Тэрүнофүжигийн үе эхлэв үү
Өнгөрсөн ням гаригт Токио хотноо өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн сүмод нэгэн үе дуусах дөхөн, шинэ үе гарч ирж байгааг яруу тодоор харууллаа. Сэкивакэ Тэрүнофүжи залуу насны ааг, эрч хүчээр ааглан түрүүлсэн нь мэргэжилтнүүдэд ийнхүү дүгнэх үндэс болж өгч байгаа юм. Сүмо тайлбарлагч, ёкозүна асан Китанофүжи "Хакүхогийн үе дахиад хэсэг үргэлжлэх байх гэж бодож байсан чинь үгүй бололтой. Цаашдаа ёкозүна Хакүхо, озэки Тэрүнофүжи, сэкивакэ Ичиножёо нарын хооронд л өрсөлдөөн явагдах болов уу. Үлдсэн аварга, арслангууд ер нь бараг боломжгүй болж эхлэх шинжтэй. Озэки Тэрүнофүжи ч гэж дээ, удахгүй ёкозүна болох нь тодорхой” гэж ярьсан. Сүмогийн ояката нарын яриагаар бол барилдаан нь тогтоогүй, хэнийг ч унагаах дархан мэхтэй болоогүй, зарим үед хаа хамаагүй барилддаг зэрэг олон дутагдалтай байж башёд түрүүлнэ гэдэг цаашдаа олон юм сурч, туршлага суугаад ирэхээр ёстой л хэнд ч дийлэгдэхгүй босоо аварга болох нь ойлгомжтой гэнэ. Ялангуяа озэки цолны болзол сонссон тэмцээнийхээ эхний өдөр өвдөг шороодсон ч сэтгэлээр унаж, шантралгүй эцсээ хүртэл тэмцсэн нь хэр баргийн юманд сэтгэлийн хатуужилтайг нь харуулсан. Тэрүнофүжи хэмээх Гантулгын Ган-Эрдэнэ Японы Эзэн Хааны цомыг хүртсэн Монголын зургаа дахь бөх. Мэргэжлийн сүмод ороод 25 тэмцээнд барилдаад башёд түрүүлсэн нь сүмогийн бүх цаг үеийн түүхэнд 3-т бичигдэж байна. Түүний өмнө Таканохана, Асашёорюү гэсэн хоёр их аварга л бий. Мөн сэкивакэ цол хүртсэнийхээ дараа хоёр тэмцээнд барилдаад л түрүүлсэн амжилт нь сүмогийн урт удаан түүхэнд 64 жилийн өмнө л тохиолдож байжээ. Ийнхүү Монголын сүмогийн шинэ од Тэрүнофүжи анхныхаа түрүүг арслан цолтой нь хамт авлаа. Энэ сарын 27–нд Сүмогийн холбооноос албан ёсоор Озэки Тэрүнофүжи төрөн гарсныг зарлах болно. Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ 1991 оны 11 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо төрсөн. Монголд байхдаа Ц.Шийрэв багшийн гар дээр жүдо бөх заалгаж байгаад 2009 онд Дархан аварга Ж.Мөнхбатын урилгаар Наран орныг зорьжээ. Ж.Мөнхбат аварга тэр үед л түүнийг юм дуулгах хүү хэмээн үнэлсэн байдаг. Японд ирээд Тоттори Жёохокү дунд сургуульд элсэн, сүмогийн тэмцээнд орж эхлэв. Энэ сургуульд мөн Монголын Ичиножёо, Таканоива нар суралцан төгссөн юм. Японд анх ирэхдээ Г.Ган-Эрдэнэ, Ичиножёотой хамт нэгэн онгоцоор ирж байсан гэдэг. Дунд сургуулиа төгсөөд Японы урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцэж, эцэг эх нь ч хүүгээ урлагийн хүн болгох бодолтой байсан ч Г.Ган-Эрдэнэ хүү мэргэжлийн сүмог сонгосон юм. Өсвөр үеийн хэд хэдэн тэмцээнд түрүүлж, 2010 оны зун нь Бүх Японы дунд сургуулиудын тэмцээний аварга болсон түүнийг мэргэжлийн сүмод ороход нь сэтгүүлчид ихээхэн анхаарал тавьж байлаа. 2011 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмогийн "Магаки” дэвжээнд элсэн, Вакамишёо нэрээр барилдах болов. Мэргэжлийн сүмогийн доод хэдэн зиндааг ганц ганц тэмцээн барилдаад л дэвшсэн Вакамишёо мэргэжлийн сүмогийн ояката нарын анхаарлыг татаж эхэлсэн нь жонидан зиндаанд барилдаж байх үе. Бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийн үеэр жониданы монгол залуу макүшита зиндааны хашруудыг дараалан өвдөг шороодуулж байгааг хараад гайхсан ояката нар дээд зиндааны Дайдо хэмээх бөхийг залуу бөхийг хашраагаад өг хэмээн гаргажээ. Харин Вакамишёо дээд зиндааны цолтой бөхийг дөрөв дараалан хаяж, ояката нь зогсоогоогүй бол унагасаар л байх байлаа. Алдарт Таканохана ояката түүнийг эргэлзэх юмгүй "Ирээдүйн од” хэмээн нэрлэсэн бол сэтгүүлч нар "Шинэ Асашёорюү” гэж цоллосон. 2013 оны нэгдүгээр сард Магаки дэвжээ хаагдан, Исэгахама дэвжээнд шилжин ирсэн нь залуу бөхийн хувьд сайхан боломж болсон юм. Учир нь энэ дэвжээнд ёкозүна Харүмафүжи, маэгашира Аминишики гэсэн алдартай бөхчүүд байсан тул ах нараасаа сурч мэдэх зүйл их байлаа. Шинэ дэвжээнд ороод гуравхан тэмцээний дараа жюүрёод дэвших болсон Г.Ган-Эрдэнэд багш нь ихээхэн итгэл найдвар хүлээлгэж, Вакамишёо нэрийг нь өөрчлөн, мэргэжлийн сүмогийн хоёр аваргын нэрийг өгсөн юм. Исэгахама ояката өөрөө Асахифүжи нэрээр барилдаж байсан ёкозүна хүн. Мөн Исэгэхама дэвжээний домогт аварга Тэрүкүнигийн нэрнээс Тэрүг нь авч, өөрийн нэрний Фүжиг залган, Тэрүнофүжи буюу Гэрэлт Фүжи хэмээн нэрлэсэн нь шавиа ирээдүйн ёкозүна гэдгийг бэлгэдсэн хэрэг байв. Жюүрёод дэвшсэн анхны тэмцээндээ түрүүлж, удалгүй дээд зиндаанд дэвшсэн. Дээд зиндаанд сургуулийн анд Ичиножёо нь түрүүлэн тодорч, сэкивакэ цол хүртэж байсан ч Тэрүнофүжи цагаа хүлээж байлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд сэкивакэ цолтой анх барилдахдаа 13 ялсан нь түүхэнд нэгээр бичигдэж, их аварга Хакүхог унагаасан нь олныг шуугиулсан билээ. Жюүрёод дэвшиж байхдаа Эндог, дээд зиндаанд Ичиножёог өрсөлдөгчөө хэмээн нэрлэж байсан боловч хэдийн давж гаран, одоо харин их аварга Хакүхотой л ана мана үзэлцэх болжээ. Аварга том бие, аагтай омголон зантай ч харин сүнснээс ухаангүй айдаг сул талтай гэнэ. Хөдөө тойргийн барилдааны үеэр ганцаараа нэг өрөөнд орохгүй гэж зүтгэсэн удаатай. Аймшгийн кино үзэж чаддаггүй гэх ч үе үе сэтгүүлчдийг гайхуулсан том мэдэгдэл хийдэг. 2014 онд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд "Анхнаасаа л түрүүлнэ гэж мэдэж байлаа. Ганц хоногт барилдаад дуусчихдаг болохоор 15 хоног барилддаг башёгоос амархан юм” гэж ярьж байв. Гэхдээ тэр хэлсэн бол хийдэг, амалсан бол гүйцэтгэдэг гэдгээ батлан харуулсаар байгаа. Дэвжээнийхээ шинэ жилийн баярын үеэр энэ жилдээ багтаан озэки болно, удахгүй тэмцээнд түрүүлэх болохоор Японы Төрийн дуулал сурахгүй бол болохгүй нь гэж ярьж байснаа хэдхэн сарын дотор л биелүүлчихлээ. Ийм нэгэн монгол залуу мэргэжлийн сүмод шинэ үе гарч ирснийг зарлан тунхаглаад байна. Монголын сүмогийн шинэ од Тэрүнофүжи мэргэжлийн сүмогийн оргил болох ёкозүна цол өөд анхны алхмаа хийлээ.
Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/63602
Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/63602
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9761
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих