Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойн ёслолын жагсаал болж өндөрлөлөө. Энэ жагсаалыг дэлхийн 30 гаруй орны төр, засгийн тэргүүн үзэж сонирхсон бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй олон зочид төлөөлөгч хүрэлцэн ирсэн байв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс дайны туршид Зөвлөлт улсад өмөг түшиг болон тусалж дэмжиж байсныг онцлон тэмдэглэлээ.
Тус улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москвагийн Улаан талбайд болж байгаа Ялалтын парадыг хүндэт зочдын суудлаас үзэж сонирхов. Монголын дайчид Ялалтын баярын жагсаалд оролцож, анх удаа Улаан талбайд алхан Монгол цэргийн сүр хүчийг дэлхийн олон орны удирдагчдын өмнө харууллаа.
Улаан талбайн Ялалтын парадад нийт 16 мянган цэрэг дайчид оролцсон байна. Ялалтын 70 жилийн ойн сүрт жагсаалд Монгол, Энэтхэг, Хятад, Туркмен, Казахстан, Армен, Серб, Киргиз, Белорусь, Азербайжан зэрэг улсын нийт 730 орчим цэрэг дайчин анх удаагаа Улаан талбайд жагссанаараа онцлог болов.
Цэргийн сүрт жагсаалын эхэнд 16 мянган явган цэрэг нэг хүн шиг хайрцаглан алхсаны дараа дайнаас хойшхи бүх он жилийн 194 нэгж техник талбайд гарч ирэв. Жагсаалыг эх орны дайны домогт зэвсэг болох Т-34-85 дунд танк, өөрөө явагч их буу СУ-100 зэргийн техникүүд толгойлжээ. Эдгээр машинуудыг түүхийн клубуудын идэвхтнүүд засч сэргээсэн байна.
Орчин үеийн хуягт авто машин "Тигр", хуягт тээвэрлэгч БТР-82А, нэмэгдүүлсэн хамгаалалт бүхий хуягт автомобиль "Тайфун-У", десантын байлдааны машин БМД-4М, десантлагдахад зориулагдсан хуягт тээвэрлэгч БТР-МДМ "Ракушка", "Курганец-25" гэх ирээдүйтэй гинжит суурин дээр бүтээсэн БТР ба БМП, "Армата” гинжит хүнд суурийн БМП Т-15, байлдааны үндсэн танкууд Т-90 болон Т-14 "Армата" дунд танк, ирээдүйн өөрөө явагч их буу "Коалиция- СВ", "Искандер" гэх пуужинт цогцолбор, ТОР-М2У, БУК-М2, "Панцирь-С", С-400 маркийн агаараас хамгаалах пуужинт төхөөрөмжүүд, тив алгасан нисэх "Ярс" пуужин, "Бумеранг" гэх дугуйт сурийн хуягт тээвэрлэгч Улаан талбайгаар дайран өнгөрөв.
Дараа нь Улаан талбай дээгүүр 200 метрийн өндөрт онгоц, нисдэг тэрэг, стратегийн бөмбөгдөгч онгоц, агаарт шатахуунаа цэнэглэгч 21 төрлийн онгоц нисэв. Парадын төгсгөлд 15 МиГ-29, Су-25 онгоцууд "70" гэсэн тоог, Зургаан Як-130, зургаан Су-25 онгоц нисч Оросын төрийн далбааны өнгийг тэнгэрт урласан нь сонирхолтой байлаа. Москва хотод Ялалтын баярт зориулсан нийт 2000 гаруй арга хэмжээ болох бөгөөд 20 мянган цагдаа хамгаалалтад ажиллаж байгаа аж.
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт зориулсан баярын салют ОХУ-ын нийслэл баатар хот-Москвагийн цагаар оройн 20.00 цагт эхэлжээ. Баярын салютыг цэргийн Баруун тойргийн ёслолын буудлагын 449 дүгээр тусгай дивизион үйлдсэн байна. Их ялалтын ойд зориулж энэ удаа 10 минутын хугацаанд ёслолын буудлагын 72 төхөөрөмж, 18 их буугаар нийтдээ 30 удаа буудаж нийтдээ 10 мянган салют хөөргөжээ.
Энэ буудлагыг Оросын нийслэлийн 16 цэгээс тус бүр 105-310 мм-ийн калибртай зургаан төхөөргөөр буудаж байна. Бууны хувьд янз бүрийн калибртайгаас гадна өөр өөр өнцгөөс буудаж байгаа салют тэнгэрт өөр өөр өндөрт гараад 50 төрлийн хэлбэрээр задарч, их ялалтын сүрийг илэрхийлнэ гэж ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд дурдсан билээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих