсэн. Мөн энэ дуэлийн онцлох явдал нь "Ювентус” 1997-1998 оны улирлын шигшээд Эзэн хааны багт 1:0-ээр ялагдаж байсан нь хамгийн харамсалтай зүйл билээ. Харин энэ удаа 15 жилийн өмнө ялагдлын хариугаа авч чадах эсэхийг харах л үлдэж байна. Гэхдээ "Ювентус” 2003 онд мөнгөн медаль хүртэхдээ шөвгийн дөрөвт "Реал Мадрид”-ыг хожиж байсан түүхтэй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих