-Шүлхий хүнд халддаггүй. Шүлхийтэй малын махыг идсэн ч болно
Монголын Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, доктор Ц.Өлзийтогтохтой шүлхий өвчний талаар ярилцлаа. Тэрээр Биокомбинат улсын үйлдвэрт Үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий эмчээр ажиллаж байсан юм.
-Шүлхий өвчний хор хохирлын талаар ярилцлагаа эхлүүлье. Энэ өвчин хэзээнээс манай улсад гарах болов.
-Шүлхий бол вирусээр халдварладаг маш хурдан тархдаг гоц халдварт өвчин.Гоц халдварт гэдэг нь гоц хурдан тархдаг халдварт өвчин гэсэн үг. Энэ өвчин гарсан л бол олон улсад хорио цээр тавьж, хилээ хаадаг. Энэ л хамгийн гол хор хохирол нь. Түүнээс биш өвчилсөн үхэр үхэх нь маш бага. 100 үхэр өвчлөхөд 2-3 нь л үхнэ. Хүнд халдахгүй, адууг өвчлүүлэхгүй. Салаа туурайтай хонь, ямааг бодвол үхэр хамгийн мэдрэмтгий. 20-30 жилийн өмнө Монгол Улсад шүлхий өвчин устсан гэж үздэг байсан. Гэвч 2000 оноос хойш олон удаагийн давтамжтай гарч байна. Мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарынхан ийм учраас л өндөр ач холбогдол өгч тэмцээд байгаа юм.
-Яагаад зүүн аймгийн нутгаар шүлхий дэлгэрээд байдаг юм бол?
-Хүн ам, мал амьтны шилжих хөдөлгөөн, вирусийн идэвхжил, геоэкологийн өөрчлөлтөөс болж гараад байгаа юм л даа.Биотерроризм гэдэг чинь хүн алах гэдгээс илүүтэй эдийн засагтай холбогддог. Вакцин үйлдвэрлэж байгаа газрууд зориуд өвчин тарааж байж ч болно. Энэ бол хардлага. Хятадад гарсан саарс, шувууны томуу гэдэг чинь лабораторид бүтээж байсан халдвар үүсгэгчид алдагдсанаас болсон гэж ярьж байгаа шүү дээ.
-Биотерроризм гэж та хэллээ. Оросууд баруун аймгийн малыг вакцинжуулж өөрсдөө мах импортолж байсан. Гэтэл өнгөрсөн зун Баян-Өлгий аймагт шүлхий өвчний тохиолдлыг бүртгэсэн байгаа. Шүлхийгүй бүс нутагт зориуд өвчин тараасан байж болох уу?
-2010 оноос эхлээд баруун долоон аймгийг шүлхийгүй бүс нутаг болгоно гэж ярьсан. Тэгэхэд нь наадах чинь бүтэхгүй ойлголт гэж би хэлсэн. Тэр үед Монгол Улсын мал эмнэлгийн салбарынхан үхрийн цээж өвчнөөр эрүүл бүс гэсэн статусыг авахын тулд Францад төвтэй Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад хандаад байсан юм. Тэгтэл тус байгууллага хоёр үндэслэл хэлж манайханд татгалзсан хариу өгсөн юм. Нэгдүгээрт, малыг ээмэглэдэг, бүртгэдэг тогтолцоо Монголд алга. Хоёрдугаарт, малын шилжих хөдөлгөөний асуудлыг танай улс хяналттайгаар шийдвэрлэж чаддаггүй юм байна гэсэн.Ингээд манай улсад 30 жил үхрийн цээж өвчин гараагүй байхад аюулгүй бүс гэсэн статус өгөөгүй. Ийм өндөр шаардлага тавьсан байгууллага 2009 онд шүлхий өвчин гарсан Монгол Улсад баруун аймаг нь шүлхийн аюулгүй гэсэн статус өгөхгүй шүү дээ. Тэгээд ч Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн малын шилжилт хөдөлгөөнийг хянаж чадахгүй бол шүлхий өвчнөөр тайван бүс гэсэн статус авах боломжгүй. Гэтэл хэлсээр байтал Баян-Өлгий аймагт өнгөрсөн зургаа, долдугаар сард өвчин гарчихлаа шүү дээ. Баруун долоон аймгийн шүлхийгүй бүс болгох манатай л болж байгаа юм.
-Шүлхийгээр өвчилсөн малыг буудаж унагаад нүхэнд булаад байх юм. Энэ өвчнийг эдгээх арга байдаг уу?
-Бараг байхгүй.Яг бодит байдал дээр вакцин тариад, цагдаа зогсоогоод хэрэг алга. Халдвар тарааж байгаа зээр, шувууг ч тандана, ялгана гэж юу байхав. Уг нь хорио цээрээ зөв тогтоогоодзүгээр л орхичихмоор байна. Тарга тэвээрэг сайтай малын шүлхий өвчин 7-10 хоногийн дотор өөрөө эдгэрчихдэг. Гэхдээ халдвартай хэвээрээ л байна. Дээр нь малчдыг хариуцлагажуулах хэрэгтэй. Манайхан яах гэж малаа буудаж устгаж байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй байна. Хот айлын нэг дор байгаа 100 үхэр бүгдээрээ халдвар авсан байхад эмнэл зүйн шинж тэмдэг нь илэрсэн 10 үхрийг нь л устгаж байна. Өвчний шинж тэмдэг нь илэрсэн 10 л байгаа болохоос амьд үлдээсэн 90 үхэр нь бүгдээрээ л халдвар тээгч байгаа шүү дээ. Халдварт өвчинд нууц үе гэж бий. Өөрөөр хэлбэл, халдвар биед орсноос эмнэл зүйн шинж тэмдэг илрээд эмнэлэгт үзүүлэх хүртэл 5-10 хоног болдог.Энэ үед хотонд байгаа мал бүгд халдвар авч амждаг. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол 100 үхрийг тэр чигээр нь л устгах ёстой. Тэгж байж халдварын голомтыг устгалаа гэж үздэг. 100 үхрийг устгасан дээр үү, 10-ыг нь устгаад цаашаа 1000 малд халдвар тараасан дээр үү. Гэтэл халдвартай 90 үхрийг амьд үлдээчихээд халдварын голомтыг устгачихлаа гэж манайхан бодоод байгаа юм. Шүлхий өвчин ойр ойрхон гараад байгаагийн үндсэн шалтгаан энэ шүү дээ.
-Тэгвэл яах ёстой вэ?
-Би мэргэжлийн хүнийхээ, малчны хүүхдийн хувьд устгасан, устгаагүйн хооронд ялгаа алга гэж хэлмээр байна. Яагаад гэвэл, халдварынхаа голомтыг устгалгүй үлдээгээд байна. Хөнгөн өвчлөөд эдгэрчихсэн мал, халдвар тархсан газар шороо, малын бууц, зэрлэг амьтан, худаг усаа тэр чигээр нь үлдээгээд байна. Ийм учраас ялгаж буудаад байгаагийн хэрэг алга. Малчдын хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Тэрнээс биш шүлхий гарлаа гээд цагдаа, онцгой, мал эмнэлгийн хүмүүсийг уртасгасан цагаар өвлийн хүйтэнд ажиллуулах шаардлагагүй. Ингэж сүржигнэх хэрэггүй. Ийм учраас хорио цээрийн дэглэмээ бүрэн тогтоож, өвчилсөн малаа эдгэрсний дараа нядалгаанд оруулах хэрэгтэй.
-Нядалгаанд оруулсан малыг яах гэж. Шүлхийтэй малын махыг идэж болох уу?
-Шүлхий хүнд халдварлахгүй. Хүнд ямар ч аюулгүй. Тэр битгий хэл өвчилсөн салаа туурайт хонь, ямаа, үхэр аяндаа эдгэрчихдэг. Хүн махыг нь идэхэд ямар ч аюулгүй. Зүүн аймгаас мах оруулахгүй гэж сүржигнэж байхаад зүгээр л оруулаад хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангах хэрэгтэй.
-Та Биокомбинатын үйлдвэрт ажиллаж, вакцин үйлдвэрлэж байсан хүн. Монголд оруулж ирсэн шүлхийн эсрэг вакциныг мэргэжлийн хүний нүдээр харсан уу?
-ОХУ-аас манайд нийлүүлж байгаа вакцины 1985 онд баталж, мөрдөж байгаа заавар дээр 12 сар хадгална гэж заасан байгаа. Дэлхийн бусад улсад ч шүлхийн вакциныг үйлдвэрлэснээс хойш нэг жилийн дотор хэрэглэдэг. Гэтэл тус вакциныг Монгол руу оруулахдаа хүчинтэй хугацааг нь 18 сар болгож бичээд оруулсан байна. Нөхдүүд болохоор 2014 оны хоёрдугаар сарын 28-нд хугацаа нь дуусна гэж гүрийгээд байна. Тэгвэл 2012 оны долдугаар сард үйлдвэрлэсэн вакцин байж таарах нь ээ дээ. Үнэндээ энэ вакцины хугацаа нь аль зургаан сарын өмнө дуусчихсан л байхгүй юу. Хугацаа дууссан вакциныг малд тарихаар шүлхийгээс сэргийлж чадах уу.
-Уг нь шүлхийн эсрэг вакциныг аль эрт хийчихсэн юм биш үү?
-Энэ вакцин идэвхгүйгэдэг нь практик дээр нотлогдлоо. Вакцин зургаан сарын дотор дархлаа тогтоож, шүлхийгээс найдвартай хамгаалах ёстой. Сүхбаатар аймгийн үхрийг 2013 оны арав, арваннэгдүгээр сард вакцинжуулсан байна. Нөгөө зургаан сар хамгаалах ёстой вакцин нь тоолоод үзэхээр дөрвөн сар ч хамгаалаагүй байгаа биз. Ус авчраад л тарьчихсан байхгүй юу. Одоо малаа тариулсан малчин, вакцинжуулсан эмч нар нь гайхаж байгаа. Ус авчирч зардаг хэрэггүй юмаа болих л хэрэгтэй.
-Шүлхий тархаж байгаа шалтгааныг цагаан зээрийн нүүдэлтэй холбож тайлбарлах юм. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага 178 гишүүн улстай. Хятад, Монгол аль аль нь тус байгууллагын гишүүн. Хятад өнгөрсөн дөрөвдүгээр сард шүлхий гарсан гэж мэдүүлснээсээ хойш дахиж мэдээлээгүй. Өөрөөр хэлбэл, өдийг хүртэл шүлхий гараагүй. Ингээд үзэхээр Хятадаас орж ирсэн зээр өвчин авчирсан гэж тооцох уу, Монголд байсан зээр өвчтэй байсан болж таарах уу. Халдварын голомтыг бүрэн устгаж чадаагүйгээс л болж шүлхий гараад байгаа юм.Өвөл тархсан шүлхий дулааны улиралд зогсоод, дараа жил гараад л ирнэ. Яагаад гэвэл халдварын голомтыг нь энэ удаа ч устгахгүй байна.
Б.Дуламсүрэн: Дорноговь аймагт арван үхэр өвчилсөн
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Шүлхий өвчний тархалт ямар байгаа вэ?
-Сүхбаатар аймгийн таван суманд энэ сарын 10-ны байдлаар 181 өрхийн 162586 малыг үзлэг тандалтад хамруулахад 434 мал өвчилсөн байсан. Эдгээрээс 381-ийг нь устгасан. Өвчний голомтод 702 хүн, 128 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа. Харин Хэнтий аймгийн Галшар сумын өвчний голомтод 53 хүн, 14 тээврийн хэрэгсэл ажиллаж 11026 үхрийг вакцинжуулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 өрхийн 753 үхрийг вакцинжуулаад байна. Өвчний шинж илэрсэн есөн өрхийн 32 үхрийн 24-ийг устгаж наймыг нь тусгаарласан. Харин Дорноговь аймгийн хоёр сумын нутагт энэ сарын 10-нд 10 үхэр шүлхийгээр өвчилснийг тогтоосон. Тэнд 30 хүн найман постод ажиллаж байгаа бөгөөд 95351 малд үзлэг тандалт явуулж байгаа.
-Өвчнийг таслан зогсоох, саармагжуулахаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Шүлхий өвчин нь агаар дуслын замаар халдварладаг учраас иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио цээрийг чангатгах ёстой гэсэн чиглэлийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва энэ чиглэлээр нэлээд хатуу үүрэг өгсөн байгаа.Өнгөрсөн онд шүлхий өвчнийг дарахын тулд гурван тэрбумыг зарцуулж байсан. Сүхбаатар аймгийн дөрвөн суманд шүлхий гарсан байхад Мал эмнэлэг үржлийн газраас 900 гаруй сая төгрөг хэрэгтэй байна гэсэн тооцоо гарсан. Гурван аймгийг дамнаж өвчин гарсан учраас шаардлагатай хөрөнгийн тооцоог мэргэжлийн байгууллагууд хийж Засгийн газраар удахгүй батлуулахаар ажиллаж байгаа. Бидэнтэй ХХЕГ, ЦЕГ, МХЕГ-ынхан хамтран ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээр тогтоосон учраас нийт ард иргэдийг эдгээр бүсэд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Сүхбаатар аймагт эзэнгүй явж байсан 100 орчим малыг эзэнд нь олж өгсөн.
http://www.dornod.net/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих