Сар жил алсран холдохын хэрээр нутаг орон минь илүүтэй сэтгэлд бодогдож,
дахин дахин очмоор санагддаг болж байна даа. Миний өлмий тэнцэж, өсөж
төрсөн нутаг Өндөрхошууны ногоон дэнж, хуучнаар Сэцэнхан аймгийн Саруул
гүний хошуу, Хан Хэнтий уулын аймгийн Санбэйсийн хошууны Баруун Их сум,
Чойбалсан аймгийн Түмэндэлгэр сум, одоогийн Дорнод аймгийн Булган сум
бөлгөө. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр одоогийн Булган сум 1924
онд анх байгуулагдаж, эдүгээ 90 дэх жилтэйгээ золгож байна. Их эзэн богд
Чингис хааны цэргийн догшин хар туг сүлдийг хадгалж асан Тугийн Их
сүмийг тэргүүндээ залсан Баян-Эрхт толгой манай нутагт бий. Миний өвөг
дээдэс тэр орчимд нутаглаж, амьдарч ирсэн сэтгэлд дотно тэр нутаг цул
домог. Нүдээ анихад л наран ургах зүгээс эхлэн газар ус минь нэртэйгээ
кино зураг шиг харагдаж байна.
Дорнод аймгийн хэмжээний тахилгат Хан-Уул, манай сумын тахилгатай
Булган уул, Норовлин овоо, Туг уул, Жавхлантын овоо, Мөнх овоо, Хүүхдийн
овоо, малчин түмний үеийн үед нутаглаж ирсэн Цагаанчулуутын шанд,
Жавхлантын Цагаан нуур, Улаан нуурын шанд, Хулсан шанд, Өвөр-Уртын
булаг, Дарамын шанд, Шанагын булаг, Бага уулын шанд, Эрхтийн бүрд,
Хэрлэн голын хөвөө, Уранхайн булаг, Их бага Цагаан нуур, Гурван нуур
гээд ус ундтай сайхан нутгууд, анчин гөрөөчин отоглож байсан Төрийн-Ус,
Таван толгой, Шахлан, Улаан-Өндөр, Хүйсийн Цагаан-Өндөр, Дая, Онцгой,
Гурван тарвагат, Ерийн булаг, Хундар, Ханан, Дугуй, Ар-Уртын цуваа
толгод, хужир мараатай Шүүт, Марц, Хутант, Хужирт булангийн тохой, сууж
байгаа хүн шиг том том махчин шувуутай Гурван агуйт, Шаварт, Үүдийн
жаран, Нарийн, Баясгалант, Тэвш, Болдогийн хоолой, Ногоон толгойн
говирхог хээр, Хөх өндөр, Хотго, Магнай, Зүрх, Хавтгай, Умгар, Гэдгэр,
Хүйс, Бухын хонхор, Боон, Сэрвэн, Өндөр хайчин, Хадан хошуу, Баруун Зүүн
дөрөө, Ширээгийн рашаан, Сүмбэр, Чулуут, Жалан гээд бичихэд л нүдэнд
үзэгдэх сайхан нутаг. Багадаа тугал эргүүлж, ямаа хариулж явсан тэр
сайхан бэлчээр.
1922 онд цагаантны цэргийн атаман Жамбаловын цэрэг Мөнх, Жавхлантаар
орж ирэхэд нутгийн тайж Чойжил тэргүүтэй тавьт цэрэг тосон байлдаж,
зүгийн муу зүүн урагш нь хөөн гаргахад дайнд зүрх нь хөөрсөн тайжтан
тугаа газраар уурга шиг чирээд давхиж явсан гэдэг сэн. 1922 онд Зүүн
хязгаарыг тохинуулах сайд Бумцэндийн цэрэгт манай нутгаас 20 гаруй хүн
элсэн орж, энэ цагийн эрх чөлөөг ололцох хэрэгт хүчин зүтгэж явсан
гэдэг. С.Дашдэндэв гуайн "Улаан наран" романд гардаг Өндөр Дугаржав буюу
Дугар мээрэн манай нутгийнх. Тэрээр жанжин Д.Сүхбаатарын итгэлийг
хүлээж, Дамбийжааг биечлэн устгасан цэргийн хүн байсан. Тухайн албанд
өөрийн 2 туслах өндөр гэж алдаршсан Д.Баяр, Дэлдэн гэж алдаршсан Гаваа
гуай нарыг дагуулан авч явсан бөгөөд сүүлд өөрөө эсэргүү гэгдэн
хэлмэгдсэн юм. Баяр гуай, Гаваа гуай нарыг ардын хувьсгалын 50 жилийн
ойгоор партизаны үнэмлэх, тэмдгийг нь гардуулахаар Улаанбаатар хотод
урихад Дугар мээрэнг цагаатгаагүй цагт тийм хүндэтгэл хүлээж чадахгүй
гэсэн гэдэг.
Нутаг нутгийн хүмүүс өөрийн нутгаас төрсөн алдартнуудаараа бахархдаг
бол бидэнд ч гэсэн бахархал бий. Тусгаар тогтносон хэмжээт засагт Богд
хаант Монгол улсын Гэгээрлийн Яамны анхны сайд, их жанжин Д.Сүхбаатарын
номын багш Онход овогт Сангажавын Жамъяан гүн манай нутгийнх. Шинэ
цагийн төрдөө сайдын алба хашиж явсан Д.Намсрай, Сангийн яамны сайд асан
Г.Алтангэрэл, Шүүх яамны сайд асан Д.Пүрэв, МУ-ын банкны ерөнхий
хорооны анхны дарга Т.Балдан нар энэ нутгаас төрөн гарсан юм.
Манай сум шатрын спортын дөрвөн мастер, 3 дэд мастертай. Шатрын улсын
анхны аварга, спортын мастер Д.Намсрай, алдарт шатарчин И.Ёндон-Осор,
Ц.Жүгдэр, Ш.Пүрэвжав, дэд мастер Д.Дорждэрэм нар бараг л нэг үед тоглож,
улсад ноёлж явсан түүхтэй. Д.Намсрай гуай нэг удаа ажлаар Москва явах
үедээ Ж.Самбуу даргатай ганзага нийлж, замдаа шатар нүүсээр 42 дахь
удаагаа тоглоход яг Москвад орж иржээ. Тэгсэн нь Самбуу гуай "Москва ийм
ойрхон билүү" гэж дуу алдсан гэдэг. Одоо ч гэсэн аймгийн аваргад эхний
байранд шалгардаг шатарчид байсаар л байна. Дэд мастер Д.Оюунбаатар,
Б.Ариунболд гээд дурдвал нэлээд хүн тоглож байгаагаас Азийн аварга
шалгаруулах тэмцээнд шатарчин хүү Б.Ариунболд 14-р байрт шалгарч,
медалийн тоогоо нэмсээр л явна.
МУ-ын начин эвэрт гэж алдаршсан Г.Жигжидсүрэн, Эзийн Сэнгийн Бугандай
нар бас л бөхийн торгон ногоон дэвжээнд эр бяраа гайхуулж явжээ.
Аймгийн арслан Б.Наваансүрэн, Баянмөнх, Д.Бат-Эрдэнэ, Д.Энхтайван,
аймаг, цэргийн заан Д.Хасбаатар, Б.Балдан, Шаравдорж, аймаг, цэргийн
начин С.Дугар, Г.Пүрэв, М.Дамбаравжаа, Б.Дондог, М.Баатарсүх, Ж.Бадарч,
Д.Бэхбат, Б.Шагжаадорж, нэмэх начин Г.Эрхэмбаяр, сумын заан Д.Даш,
Т.Төмөргарьд, Ч.Сүхбаатар, Ш.Пүрэвсүмбэрэн, Ш.Дагвадорж, Г.Чулуунбаатар,
Ц.Батбаяр, Д.Эрдэнэхүү, Д.Алтангэрэл, Б.Чижиндорж, Д.Баяржаргал,
Б.Хангайноров, Б.Шижиндорж, А.Оюунбаатар, Г.Шинэзориг, Г.Мөнхтулга,
сумын начин М.Бат-Очир, Т.Дамдин, Т.Чагдар, Цэндсүрэн, Ж.Сэр-Од,
Д.Дэлгэрбат, Ж.Шагдарсүрэн, Б.Эрдэнэчулуун, М.Эрдэнэбат, М.Эрдэнэ-Очир,
Д.Батаа, А.Ган-Эрдэнэ гээд цаг цагт шуугиулж явсан хүчтэнүүдийн өлгий
нутаг аа.
Эрт үеийн түүх сөхвөл алдарт Хүдэр даян аварга Гомбо манай нутгийн
хүн. Аваргын нутаг Дээд Мөнхийн овоог нутгийнхан одоо ч тахин шүтсээр л
байна. Алдарт Тохтай арслан, Ёндонжунай арслан, Содномжамц арслан, тэнэг
гэж нэршсэн Даш заан, Аюур начин гээд нэрлэвэл урт цуваа хөвөрнө.
Ялангуяа Дамдин гуайн "Монгол бөх" номонд бичигдсэн Содномжамц арслан
бол домог болсон хүчтэний нэг яахын аргагүй мөн билээ. Тэрээр арван
засгийн наадмын тавын даваанд их аварга Ш.Намхайг дархан мурих мэхээрээ
ид үед нь давж, бөхийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн нэгэн.
Тэнэг Даш заан алдарт Дугар, Намхай аваргуудтай мөр зэрэгцэн хоёр
удаа ес давж, даншгийн наадмын шөвгийн гуравт үлдэж байсан бөгөөд Зая
гэгээний наадамд барилдаж, "Та амаа ав" гэхэд нь "Юуг нь авдаг юм. Заяын
шавийн аль бүдүүн, аль хараалч лам нараас нь тавьж бай" гэж хэлээд
түрүүлээд буцаж явахад нь лам нар хараал хийж, галзуу чоно түүн рүү
дайрахад хоёр хэсэг тас татаж хаясан гэдэг. Тэр цагаас хойш хараалд
өртдөггүй тэнэг гэгдэн түүгээрээ нэршжээ. Даш зааны бага хүүгийн дунд
охины хүү Б.Соёлчхүү сумын цолтой бөх болж, үе удмыг нь таслалгүй авч
явж байна.
Манай нутаг алдартан гавъяатан олонтой. Анагаах ухааны доктор
С.Дугарсүрэн, Г.Очирваань, доктор Д.Пүрэв, П.Дорждэрэм, Наранчимэг,
Н.Ганбат, хүний гавъяат эмч Амгалан, Эрүүлийг хамгаалахын гавъяат
ажилтан Буяжаргал, ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамъяан, Урлагийн
гавъяат зүтгэлтэн Б.Алтанцэцэг, их хуурчийн хүүхдүүд "Хулан” төвийн
Ж.Цолмон, "Никитон”-ы Батчулуун, "Камертон"-ы Болд, алдарт уяач Х.Гонгор
гэж ирээд онгирвол олон хүнийг дурдаж болох юм даа. Улаанбаатар хотын
анхны дарга Баяр, Дорнод аймгийн анхны дарга С.Баяр гээд нэрлээд байвал
миний мэдэхгүй, нэрийг нь дурдаагүй хүн олон байна.
Монгол эмэгтэйчүүд эрчүүдийн адил ид хаваа гайхуулж болохыг нотолж,
улсдаа анх удаа шүхрээр үсэрсэн хатан зоригт бүсгүй М.Загдхорлоо, мото
спортын мастер Лхам, радио спортын мастер Н.Санк нар олон улсад
Монголынхоо далбааг мандуулж явжээ.
Хохь тайж Гомбодорь гуай хоёр хүүгээ морин хуурт сургасан бөгөөд их
хүү Бадрахыгаа арай илүү гэж ярьж, бага хүү Жамъяангаа урлагийн мөр хөө
гэж явуулсан байдаг юм. Энэ тухай Жамъяан гуай амьд сэрүүндээ хуучилж
байсан сан. Жамъяан гуайн шавь нарыг тоолж барагдахааргүй олон.
Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын хамт намын эсэргүү гэгдэн хэлмэгдэж,
НТХ-ны тогтоолоор 6 хүн цөллөгдөхөд тэдний дунд манай нутгийн
сэхээтнүүд болох А.Дашнамжил, Д.Дамдинсүрэн нар явсан байдаг. 1937 оны
хэлмэгдүүлэлтийн их шуурганд өртөх нь тодорхой байсан тул тухайн үед их
зориг гарган коммунизмийн эсрэг хандан Японд зугатан гарсан ахмад Бямбаа
мөн л манай нутгийнх. Хуулийн ажилтнуудыг НТХ-ны тогтоолоор
хэлмэгдүүлэхэд түүнд өртөж, 22 жил хавчигдан дарагдаж байгаад цагаадаж,
хожим УМБГ-ын өмчийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Доржпалам
гуай манай нутгийн ноён нуруутай эрчүүдийн толгой нь яах аргагүй мөн.
1982 онд эмч нарын хэрэг гэж дуулиан тарьсан явдалд толгойлогчоор
тооцогдож хэлмэгдсэн сэтгэл мэдрэлийн төв эмнэлгийн орлогч дарга байсан
Намсрай эмч бас манай нутгийнх. Мундаг эмч, сайн хүн билээ.
Дал наяад оны үед манай сум ажил хөдөлмөрөөрөө улсад үлгэрлэж, 1978
онд "Мөнгөн хурга", 1985 онд адуучин Д.Очирхуяг "Алтан унага"-ны эзэн
болж, 1991 онд саальчин Ж.Нина Улсын аварга малчин болж байлаа.
Манай нутгийн уул ус тэр чигээрээ домог. Нэг удаа аварга том могой
Хундарын зүүн талаар газар доогуур шурган орж иржээ. Нутгийн номтой лам
нар дарахаар тосон очиж. Шанагын булагаар гарч ирэхэд нь шанагаар цохиж
оруулаад, Шахлангийн орчимд гарч ирэхэд нь номын хүчээр шахаж, Дугуйн
орчимд дугуйруулаад Сэрвэнд сэрвээг нь ил гаргаж, Боонд боож дарсан юм
гэдэг. Тэгээд газар усны нэр нь шахаж доош нь оруулсан тул Шахлан,
шанагаар цохисон учир Шанага, дугуйруулж эргүүлсэн тул Дугуй, сэрвээг
гаргасан учир Сэрвэн, боож дарсан тул Боон гэсэн юм гэдэг.
Мөн Марц, Өндөрхошуугаар нэгэн үзэсгэлэнтэй охинтой өвгөн амьдарч
байжээ. Түүнийг Жалам гэдэг юм санж. Охин нас биед хүрэхэд нутгийн лам
Норов гэлэн эргүүлдэх болж. Охин ч нүүр өгөхгүй, Хэрлэн голын хойд биед
амьдардаг Булган гэдэг сайхан сэтгэлтэй залуутай гэр бүл болжээ. Жалам
охин жирэмсэлж төрөх дөхсөн үедээ мал хариулж яваад дутуу нярайлж хүү нь
эндсэн гэнэ. Үүндээ гутарч гунисан залуу бүсгүй Жалам малаа хариулж
яваад нас барсан гэдэг. Норов гэлэн өөрийгөө залуу хүүхдүүдийн амьдралд
цав суулгалаа гэж буруутган, номын мөр хөөж нэгэн толгойн орой дээр
амьдарч байгаад тэнгэрт ниргүүлж өөд болжээ. Ингээд сайхан сэтгэлт
Булган хүү өвгөнийг асарч тойлж үлдсэн бөгөөд Булган хүүгийн нутаглаж
байсан газар нь Булган уул, Жалам охины эндсэн газрыг Жалан уул, Норов
гэлэнгийн тэнгэрт одсон толгойг Норовлин, Жалам охины хүүхэд дутуу
төрсөн газрыг Хүүхдийн овоо гэдэг болсон домогтой.
Нутгийн минь өнгө хур бороонд сэргээд үнэхээр сайхан байна. Бүхэл
бүтэн 90 жилийн ой гэдэг том үйл явдал. Нутгийнхаа ойд очоорой, дурсан
ярьж дуулж хөгжөөрэй. Үнэхээр сэтгэл хоргодом нутаг шүү.
Чадраагийн Энхболд