ТӨХ-ны дарга асан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны
тэргүүн, иргэн Д.Цогтбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл
хийсэн юм. Тэрээр "Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай
хуулиудыг шинэчлэн өөрчлөх төсөл танилцуулагдаж байгаа энэ мөчид өөрийн
санал бодлоо танилцуулах, мөн АН-ын Гүйцэтгэх Зөвлөлийн болон Үндэсний
Зөвлөлдөх Хорооны анхны гишүүний хувьд үзэл бодлоо илэрхийлэх зайлшгүй
шаардлага гарч байна гэсэн юм.
Д.Цогтбаатар "Тэртээ 1965 онд Дорнод аймгийн Булган сумын харъяат,
төр нийгмийн зүтгэлтэн, миний аав Алтангэрэлийн Дашнамжил, 37 настайдаа
МАХН-ын Төв хороонд ажиллаж байхдаа улс орны нийгэм эдийн засгийн
байдлыг хэдэн нөхдийн хамт хурцаар шүүмжилснийхээ төлөө улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдэж, гүтгэгдэн оюун санааны болон эдийн засгийн хохирол
амсч, гэр бүлээрээ 25 жил хугацаагүй цөлөгдөж, нэг сумын нутгаас гарах
эрхгүй, төрсөн нутагтаа ажиллаж, амьдрах эрхгүйгээр доромжлогдсон билээ.
1965 оны 1 дүгээр сарын тэсгим хүйтэнд тухайн үеийн төр засаг, бидний
гэр бүлийг доромжилж, ээжийг маань ажлаас халж, өлгийтэй нялх, 1-9
насны 3 хүүхдийн хамт 40 мянгатын орон байрнаас хөөж, гудамжинд эд
хогшлыг цагийн торгуультай зөөж, гарган ЗИС-5 машинд ачиж, хятад
жолоочтой, НАХЯ-ны ажилтангаар харгалзуулж, Өмнөговь аймгийн Гурван тэс
сумын Давсны артельд хүргэсэн түүхтэй.
Би Улаанбаатар хотын Төмөр Замын 2 дугаар орос дунд сургуулиас
хөөгдөж, улмаар 1 дүгээр ангийн боловсрол эзэмшээгүй, одоо ч 1 дүгээр
ангийн дүн байхгүй, сурлагын хүснэгтэд тэмдэглэгдээгүй бөгөөд гэрээр
ээжээрээ хичээл заалгаж, 1 дүгээр ангийн боловсрол эзэмшсэн. Аав, ээжид
маань бага цалинтай ажил хийхийг зөвшөөрч, цөллөгт байгаа сумаасаа гарах
эрхгүй байсан. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Давсны артельд
нормчингоор ажиллаж, шинийг санаачлах эрхгүй, хүмүүстэй уулзаж,
ярилцахыг тагнаж чагнаж байсан юм.
Сүүлчийн цөллөгийн газар болох Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд
аавыг мэдээлэгч нарын тусламжтайгаар турших, тагнах үйл ажиллагааг
байнга явуулж байжээ. Тэгвэл одоо түүх давтагдаж байна. 50 жилийн дараа
хүү намайг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өвлийн тэсгим хүйтэнд үүрэгт
ажлаас хууль бусаар халсан ба үүний эхийг Шинэчлэлийн ЗГ-ын тэргүүн
Н.Алтанхуяг эхлүүлж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
үргэлжлүүлэн шийдэж, хууль бус үйл ажиллагаа явуулсан.
Би Ардчилалд хайртай, ардчиллын үнэт зүйлсээс "Эрх чөлөө”-г илүүд
үздэг. Ардчиллын үнэт зүйлс шударга ёс, тэгш эрх, хуулиа дээдлэх,
шударга зарчмыг хүндэтгэдэг. Иймээс Ардчиллыг хамгаалж, "Засаглалын
ялзрал, зарчим алдахаас эхлэнэ” нийтлэлийг намынхаа эсрэг гэх хэсэг
хүмүүсийн атгаг санаанаас илүү, үндэсний эрх ашгаа дээдлэж олон түмэнд
хүргэсэн. Одоо "Монголын Ардчилал”-д улс төрийн намуудын аль нь илүү
суралцаж байна вэ? гэдэгт ард түмэн дүгнэлт өгөх ёстой болж байна.
Иймээс Нэгдүгээрт, "Улс төрийн намын тухай” хууль, "Төрийн албаны тухай" хуулиудын шинэчлэн найруулсан төслийг дэмжиж байна.
Хоёрдугаарт, Монголын ард түмэн Ардчиллын ололт, дутагдлыг туулж,
өнгөрүүлээд 25 жил боллоо. Ард түмний хүсэл зоригоор АН-ыгбид өөрсдөө
бүтээсэн. Одоо АН-ыг шинэчлэх нийгмийн шаардлага тулгараад байна. Бид
Ардчилалд байнга суралцаж байх шаардлагатай. АН-ын удирдлага "Фракцгүй”
намтайбайхыг уриалсан. Иймээс уриалгыг дэмжиж "Алтан гадас фракц”-аас
гарч байгаагаа шууд илэрхийлж байна” гэсэн бол гуравдугаарт тэрээр
фракцаас гарах шалтгаанаа дурдсан юм.
Тэрээр "АН-ын өнөөгийн удирдлагын "Фракцгүй нам” болох шийдвэр,
уриалгыг хүлээн авч байна. Монголын улс төрд өрнөж байгаа энэ фракцийн
систем нуран унах тавилантай. Учир нь албан тушаалын хэнээрхэлд автаж,
сүүлдээ эдийн засгийн бүлэглэл үүсч , хэн нэгнээ үзэн ядалтын тогтолцоо
руу орж байна. Фракцуудын систем нь сүүлдээ төрийн тогтвортой байдлыг
алдагдуулж, хэн нэгнээсээ өшөө авах хэлбэр лүү гулсан оржээ. Дэлхийн
парламентийн фракцийн систем сонгодог утгаараа бол манайд улсад өрнөж
байгаагаас өөр юм. Тухайлбал: Ногоон хөгжил, дэлхийн дулаарал, цөмийн
зэвсгийн эсрэг, уул уурхай-байгаль экологи зэрэг салбарын бодлогыг
бодлогын түвшинд дэвшүүлэн тавьж, эсэргүүцлээ тайван замаар цуглаан,
эсэргүүцлийн жагсаалаар илэрхийлэгддэг байна.
Гэтэл”Алтангадас фракц”-ийн хувьд Н.Алтанхуяг гэх хувь хүн гэхээс
илүү түүний улс төрийн үйл ажиллагаанд нь дүгнэлт хийж байна. Энэ явдал
цаашид хэн нэгэнд маань сургамж болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Алтангадас анх байгуулагдахдаа АН-аа хамгаалах гэж байгуулагдсан.
Үүргээ биелүүлсэн. М.Энхсайхан, МАСШН-ын "Эрэлийн” Эрдэнэбат нар хоёр
талаас 200 хүн бүрдүүлсэн эвсэл байгуулж, өөрсдийн эрхшээлд оруулж,
УИХ-д өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэх, том фракц бий болгохыг зорьсон.
Түний эсрэг Алтангадас фракц зогссон.
Өнөөдрийн миний фракцаас гарч байгаа асуудал нь Алтангадас фракцийн
гишүүд, хамт олонтой ямар ч холбоогүй, харин түүнийг удирдаж байгаа
Н.Алтанхуягтай холбоотой асуудал. Энэ миний хувь хүний зүгээс гаргаж
байгаа шийдвэр тул хамт олноосоо уучлалт хүсч байна.
Алтангадас анх байгуулагдахдаа төрийн 10 бодлогыг дэвшүүлж, долоо
хоногийн "Пүрэв” гараг бүр мэдээлэл солилцдог хэлбэрээр үйл ажиллагаагаа
явуулж байсан. Олон хүмүүс, гишүүд цуглардаг байлаа. Энэ бүхэн өнөөдөр
өөрчлөгдөж нэг хүний дарангуйлалд шилжин орсон. Зарим ойр дотны
гишүүд,түүнийг хэт шүтэн биширч, ваакуумд оруулж, хүний зан байдлыг
өөрчилж байгааг нэг бус удаа шүүмжилж байсан. Бүх асуудлыг түүнтэй
хамааралтай болгосонд хамаг учир байгаа юм.
Одоо нэг гэр бүлийн фракц, дунд шатны нам болсон. Алтангадас фракцад
сүүлийн үед улс төрийн үйл ажиллагаанаас урвасан залуучуудаар дүүрч
эхэллээ. Сүүлдээ тэд 25 жилийн түүхтэй АН-ын ойн баярын хуралд зориудаар
эсэргүүцэл үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. АН-ын ҮЗХ, Их хурлаар
аливаа асуудлыг ил тод нээлттэй ярьж болдог нээлттэй нам шүү дээ.Хэн
турхирч байгаа нь ойлгомжтой” хэмээсэн юм.