
-Он гарсаар аймгийн хэмжээнд хичнээн хээрийн түймэр гараад байна вэ?
-Найман түймэр гараад байна. ОХУ-аас Дашбалбар сумын нутагт хоёр ч удаа түймэр орж ирж унтраасан ч хилийн цаана арав гаруй түймэр асч байсан учир ахиж нөмөрч орж ирэх жишээтэй. Оросын тал руу хэд хэдэн удаа факс бичиж байж байдлыг намжаасан. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Халхголын чиглэлд Матадын нутгийн урд хэсгээр дамнан түймэр орж ирсэн. Зөөлөн хөрс намагтай, өвс ихтэй газрыг хамарсан учир унтраахад хүнд байлаа. Энэ өвөл хур тунадас бага орсон учир хуурайшилт ихтэй байгаа нь, энэ сард ч бороо хур орох төлөв алга. Ойрын өдрүүдэд салхины хүч ихтэй, яг түймэртэй байгаа газраа хүч нь бүр ихэсдэг. Одоогийн байдлаар гэхэд хоёр ч түймэр асч байна.
-Хэдий хэмжээний газар нутаг шатсаныг урьдчилж хэлэх боломжтой юу? Одоо асч байгаа хоёр түймэр хаана вэ?
-Түймрийг унтраасны дараа тухайн сумдын байгаль орчны байцаагч нар явж үнэлгээ хийдэг учир би хичнээн га талбай шатсаныг барагцаалж хэлэх боломжгүй юм. Шууд зардлын хувьд 8 сая орчим төгрөг зарцуулаад байгаа. Яг одоогийн байдлаар Чойбалсан, Чулуунхороот сумын зааг, Зоргоны заставынорчимд, мөн Матад явах замд буюу Хөндлөн гэдэг газарт түймэр асч, манай алба хаагчид тухайн сумын хүмүүстэй хамтран унтраахаар ажиллаж байна. Матадад гараад байгаа түймрийг цурманд оруулсан ч салхитай байгаа учир алдагдаад байгаа. Ер нь 21-03 цагийн үед салхи түр тогтож байна. Хаврын ийм үед түймэр унтраахад хүнд байдаг.-Түймэр тавьсан эзэн холбогдогчдыг тогтоосон уу? "Баянтүмэн" төмөр замынхан дэр модоо хамгаалах гэж жилийн жилд л цурам тавьж алддаг гэх юм билээ.
-Гурав нь хөрш зэргэлдээ аймаг орноос хил давж орж ирсэн. Бусад нь манайхны өөрсдийн буруугаас үүдэлтэй. Чойбалсан суманд хоёр ч удаа түймэр гараад байна. Төмөр замынхан дэр модоо хамгаалах гэж цурам тавьж алдсанаас сүүлийн дөрвөн жилд ингэж томоохон хэмжээний газар нутгийг шатаасаар байгаа. Дэр мод нь тусгай тос шингээсэн мод байдаг учир хамгаалахын тулд цурам тавьж алдаад байгаа юм. Заавал цурам тавихгүйгээр өргөн шороон зурвас тавих, хадах, хагалах гэхчлэн өөр аргууд бий л дээ. Яг одоо Матадын зам дээр шатаж байгаа түймрийг Хэрлэн сумын иргэн үнс нурмаа ил задгай хаяснаас гарсан.-Онцгой байдлын алба хаагчид ачаалал ихтэй байна уу?
-Мэдээж хүн хүч, хүрэлцээ муутай байна. Урьд шөнө түймэр дээр ажиллаж байгаад өглөө ирсэн залуучууд өдөр буцаад өөр түймэрт дуудагдаад явчихлаа. Дахин түймэр нэмэгдэж гарвал эндээс нэг бүлэг хүрэхтэй үгүйтэй л хүн хүч байна шүү дээ. Аймгийн төвийн хувьд байдал харьцангуй тайван байна.Д.ДЭЛГЭРМАА

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1313
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих