Эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яаманд харьяалуулж, дүүргийн Эрүүл
мэндийн нэгдлийн дэргэд байрлуулах шийдвэр өнгөрөгч онд гарсан ч
өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа. Энэ ажил ямар учраас "гацаанд”
орсныг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянаас тодруулсан юм.
-Эрүүлжүүлэх
байрыг Эрүүл мэндийн байгууллагын харьяанд шилжүүлэх нь ямар ач
холбогдолтой юм бэ? Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Монголын
цагдаа маш их үүрэг хүлээдэг. Баар хаалгадаг, саун шалгадаг, хүнийг
эмчилж, эрүүлжүүлдэг гэх мэт. Энэ олон үүргийг нэг нэгээр нь чөлөөлж,
яг хууль сахиулах, нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлд гол анхаарлыг
нь хандуулахаар зорьж байгаа юм. Хоёрдугаарт "эрүүлжүүлэх” гэдэг
нэрнээсээ эхлээд ойлгомжтой байгаа юм. Хүнийг эрүүл болгоно гэсэн үг.
Гадаад орнуудад ч "хордлого тайлах, эрүүлжүүлэх” гэсэн нэршилтэй
байдаг. Тэгэхээр энэ ажлыг эмч хийх ёстой шүү дээ. Өнөөдөр манайд
тогтсон байдлаар ихэвчлэн зодоон хийж, агсам тавьж танхайрсан хүмүүсийг
дуудлагаар авч эрүүлжүүлдэг, эсвэл гудамжинд ухаангүй тасарчихсан
хүнийг авч эрүүлжүүлдэг ийм л хэлбэрээр ажиллаж байгаа. Гэхдээ энд нэг
зүйлийг хэлэхэд гэр орондоо агсам тавьж, нийтийн амгалан тайван байдлыг
эвдэж байгаа хүмүүс хуучныхаараа цагдаагийн байгууллагад арга хэмжээ
авахуулна. Харин гудамжинд эсвэл аль нэг газар үйлчлүүлж байгаад бусдад
гэм хор учруулахгүйгээр согтсон хүмүүсийг Эрүүл мэндийн байгууллага
хүлээж авч үйлчлэх юм.
-Энэ ажил өнгөрөгч онд яригдсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна. Ямар учраас удаашраад байна вэ?
-Шийдвэр
гарахтай зэрэгцээд хэрэгжиж эхлэх боломжгүй л дээ. Наад зах нь хаана
байрыг нь гаргах вэ, ямар эмч ажиллах вэ гээд зохицуулах, бэлтгэх зүйлс
олон. Эдгээр асуудлыг шийдэхээр хаа хаанаа бэлтгэлээ хангаад явж байна.
-Тэгвэл энэ ондоо багтаж хэрэгжих боломжтой юу?
-Энэ
оноос хэрэгжиж эхлэх ёстой. Гэхдээ үүнд Эрүүл мэндийн яам бэлтгэлээ
хэр хангах вэ гэдэг нөлөөлнө. Байраа тохижуулах хөрөнгөө хаанаас гаргах
вэ, Эрүүл мэндийн яамны төсөвт суусан уу гэх зэрэг олон зүйл нөлөөлж
байгаа юм л даа.
-Эрүүлжүүлэх байрыг дэргэдээ авахыг эмч нар эсэргүүцэж байсан. Үүнийг шийдвэрлэж чадсан уу?
-Ер
нь эрүүлжүүлэх байранд ажиллах үнэхээр хүнд. Эрүүлжүүлэх байранд олон
жил ажилласан цагдаа нар бараг бүгдээрээ элэг, уушгины өвчтэй
болчихсон. Тэр их үнэр танар, орчин гээд үнэхээр хортой. Үүнийг эмч нар
мэдэж байгаа учраас дургүйцэх нь аргагүй. Гэхдээ эмч нараа олон
ээлжтэй байлгах, мэргэшүүлэх гэх зэрэг янз янзын гаргалгаа бий. Тиймээс
зохицуулах боломжтой гэж үзэж шийдвэр гарсан.
Н.Туяа
МОНЦАМЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих