
Нэр бүхий захирлууд хоёр албан тушаалын цалин авдаг байна
Өөрсдөдөө тушаал гарган цалин авдаг эдгээр хүмүүс бүгд шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд гэдгийг онцлох нь чухал байх.
Тодруулбал А.Галтбаяр захирлын 2013 оны Б/628, Б/888 дугаартай тушаалаар Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн философийн тэнхимийн Сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Социологийн тэнхимийн Бакалаврын сургалтын албаны дарга Ч.Ундрам, Эдийн засгийн сургуулийн менежментийн тэнхимийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нарыг 100 хувь цалинжуулан ажиллуулах болжээ.
Уг нь тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар бол "Ажил, албан тушаал хавсран, эсвэл эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх нэмэгдэл хөлс олгоно” гэж заасан байдаг аж.
Өөрөөр хэлбэл дээрх бүх захирлууд хоёр албан тушаалыг зэрэг хашиж хоёр талаас цалин авч байна гэсэн үг.
БШУЯ-наас А.Галтбаяр захиралд зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн
Тэдний энэхүү хууль бус үйлдлийг багш нар эсэргүүцэж, БШУЯ-нд шалгаж өгөхийг хүсч гомдол гаргасан байдаг юм. Ингээд тэдний өгсөн гомдлын дагуу тус яамны Боловсролын хяналт шинжилгээ үнэлгээний албаны мэргэжилтэн Туяацэцэг шалгаад дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Тодруулбал А.Галтбаяр "МУИС-ийн захирлын 2013 оны Б/628, Б/888 дугаар тушаалаар нэр бүхий дөрвөн ажилтныг ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлж тэдгээрийн цалин хөлсийг ТҮМБ-8 дугаар зэрэглэлийн 50 хувиар тогтоон олгосон нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан "Төрийн албан хаагчид олгох бүх төрлийн нэмэгдлийн хэмжээ төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн 40 хувиас хэтрэхгүй байна”.
Мөн МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт заасан "Ажил албан тушаал хавсран, эсвэл эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд дээрх зөрчлийг арилгуулах тухай БШУЯ-ны дотоод аудитын зөвлөмжийг МУИС-ийн удирдлагад хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Түүнчлэн тус яамнаас А.Галтбаяр захиралд доорх шаардлагыг ч мөн хүргүүлсэн байдаг. Уг шаардлагад "О.Мөнхбат, Ч.Ундрам, С.Баттулга нарт олгогдсон илүү цалинг буцаан төлүүлэх, мөн холбогдох тушаалуудаа хүчингүй болгож шаардлагын хариуг 2014 оны гуравдугаар сарын 23-ны дотор ирүүл” гэсэн” байжээ.
Тус сургуулийн багш нар нь цалингаа нэмүүлэх талаар захиралдаа болон шийдвэр гаргах түвшний хүмүүст удаа дараа мэдэгдэж байсан боловч тэдний үгийг огт хүлээж авалгүй "Сургуульд ямар ч мөнгө байхгүй” гэсэн дөрөвхөн үг хэлсээр өнөөг хүрчээ.
Гэтэл тэд өөрсдөдөө тушаал шийдвэр гарган 100 хувийн цалин авч байгаа нь хэр зохистой юм бол. Мэдээж энэ их мөнгө МУИС-ийн оюутнуудын эцэг эхчүүдийн хуруу хумсаа хуйхлан байж олж тушаасан сургалтын төлбөр гэдэг нь хэн хүнд ойлгомжтой.
Тиймээс мэдлэг боловсрол өндөртэй эдгээр эрдэмтэн багш нар ингэж ёс зүйгүй аашилж буй нь харамсалтай.
Мөн бидний бичсэн мэдээллийн мөрөөр тус сургуулийн нэгэн багш "Редакци руу утасдаж хүний нэр хүндэд халдлаа. Манай захирал ямар ч мөнгө төгрөг хууль бусаар аваагүй.
Энд нэг хүний асуудал биш бүхэл бүтэн байгууллагын нэр төр гарч байгаа учраас та бүхнийг шүүхэд өгөх болно” гэж багагүй дарамталсан юм.
2013 оны 05 дугаар тогтоолд Улаанбаатар их сургуулийн тухай нэг ч үг үсэг байхгүй
Бас нэгэн сонирхолтой баримт гэвэл А.Галтбаяр захирал Улаанбаатар их сургуулийн кампус хариуцсан менежер, нягтлан бодогч томилох тухай тушаал гаргахдаа сургуулийнхаа 2013 оны 05 дугаар тогтоолыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл уг тогтоолд Улаанбаатар их сургуулийн тухай нэг ч үг үсэг байхгүй гэсэн үг. Гэтэл тэрбээр "МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн тушаах нь:
1.Удирдах зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн бүтцийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан хуучин бүтцийн Улаанбаатар их сургуулийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий кампусын менежерийн албан тушаалд профессор Э, кампусын нягтлан бодогчоор Т нарыг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс түр томилон ажиллуулсугай.
Мөн профессор Э-д ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлсийг МУИС-д мөрдөж буй цалингийн сүлжээний УАТ-3-аар 1.369.500 төгрөгийн үндсэн цалингийн 40 хувиар бодож олгохыг, Т-д хуучин бүтцийн Улаанбаатар сургуулийн ТҮ-8 сүлжээний тавдугаар шатлалаар 973.583 төгрөгийн цалин олгохыг нягтлан бодогч Т-д зөвшөөрсүгэй” гэх тушаал гаргасан байна.
Өөрөөр хэлбэл А.Галтбаяр захирал эл асуудлыг шийдэхдээ удирдах зөвлөлөөрөө ч оруулалгүй өөрөө дур мэдэн тушаал гаргасан гэсэн үг.
Дээрх бүх зүйлээс харахад А.Галтбаяр захирал МУИС-ийн нэр хүндийг өөрийн тойрон хүрээлэгч багш нартайгаа нийлэн үгүй хийж байгаа дүр зураг харагдаж буй юм. Энэ тухай багш нар нь хүртэл ярих юм билээ.
Тэгэхээр тус сургуульд бугшсан энэ бүх хууль бус үйлдлийн талаар хяналт шалгалт оруулж үнэн зөвийг нь олохгүй бол Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Топ” сургууль хэзээ мөдгүй дампуурч, цааш цаашдаа оюутнуудын халаасыг тэмтэрсээр л байх нь.
Бид өмнөх дугаарт мэдээлсэн оюутны шилжилтийн төлбөрийг А.Галтбаяр захирал хэзээ, хэдэн онд, хэдэн оюутнаас авч байсан.
Мөн шилжилт төлбөрийн коэффициент тогтоох тухай, автомашины шатахуун тос, гар утасны ярианы тариф зэргийг шинэчлэн тогтоосон тухай но-той, ноцтой баримтуудыг дахин эрэн бурвалжилж дараагийн дугаартаа үргэлжлүүлэн хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Р.Саруул
Эх сурвалж:


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1095
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих