Төрийн Өмчийн Хорооны дарга асан, Ардчилсан Намын гишүүн Д.Цогтбаатартай уулзаж улс төр, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын их хурал болж өнгөрлөө. Энэ намын анхан шатны нэгжээс эхэлж удирдах албыг нь хашиж явсан жирийн гишүүний хувиар намаа шинэчлэх үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ, шинэчлэх зорилгодоо хүрсэн үү?
-Ардчилсан намын шинэчлэгдэх үйл явц уг нь нэлээд эртнээс эхэлсэн шүү дээ. Энэ бол анхан шатандаа дунд шатандаа яригдаж байсан л асуудал. Ер нь бол үечлээд аваад үзэх юм бол 1989, 90-ээд оноос 1998 он хүртэл Ардчилсан нам бол өөрийн үзэл санаа, концевц, үнэт зүйлсээрээ яг зарчмаараа явж байсан. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялж төрийг барих эрх мэдлийг анх удаагаа олж авсан түүхэн үе л дээ. Энэ үед шинэ залуу боловсон хүчинтэй улс төрийн хувьд маш хүнд байсан. Тийм нөхцөлд төрийг барьж явна гэдэг амаргүй ажил шүү дээ. Ингэж яваад үнэт зүйлээ яагаад гээчихсэн гэхээр албан тушаал гэдэг юм ийм байдалд оруулдаг юм байна. Анх 90-ээд оны залуучууд бид ардчиллыг юу гэж ойлгодог байсан гэхээр эрх чөлөөн дээр тулгуурласан үзэл бодолтой байсан. Ер нь бол монголын нийгэм эрх чөлөөтэй л болох ёстой, социализмыг сайжруулъя л гэж анх зоьсон. Шууд ардчиллыг байгуулъя гэсэн сэтгэлгээ анх бол байгаагүй. Үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой байх гэж бодож байна. Өөрчилье, шинэчлэгдье гэсэн зүйл яваад л байсан. Тэр юм нь одоо хүртэл хадгалагдаад яваад байгаад харамсаж байгаа юм. Өнөөдөр ардчилсан намын их хурал яагаад өөрчлөгдөж, шинэчлэгдэхгүй ийм байдалд хүрчихэв гэхээр хэдхэн улсууд эрх мэдлийг төвлөрүүлчихсэн. Томоор аваад үзэх юм бол нэгдүгээрт: Монголын нийгэмд аюул учирчихлаа. Өнөөдөр ардчиллынхаа үнэт зүйлсийг хамгаалж, түүнийг баталгаажуулахын төлөө явж байгаа юм алга. Ардчилал гэдэг хийчихээ л ханадаг асуудал биш байхгүй юу. Саяхан олон жил монголд ажилласан, сүүлд элчин сайдаар ажиллаж байсан Японы элчин сайд хэллээ шүү дээ. Ер нь энэ ардчилал хамгаалах хэрэгтэй шүү гэж. Гадны хүний нүдээр хэлчихлээ шүү дээ. Одоо нүдэн дээр харагдаад байгаа. Тэгэхээр бидэнд бол ардчилалд аюул учирчээ гэж. Энэ нь намын шинэчлэл гэдгийг ерөөсөө явцуу ойлгомооргүй байна. Нийгмийг дахиад шинэчлэх хэрэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр тэр үеийн залуучууд эрх чөлөөгөө олохын төлөө явсан учраас гэгээлэг байсан. Одоогийн залуучууд бол энэ тэгш эрх, тэгш хуваарилалт дээр тулгуурласан ийм юман дээр яваад байгаа байхгүй юу. Жишээлбэл баялагтай болчихлоо. Баялгаа яаж хуваарилах вэ, ард түмэндээ яаж хүргэхэв гээд тэгш хуваарилалтын үе эхэлчихлээ шүү дээ. Эндээс болоод монголын улс төрчид, намууд ямар байдалд хүрсэн гэхээр намуудын тогтолцоонд өөрчлөлт оруулах, болохгүй бол энэ өнөөгийн тогтолцоо нь намууд өөрчлөлт хийх боломжгүй болчихжээ. Анх бид энэ их хурлыг өөрчлөлт хийх нь байна гэж бодсон уу, бодсон. Жирийн гишүүний хувьд ингэж бодсон. Гэтэл энэ хүлээлт жаахан сэтгэлд хүрсэнгүй. Юун дээр харагдсан гэхээр анх зохион байгуулалт дээрээс харагдсан.
-Жишээлбэл ямар?
-Шоу хэлбэр. Юу вэ гэхээр хуучин нийгмийн улс төрийн товчоо ард түмнээс айгаад ер нь аль болохоор юмыг нуудаг, хаадаг ийм байлаа. Тэгвэл энэ эрх мэдэлд хүрсэн бүлэглэл яг тэр алдааг давтаж эхэлж байна. Өнөөдөр жирийн гишүүдээсээ үг сонсъё гэдгээсээ айдаг болчихсон байна шүү дээ. Тэгээд яагаад шоу хэлбэрт орсон гэхээр өнөөдөр ардчилсан нам сонгуульд ялагдсан гэдгээрээ их хурлаа хийх ёстой байсан. Тэнд улс орны амьдрал яригдах нь гарцаагүй. Гэхдээ хамгийн гол нь намын асуудлаа ярих ёстой байсан. Нам өнөөдөр ямар байдалд орчихов гэдгийг судалгаатай ярих байсан. 90-ээд онд ямар байдлаас энэ нам үүссэн юм, тэр явц дундаа ямар үнэт зүйлсээ хамгаалж ажилласан, иргэд гишүүд рүүгээ яаж хандаж байсан юм, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байсан зэрэг асуудал. Гэтэл тэр хурал дээр жирийн гишүүдийн үгийг бага сонсъё, зүгээр шоу болгоод ялалт байгуулсан сумууддаа туг гардуулах баяр маягтай юм хийсэн. Харгин манай жирийн гишүүд өөрсдөө ардчилалтай учраас тэр шүүмжлэлийг өөрсдөө өрнүүлсэн. Тэр нь амьд харагдсан учраас ийм алхам руу орохоос өөр аргагүйд хүргэсэн. Тэрнээс биш эрх барьж байгаа нөхдүүд хэзээ ч түүнийг хүсээгүй.
- Л.Эрхэмбаяр дарга намын даргаа нийт гишүүдээрээ сонгох сунгаа явуулах боллоо. Энэ бол шинэчлэлийн эхний алхам гэж мэдэгдэж байна. Үүнийг жирийн гишүүд та бүхэн юу гэж ойлгож байгаа вэ?
- Анх энэ хурлыг зохион байгуулсан нөхдүүд намын даргыг аль болох, ҮЗХ, их хурлаасаа сонгочих арга байна уу гэж бодож байсан. Хэсэг бүлэг хүмүүс тэгж бодож байсан. Бүгд тэгж бодоогүй. Үүнийг нь жирийн гишүүд эвдсэн байхгүй юу. Анх 600, 800 гаруй төлөөлөгчтэй хурал хийнэ гэж байгаад эсэргүүцэлтэй тулсан учраас 1210 болгосон шүү дээ. Би бол ардчиллын амин сүнсийг хамгийн их хамгаалдаг хүнийг Э.Бат-Үүлийг гэж боддог. Бас Ц.Элбэгдорж байна. Яагаад гэвэл 200-аад оны үед ҮЗХ хуралдаж байхад Э.Бат-Үүл ГЗ гэдэг байгууллагыг байгуулах тухай ярихад наадах чинь улс төрийн товчоо шиг болох гээд байна гэж. Гэтэл өнөөдөр яг тэр хэлснээр нь болчихлоо шүү дээ. ҮЗХ, ГЗ чинь хэдэн улсуудын гарт орчихож байгаа юм. Энэ хурлаар ингэж хэлж байсан хүн бас л нэг юм хэлж байсан, юу гэсэн гэхээр их хурлаа 4 юм уу 5 мянган хүний хэмжээнд хийе, олон хүн байх тусам зөв шийдвэр гарна гэж.
-Фракцууд татан буугдлаа л гэдэг. Энэ их хуралд зориулсан үзүүлбэр үү, аль эсвэл?
-Би 2015 онд анх удаа фракцаасаа татгалзсан. Надаас өмнө фракцаас татгалзъя гэж хэлсэн хүн нэг ч байхгүй шүү дээ. Энэ бол надад маш эрсдэлтэй. Би фракцад байхгүй болохоор бүх фракцийн дарга нар надад муу болно. Энэ хүн юу яриад байгаа юм. Энэ хүн гишүүн мөн юм уу, биш юм уу гээд яриад эхэлнэ шүү дээ. ҮЗХ-ны хурал дээр өнөөдрийг хүртэл нэг ч хүн хэлж фракцаасаа гараагүй нь фракцаасаа айж байгаа байхгүй юу, хулчиганаж. Гэхдээ аливаа улс төрийн шийдвэрийг улс төрч эр зориг гаргаж хийхгүй бол болдоггүй юм аа.
-Намын даргын сунгаанд одоогийн байдлаар найман хүний нэр явж байх шиг байна. Та жирийн гишүүний хувьд хэн нь шинэчлэлийг манлайлаад явчих лидер гэж бодож байна?
-Анх ардчиллыг үүсгэсэн дөрвөн хөдөлгөөн бий. Энэ дөрвөн хөдөлгөөнөөс бид "Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын шудрага ёс холбоо” гэж байгуулсан. Энэ оны 9 сард анх бид хуралдсан юм. Гэхдээ үүнийг бид ямар нэгэн хүний захиалгатай ийм юм хийгээгүй. Бид зүрх сэтгэлээрээ нэгдэж хийсэн. Тэр хурлыг хийх байрны зардалд бүгдээрээ арав арван мянган төгрөгтэй л очсон. Бид хамгийн гол нь ардчилсан намаа аваръя гэдэг юм ярьсан. Нөгөө нэг нөхдүүд чинь ямар пи-ар хийсэн гэхээр эд ардчилсан намыг л хагалах тараах гэж байгаа хэсэг улсууд байна аа гэдгийг л зориуд гаргаж ирсэн. Гэтэл бид өнөөдөр хүртэл өөрсдийнхөө хийснийг зөв гэдгийг харуулаад явж байгаа. Жирийн гишүүд үүнийг ойлгож бидэн рүү маш их хандаж байгаа. Бүх шудрага гэсэн бүхэн бидэн рүү хандаж байна. Бид Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа Л.Эрхэмбаяр, н.Эрдэнэбат зэрэг удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Хэрэв бидний шаардлагыг биелүүлэхгүй бол намын онц их хурал хуралдуул гэж. Ингээд их хурал хуралдсан. Гэтэл хурал дээр яасан гэхээр бид ямарч буруугүй гэж тойроод бусдад буруугаа чихсээр байгаад дууслаа шүү дээ. Ийм намыг чинь эрүүл гэх үү? Манай дүрэмд хариуцлагын тогтолцоо ерөөсөө байдаггүй юм. Одоо хариуцлагын талаар сайн тусгаж өгөхгүй бол шинэчлэл хийгдэхгүй. Нэр дурдаж бол одоогоор чадахгүй байна. Бид холбоон дээрээ ямар нэр дэвшигч энэ шалгуур хангаж байна вэ гэдэг асуудлаа яриад явж байгаа учраас.
-Хуралд лобби орсон гэж яриад байгаа. Энэ талаар?
-Бод л доо. Үүрийн даргад нэг хоногийн өмнө хэлэлцэх асуудлыг файлаар нь өгч байна шүү дээ. Цаасаар нь биш. Үүнийг авсан үүрийн дарга чинь бүх гишүүддээ үүнийг тарааж чадахгүй шүү дээ. Тэгээд 1210 хүний бүтцийг бас хараарай та нар. Дандаа дарга нар. Ингэхээр чинь лобби ажиллаж байна гэдэг нь харагдаж байгаа биз дээ.
-Танай намын лидерүүд дотроо толхилцоод байгаа. Энэ талаар?
-Төрийн алба хашиж байгаа албан тушаалтнууд хариуцлагын онцгой эрэмбэтэй байх ёстой. Манай намд жирийн гишүүд нь хариуцлага үүрээд байгаа мөртлөө тэр дээр байгаа нөхдүүд хариуцлага үүрэхгүй байгаа юм. Жишээлбэл улс төрийн алдаа хийгээд байгаа байхгүй юу. Өндөр алба хашиж байгаа нөхдүүд намынхаа дүрмийг сахимаар байна. Сүүлийн 10-аад жил нам удирдаж байсан хүмүүс бүгд дүрмийг зөрчсөн. Жишээлбэл Н.Алтанхуяг сонгуулийн өмнө мэдэгдэл гаргаж байна. Энэ чинь том алдаа шүү дээ. Нээлттэй гэсэн мөртлөө Л.Гүндалайг авахгүй байгаа нь шудрага бус юм. Н.Алтанхуягийн дэргэд Л.Гүндалай бол энэ намыг ядарч явахад нь тулж байсан хүн байхгүй юу. Н.Алтанхуяг өөрөө юм хийчихээд шалгагдаад байгаа байхгүй юу. Тэгчихээд дээрээ байгаа Ц.Элбэгдорж руу дайраад. Ц.Элбэгдоржийн санаачилсан ажлыг дэмждэггүй байсан шүү дээ тэр. Том төрөөс ухаалаг төр, шилэн данс гээд л. Намайг Төрийн өмчийн хорооны дарга байхад хамгийн их дэмжиж байсан хүн нь ерөнхийлөгч байсан. Энэ төрийн эрх мэдэлтнүүдийн хооронд болж байгаа наймааг зогсоох гэж тэмцэж байна гээд ер нь бол бодлогын хувьд дэмжиж байсан. Н.Алтанхуяг гэдэг хүн 2013 онд ЗГ-ын 100-р тогтоол гаргасан. Тэр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэс MJL- гэж дампуурсан компанид өгөх гэсэн утгатай л байхгүй юу. Тэрийг би эсэргүүцсэн. Би эсэргүүцсэн гэдгээр биш би хуулиа барьсан. Яагаад гэвэл тэр асуудал олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж байх ёстой асуудал. Нэг талын гаргасан шийдвэрээр шийдэх ёсгүй байхгүй байсан. Би тэрнийг хамгаалсныхаа төлөө ажлаас чөлөөлөгдсөн. Н.Алтанхуяг өнөөдөр Д.Цогтбаатарыг чөлөөлсөнд гомддог юм байна гэж ойлгож магадгүй. Тийм биш би хэнд ч гомддоггүй. Би төрийн албаны шалгалтыг яаж өгсөн гэж санана. Яг оюутан хүн шиг өгсөн. Долоон хоног бэлдэж байгаад өгсөн чинь шалгалт оруулчихсан. Аудит, мэргэжлийн хяналтаас зэрэг хүн ирчихсэн, миний юу хийж байгааг хараад сууж байгаа шүү дээ. Би оюутан хүн шиг, үнэндээ доромжлуулж байгаа байхгүй юу. Би ер нь доромжлуулж амьдрах ёстой юу. Хэзээ ч үгүй. Би сурагч, оюутан, армид байхаасаа багш нарынхаа урдаас болохгүй юмыг эсэргүүцдэг тийм л хүүхэд байсан.
-Та Дорнодод УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн. Энэ сонгууль луйврын сонгууль боллоо, хуйвалдлаа хоёр нам гэсэн хардлага байна?
-Л.Эрхэмбаяр гэдэг хүн анх удаа эсрэг намтайгаа хуйвалдаж сонгуульд намаа унагадаг ийм үйлдэл гаргасан хүн. Мэдсээр байж илүү юм их хийсэн. Сонгуулийн өмнө сонгуулийн хууль өөрчлөх гэх мэт хууль зөрчсөн зүйлүүд хийж намыг ялагдуулсан. Энэ хоёр нам юу гэж үзсэн гэхээр бие даагчдыг шахъя гэсэн зорилгоор хууль хийсэн. Намуудад санал өгөх, итгэх нийгмийн уур амьсгал тааруу байсныг харгалзаад шүү дээ. Мөнгө өгч байна гэж та нар бодож байна уу, үгүй. Ингэдэг болсон байна. Найман ам бүлтэй айл байлаа гэхэд найман хонь худалдаж авна гэдэг. За, нэгийг нь зуун мянгаар гэж бодъё л доо. Авна гэчихээд мөнгөө өгдөггүй. Манай намд саналаа өгөөрэй. Тэгвэл хонины чинь мөнгийг өгнө гэж. Тэгэхээр малчин айл найман хонио найман зуун мянга болгоод саналаа өгчихнө гэдэг тэр айлд ашигтай биз дээ. Ийм далд аргаар сонгуульд санал авдаг болсон байна.
-Та ТӨХ-ны даргын албан тушаалаас яагаад чөлөөгдсөн юм бэ?
Би чинь ТӨХ-ны дарга болоод нийгэмд төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байна, 64 тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэж зарлаад бүр үе шаттай арваад сая, арваас зуун сая, зуун саяас тэрбум, тэрбумаас дээшээ алдагдалтай гэж би дөрөв хувааж анх удаа олон нийтэд ил гаргасан. Энэ юу харуулж байна вэ гэхээр нөгөө ард түмний хяналтыг бий болгож өгч байгаа байхгүй юу. Эрдэнэт үйлдвэрт жилдээ шахдаг байсан хорин мянган тонн ган бөмбөлөгийг их соёлтойгоор арван мянган тонныг оросоос, арван мянгыг нь хятадаас нийлүүлнэ гээд бүр ингээд тохирчихсон тэр наймаан дээр тодорхой хүмүүс байж байдаг төрийн ийм наймааг би зогсоосон. Шууд дарханы төмөрлөгийн үйлдвэрт бэлдцийг нь хийдэг гэрээ байгуулсан. Үүнээс ямар үр дүн гарсан гэхээр жилд гурван сар ажилгүй сул зогсдог байсан тус үйлдвэрийн ажилчид ажилладаг болсон. Эрдэнэт үйлдвэр жилдээ 4 сая ам доллар хэмнэсэн. Зөвхөн ганцхан наймаанаас шүү дээ. Тэгээд хоёр жил өнгөрч байтал намайг хүчээр чөлөөлсөн. Ингэж намайг Н.Алтанхуяг үзэн ядаж байгаа юм. Одоо хүртэл тэр үзэн ядалт нь зогсохгүй байна. Намын их хуралд нь хэзээ ч оруулахгүй байна шүү дээ. Амраар нь намаас хөөчих гэж би хэлж байгаа юм. Ажиллаж байхдаа 18 тэрбум төгрөг улсын төсөвт бариад ороод ирж байгаа хүнийг шагнах ёстой байтал Н.Алтанхуяг ажлаас нь халаад хөөж байна. Үүнээс юу гэж харагдаж байна гэхээр төрийн наймаа байж байх ёстой гэж үздэг байсан. Тэр нь Н.Алтанхуягт хэрэгтэй байгаа байхгүй юу.Төрийн ийм наймаа байсан цагт улс орон хөгжихөд маш төвөгтэй болчихоод байна.
Ц.Энхбат