Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Холбооны Бүгд найрамдах Герман улсын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулсан "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хууль сахиулахын их сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг төрийн захиргааны 35 байгууллага, 6 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 10 хүрээлэн, төрийн бус 3 байгууллагын 300 гаруй эрдэмтэн, судлаач, 350 гаруй залуу судлаач, гадаадын 20 гаруй байгууллагын зочид, төлөөлөгчид, гадаад улсуудын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын 50 гаруй ажилтан, нийт 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцлоо.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар үндсэн хуралдаанаас гадна "Хилийн аюулгүй байдлыг хангах бодлого, түүний хэрэгжилт”, "Хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, эрх зүйн орчин, инноваци”, "Хилийн аюулгүй байдал ба хамтын ажиллагаа” сэдвүүдийн хүрээнд 20 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцлээ.

Мөн хуралд оролцогч хил хамгаалах, хилийн хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын дунд "Монгол Улс, Оросын холбооны улсын хил хамгаалах болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд "Хил хамгаалах ба Хилийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа”, "Хил хамгаалах ба Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа”, "Хил хамгаалах ба Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион явуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурлаас гарсан зөвлөмжийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Энэхүү зөвлөмжид Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого болон бусад холбогдох хуулиудад "Хилийн аюулгүй байдлын тухай” нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагааг санамж бичиг, харилцан ажиллагааны төлөвлөгөөгөөр бус дээд шатны байгууллага, Засгийн газрын тогтоол, холбогдох яамдын сайдын баталсан журмаар зохицуулдаг эрх зүйн үндсийг бүрдүүлэх, Улсын хил орчмын нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн татвар болон эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг хөнгөвчлөх, алслагдсан бүс нутгийн урамшуулал олгох замаар хилийн бүсийг эзэнтэй болгох эрх зүйн орчин бүрдүүлэх, Хил дамнасан болон хилийн бүсэд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодорхойлох суурь судалгааг 3 жил тутам хийж, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байх зэрэг чухал ач холбогдолтой саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо.







СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА