Одоогоор 150 гаруй суманд интернэт хэрэглэж байна. Ингэснээр Улаанбаатар хоттой ижил амьдрах нөхцөл, мэдээлэл, харилцааны боломжийг ард иргэддээ бий болгож буйг яавч буруутгах аргагүй хөгжил дэвшил юм. Үүний үр дүнд 2006 онд интернэт хэрэглээний үнэ огцом буурсныг бид мэднэ. Ингэж монголчуудын хувьд интернэт нь энгийн хэрэглээ болох сайхан зам бий болсон. Гэтэл энгийн хэрэглээ хэтийдсэн хэрэглээ болж хувирлаа гэдэг нь сайн зүйл эргээд муу зүйл болж хувирч буй хэрэг юм. Хэрэглээгээ хүн удирдаж, зохицуулдаг. Хэнд ч ойлгомжтой, тодорхой логик нь энэ. Гэтэл интернэт хэрэглээний хувьд хүн түүнийг удирдах бус, харин эсрэгээрээ удирдуулж эхлээд байгаа нь аюултай. Хазааргүй учраас хязгааргүй хэрэглэх ад шуналд автаж, донтож, гэр бүл, нийгэм, улс орны суурь бүтцэд хүртэл муугаар нөлөөлж байгаа тухай хүн болгон л ярьдаг болсон билээ.
Интернэтэд донтох гэдгийг компульсив буюу интернэт заавал хэрэглэж байж санаа нь амардаг гэх утгаар тодорхойлдог. Тэгвэл бидний хэдэд нь ийм рефлекс, зан байдал илэрдэг болсон тухай уншигч авхай та нэг тунгаагаад үзээрэй. Интернэтэд донтох энэхүү байдлыг DSM буюу сэтгэцийн өвчний ангилалд шууд оруулан үздэггүй. Гэхдээ ийм чиглэлийн судалгааг дэлхийн олон сэтгэл зүйчид хийгээд эхэлсэн байна. Интернэтэд холбогдох хүслийнхнь давтамжаар, мөн түүниигээ захирч чадаж буй эсэхээр донтолтыг тодорхойлдог аж.
Тухайн хэрэлэгчийг интернэтэд донтох шалтгаануудад блог болон веб хуудас хэсэх, онлайн дэлгүүрээр худалдан авалт хийх, муёёуж бичих, порнограф, сошиал харилцаа зэрэг зүйлс нөлөөлөх хүчин зүйлс болж байна гэж үздэг. Үүнийг дагаад ухаалаг утас, компьютер гэх мэт технологийн дэвшилтэт хэрэгслүүдийн хэрэглээ өндөрссөнийг ч донтолтод хүргэх бэлээхэн хөрс гэж дүгнэж байна.
Тэгвэл Монгол Улсын интернэт хэрэглээний нөхцөл, боломжууд нь эдгээрийг бүрэн хангаж байна. Хэн хүссэн нь ямар ч цагаар интернэтийг хэрэглэж чадаж байгаа шүү дээ. Гэтэл энэ хэрэглээнд зайлшгүй хязгаарлалт., үгүй гэхэд ямар нэг хазаар хэрэгтэй байна.
Хэрэглээ хэтэрснээс үүдэж, Монгол Улсын интернэт түгээгч компаниудад бэрхшээл тулгарчээ. Монголын Gebnet, Bagicnet, Railcom, Mobinet, Micom, Univision, Skymedia, Ситинэт зэрэг Монголын түгээгч компаниуд интернэт импортын зардалд жил бүр 2-3 сая америк доллар зарцуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, тэд нэг дата хэрэглэгчийн өмнөөс 100-150 долларыг интернэт түгээж буй гадаад компанид төлж, биднийг интернэтээр хангадаг аж. Гэтэл бид интернэт хэрэглэснийхээ төлөө 150 доллар хэзээ ч төлдөггүй. Харин бид өөрсдийнхөө төлдөг төлбөрөөс 20 дахин илүү их хэмжээний хэрэглээг авч ашигладаг. Энэ нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манай улсын иргэд интернэтийг хамгийн бага зардлаар авч хэрэглэдэг гэсэн үг. Тэгээд дээр нь ямар ч хязгаарлалтгүйгээр. Бусад оронд интернэтийг хязгаарладаг жишиг бий. Дэлхийн олон улс интернэтийг хөгжил дэвшлийн нэг илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч түүнд хэзээ ч бүрэн "эрх чөлөө” олгож байгаагүй ажээ. Тухайлбал, Хятад, Иран зэрэг улсад порнограф, мөрийтэй тоглоом, бэлгийн амьдралын мэдээлэл бүхий вэб сайтуудыг хориглох байдлаар тэмцдэг. Мөн нийгмийн контент, бусад улс төрийн контентод ч шүүлт буюу хориглох тэмдэг хэрэглэдэг байна. Куба улсад интернэт хэрэглэгчийн зүгээс "хориотой үгс”-ийн төрлийг сонгож хэрэглэх гэвэл тус хэрэглээг автоматаар хаах юм уу, анхааруулга өгдөг. Бидний интернет хэрэглээ нь бүрэн эрх чөлөөтэй гэж ойлгодог АНУ-д ч тодорхой хязгаарлалт, хэрэглээний таналтуудыг хийж өгөх гэж хэд хэдэн удаа оролдсон байх юм. Харамсалтай нь тэдгээр оролдлого хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах гэсэн үйлдэл хэмээн шүүмжлэлтэй тулгарч бүтэлгүйтэж байжээ.
Тэгвэл монголчууд интернэтийн ийм их хэрэглээний үр нөлөөг гаргаж чадаж байгаа юу. Мэдээлэл хүлээн авах, хөгжил дэвшлээс хөл хоцрохгүй байх, нийгмийн бүхий л төрлийн харилцаанд оролцож буй утгаараа мэдээж үр ашгаа үзүүлж буй. Гэвч энэ хэрэглээг хэтрүүлэх хэрэг байна уу гэх зүй ёсны асуулт гарч байна. Зохистой зөв хэрэглээ, хэмжээ хязгаарын тухай ярих цаг болсон юм биш үү. Зохистой зөв хооллолт гэдэгтэй утга нэг. Хэт их хэрэглээний хор уршиг бидний үр хойч, ирээдүй болсон хүүхдүүдэд илүү тусч байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.
Интернэт нэвтэрсэн он жилүүдэд хүний амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгджээ. Хүүхдийн гэр бүлийн хүмүүжлийн талаар ярихад интернэтийн үзүүлэх нөлөөг бас ярих шаардлагатай болж ирж байна. Хүүхдүүд аав ээж, найз нөхөдтэйгөө цагаа өнгөрүүлэхээс илүү цахим ертөнцөд цагаа зарцуулж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад бага насны хүүхдүүд зурагт үзэх нь ч эрс буурсан дүр гарсан бөгөөд интернэт хэрэглээ нь харин огцом өсчээ. Манай улсад анх компьютерт донтсон хүүхэд 2004 онд "Сэтгэцийн эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байсан бол түүнээс хойш жил ирэх тусам тус эмнэлэгт хандах хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Хүүхдүүд интернэтэд донтох нь илт. Хэрэв эцэг эх нь түүнээс холдуулах гэж оролдсон үед дургүйцэж, эсэргүүцсэн байдалтай хүлээн авч эхэлбэл тэдний эрүүл мэнд, сэтгэл санааны байдал тодорхой хэмжээгээр хараат болсныг илэрхийлдэг аж. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар интернэт тоглоом болон интернэт хэрэглээнд донтож буй хүмүүсийн тархинд ирж буй өөрчлөлт нөлөөлөл сэтгэц идэвхит бодис буюу мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн тархинд ирж буй өөрчлөлт, нөлөөлөлтэй ижил байна гэж үзжээ.
Түүнчлэн өдөрт олон тоогоор Selfie-/self-portrait photograph/ хийгчдийн хувьд өөрийн үнэлэмжиндээ сэтгэл дундуур, эргэлзэх хандлагатай хүмүүс бөгөөд тэдний хувьд цуглуулсаи лайк, эерэг сэтгэгдэлтэй комментод ач холбогдол өгч, түүгээр дамжуулан өөрийн үнэлэмж болоод өөрийгөө илэрхийлэх нийгэмтэй харилцах харилцаагаа тогтоодог. Энэ мэт үзэгдлүүд нь интернэтийн зах хязгааргүй эрэлт хэрэгцээг үүсгэж, улмаар энэ хэрэглээнийхээ боол болох зам руу хүн төрөлхтөн явж байгааг дэлхийн олон эрдэмтэн сэтгэл түгшин зарлах болжээ. Интернэтийг хэрэглэх нь зөв, хэтрүүлэх нь буруу. Гэвч бид өөрсдөө түүнийг тохируулан хэрэглэх боломж хазаартай. Учир нь интернэт биднийг хэдийнэ эрхшээлдээ оруулсан. Эцэст нь хэлэхэд интернет гэх энэ зах хязгааргүй ертөнцөд хил хязгаартай амьдармаар байна.
АРДЫН ЭРХ