Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудаад буй УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр намын нөхөд болон эвслийн бүлгийн талаарх сонирхолтой байр сууриудыг илэрхийлж байсан.
-Эхний асуултаа хоёулаа сонирхол татаад буй сэдэв болох халц мэтгэлцээний талаарх асуудлаар эхлүүлье гэж бодож байна. Хал мэтгэлцээнийхээ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?
-Миний бие 2012 оны наймдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн. Тэр цагаас хойш 32 хууль санаачилсан байна. Энэ нь 32 удаа Засгийн газарт хандсан гэсэн үг юм. Үүний долоон хууль нь батлагдсан. Үлдсэн хуулиудыг нь УИХ-ын дарга авдаггүй. Авлаа гэж бодоход ажлын хэсэгт шилжүүллээ гээд царцаадаг. Эсвэл янз бүрийн байдлаар дэмжихгүй унагаадаг. Энэ УИХ чинь УИХ биш АН-ын хурал болж хувираад байна. Мөн Засгийн газарт 32 удаа хандахад бүгдэнд нь дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Ийм утгагүй зүйл байж болохгүй л дээ. Би энэ ажлыг ямар ганцаараа хийдэг биш шүү дээ. Хууль санаачилж, боловсруулахад олон хүний хүч хөдөлмөр гардаг. Тиймээс би өөрийн санаачилсан "Хаалт, хөгжлийн сангийн тухай хууль"-ийг яагаад дэмжихгүй байгаа болон батлагдах ёстой гэдэг байр сууринаас Ерөнхий сайдтай мэтгэлцэхийг хүссэн урилга хүргүүлэх гэж байна.
-Ерөнхий сайд таны урилгыг хэрхэн хүлээж авах бол. Та мэтгэлцээний урилгаа хэзээ хүргүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Одоохондоо хараахан хүргүүлж амжаагүй байна. Яг одоо Индонез улсаас төлөөлөгчид хүрэлцэн ирчихсэн гадуур бага зэрэг ажилтай явна. Би Индонез, Монголын парламентын бүлгийн даргын үүргийг гүйцэтгэгдэг.
-Та яагаад шууд халз мэтгэлцээний аргыг сонгох болов?
-Манай ажлын багийнхан болон би энэ хуулийн төслийг батлуулах ёстой учраас Ерөнхий сайдтай халз мэтгэлцэх нь зөв юм гэж шийдсэн. Би өөрийнхөө өнцгөөс энэ хуулийн төслийг батлуулах хүссэн баримтуудаа дэлгэн тавих болно. Харин Ерөнхий сайд уг хуулийн төслийг батлах боломжгүй гэж үзэж байгаа шалтгаанаа олон нийтийн өмнө тайлбарлана гэсэн үг. Үүнийг нь ард түмэн үзээд өөрсдийн гэсэн дүгнэлт өгөх байх. Оюунтолгой, Тавантолгойн төсөл дээр хийгдэж бүх үйл ажиллагааг Ч.Сайханбилэг гэдэг хүн 100 хувь зөв гэж тайлбарлаж байгаа. Ард түмэн үүнийг нь шүүмжлэх эрхгүй болчихлоо шүү дээ. Ард түмэн байгалийн баялагаа хүртэх ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг санаачилсан хэрэг. Нээлттэй сонсголоор үүнийг ярих боломжгүй болчихсон. Сонголын тухай хуулиар хэлэлцэх гэхээр журамгүй болчихсон.
-Хуулийн төслийнхөө талаар танилцуулахгүй юу, "Хаалт хөгжлийн сан"-г яагаад бий болгох шаардлагатай гэж үзсэн юм бэ?
-Эрдэнэт үйлдвэр төсвийн гол ачааг үүрч байгаа. Жилд 17 хувийн татвар төлдөг. Оюутолгойгоос Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрын хэлснээр нөгөө тогтвортой байдлын гэрээ гэдгээр халхавчлаад 5 хувийн татварыг 70 жил авахаар болгочихсон. Тогтвортой байдлын гэрээгээр 5-хан хувь авч байгаа юм бол эд нар нэг л юм бодчихсон байгаа байх. Оюутолгой чинь Эрдэнэтээс гурав дахин том, Тавантолгой орд Оюутолгойгоос тав дахин том. Тэр хэмжээгээрээ татвараа өгөх ёстой биз дээ. Бид 30, 40 жил Эрдэнэтээ зулгаалаа одоо болоо. Тэгэхээр Эрдэнэтийн татварыг таван хувь болгож тэгштгэх нь зүйтэй. Үлдсэн 12 хувийг нь "Хаалт хөгжлийн сан” нэртэй тусгай санд хадгалъя гэж байгаа. Мөнгө орж ирлээ автоматаар таван хувь нь татвар руу, 12 хувь нь тусгай сан руу орно. Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг судалгаагаар 25-30 жил гэж тогтоосон. Энэ хол тоо биш ээ. Гурван сая дахь иргэн маань 30 настайдаа Эрдэнэт хотод очихоод ажилгүй амьдралгүй байна л гэсэн үг. Яг л одоогийн Налайх шиг болно. Ийм ирээдүй ийм байдлыг бид үүсгэмээргүй байна. Налайх Улаанбаатартай ойрхон байгаа учраас харьцангуй гайгүй байна. Эрдэнэт бол хотоос 360 гаруй км хол шүү. Эрдэнэтийг одоо Хот тосгоны эрх зүйн байдлыг тухайн хуулиа хэрэгжүүлээд хотыг эдэлбэр газартай болго, хот өөрийн төсөвтэй, захирагчтай болох хэрэгтэй. Ингээд нөөц сангаараа асуудлаа шийднэ. Харин мөнгөө эргэлтэнд оруулж, үхмэл биш байдлаар хадгалах нь зүйтэй. Хураагдсан мөнгөөр нь нөхөн сэргээлтийг нь хийгээд Эрдэнэтэд том үйлдвэр барьчихвал Эрдэнэтчүүдийн ирээдүй баталгаатай болно. Үүгээр л мэтгэлцье гэж байгаа юм. Бүгдээрээ бодлогоороо л өрсөлдье. Ард түмэн Ерөнхий сайдын зөв гэж үзвэл залуу хүн цаашаа Ерөнхийлөгч гээд дараагийн шат руу явах хэрэгтэй. Хэрэв буруу гэвэл энэ хүнийг улс төрөөс бүр мөсөн арчих хэрэгтэй. Би ч гэсэн улс төрд заавал байх албатай биш үү дээ.
-Та хэрвээ халз мэтгэлцээнд оролцоод ялагдвал УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэж мэдэгдсэн байсан. Гишүүнээсээ татгалзаж чадах уу?
-Уг хуулийг батлах нь зөв үү, буруу юу гэдгийг ард түмнээсээ асууя гэж шийдсэн хэрэг. Хэрвээ ард түмэн буруу байна, хэрэггүй хууль гэж үзвэл би энд гишүүн байх ямар хэрэг байх вэ. Гишүүнээсээ татгалзах уу, үгүй юу гэдэг шиг хэцүү зүйл биш. Жагсаалтаар сонгогдсон гишүүн өргөдөл өгөөд л болоо шүү дээ. Ард түмэндээ үнэлэгдэхгүй УИХ-ын гишүүн байгаад яах юм. Уг нь бол тийм Ерөнхий сайд байгаад ч хэрэггүй. Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Тэр цагт Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ямар бодлого барих гэж байгаагаа тайлбарлах цаг болсон. Эрдэнэтийн, Оюутолгойн, Тавантолгойн баялаг нэг л өдөр дуусна. 30 жилийн дараа бидний үр хүүхдүүд юугаа идэх вэ гэдэг асуудал болно. Би Засгийн газраас асуучихсан учраас мэтгэлцэх эрх нь нээгдчихсэн байгаа.
-Ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Мэдэхгүй байна. Би Эрдэнэтээс нэр дэвшинэ гээд шийдсэн ч зүйл алга. Бодвол намайг одоо Эрдэнэтээс нэр дэвших боллоо гээд баахан ярих байх. Намаас бол намайг Чингэлтэй дээр тавьсан байна лээ. Гэхдээ асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
-Цагаан сарын өмнө цагаан Засгийн газрыг огцруулах гээд бүтсэнгүй. Та огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэг шүү дээ?
-Засгийн газрыг огцруулъя гэдэг асуудлыг яагаад тавьсан бэ гэвэл одоо Монгол Улс Ерөнхий сайдгүй болчихсон. Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг үү, З.Энхболд нь уу, Ц.Элбэгдорж уу гэдэг нь ялгагдахаа больчихлоо. Зурагтаар УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажил хийгээд байсан шүү дээ. "Энэ хүн миний үгнээс гарах ёсгүй. Яагаад гэвэл энэ хүнийг бид томилсон учраас" гээд шууд л хэлээ биз дээ. Өөрөөр хэлбэл чадамжгүй Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байна. Хоёрдугаар асуудал нь Оюутолгой, Тавантолгойн гэрээ. Ч.Сайханбилэг эдгээр гэрээнүүдийг зурах гэж л Ерөнхий сайд болсон. Ашиггүй хийсэн гэдгийг Монголын ард түмэн ойлгочихсон байгаа. Сая эд нар зарим гишүүдийг нь худалдаж авч, дарамталж байж л Ерөнхий сайдаа авч үлдлээ. Хамтрана гэдэг нь хамтдаа хууль бус зүйл хий гэж ойлгох юм уу. Дотор нь ороод алдааг нь хэлдэг байх нь чухал. Одоо энэ засгийг хэн муухай харагдуулаад байна. Шадар сайдад хүн томилж чадахгүй байгаа Ерөнхий сайд муухай харагдуулаад байгаа юм уу, Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн МАХН муухай харагдуулаад байна уу. Манай л квот шүү дээ. Арваннэгдүгээр сард биднээс асуусан. Бид хүнээ нэр дэвшүүлсэн. Тэр АТГ руугаа явуулаад хариугаа аваад бушуухан шийдээд явахгүй яасан юм бэ.
-Шадар сайдад Н.Энхбаярыг томилохыг АТГ ялын хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар хориглолоо. Сүүлийн үед МАХН-ын даргын ялын хугацаа дууссан, дуусаагүй гээд маргах болсон. Энэ асуудал дээр та зөвхөн хуульч хүний хувьд хариулт өгөхгүй?
-Энэ асуудлыг хэдэн жилийн дараа их сургуулийн оюутнууд кейс болгож үнэн мөнийг нь ярилцах цаг ирэх байх. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяраас л лав ичих болов уу. Залуу хүн өөртөө ийм лай хураасан юм ярих хэрэггүй. Хуульч хүн өөрөө зарчим дээр л байх ёстой. Н.Энхбаяр гэдэг хүн надад таалагддаг болохоор би ийм зүйл яриагүй. Ерөнхийлөгчийн, АТГ зөв бол би тэдний талд орно. Ялтай юу, ялгүй юу гэдгийн энгийнээр тайлбарласан. Нэгдүгээрт, есдүгээр сарын 1-нээс хойш мөрдөгдөж буй Эрүүгийн хуулинд тийм ойлголт байхгүй. Хоёрдугаарт, ялтайд тооцно гэдэг заалтыг нь сая өршөөлийн хуульд оруулаад хэрэгсэхгүй болгочихсон. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлал гэдэг нь ял авсан хүнийг л уучилдаг. Түүнээс биш шоронд байгаа хүнийг уучилдаг юм биш. Ингэхдээ "ял шийтгэлээс бүрэн чөлөөлнө" гэсэн байдаг. Уучлал гэдэг нь өршөөлийн хууль гэдэгтэй адилхан зүйл. Ийм байхад Ерөнхий сайд асуудлаа шийдэж чадахгүй дөрвөн сар боллоо.
-Эвслийн бүлгийн хурал дээр Ерөнхий сайдыг огцруулуулж болохгүй гэж дарамталсан, эсрэг кноп дарсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх асуудал хүртэл яригдсан гэсэн. Үнэхээр тийм зүйл болсон уу?
-Эвслийн бүлгийн ихэнхи нь сайд учраас Засгийн газраа хамгаалж үлдэнэ шүү дээ. Би бүлгийн даргаа соль гэж зөндөө хэлсэн. Эвслийн бүлгийн дарга нь сайд байсан учраас сая хүртэл Ж.Амарсанаа даргыг огцруулахад орж ирээд ирц бүрдүүлж л байна. Урвагч гэдэг шиг. Ийм байж болохгүй шүү дээ.
-Нэг өдрийн настай ээлжит бус чуулганыг үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гээд улстөрчид маргаж байна. Зарим нь ч төрийн ажил гацаалаа гэж тайлбарлаж байна?
-Зарим хүмүүс төрийг гацаалаа гэсэн зүйл яриад байх юм. Төр гацаагүй шүү дээ. Ээлжит бус чуулган хүн огцруулах чуулган байж болохгүй байхгүй юу. Тэр хүн удахгүй л хугацаа нь дуусаад чөлөөлөгдөх байсан. Хугацаатай юм хугацаатай, болох ёстой юм болохоороо явчихад юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ. Ээлжит чуулганд оролцохгүй байна гэдэг нь ээлжит бус чуулган хуралдах ёсгүй гэсэн л улс төрийн шийдвэр. Ээлжит чуулгандаа ороогүй бол буруутгаж болно. Ер нь төр юугаараа гацчихаад байгаа юм бэ. Д.Тэрбишдагва дарга тийм юм ярьж болохгүй шүү дээ. Тийм арьчаагүй байж болохгүй байхгүй юу. Ийм болохоор л МАХН өнгөрсөн сонгуулиар МҮАН-тай эвсэж орсон нь том алдаа байсан гэдгийг би хариуцлагатайгаар хэлдэг. Тухайн үед Н.Энхбаяр дарга шоронд байсан. Би түүнтэй уулзаад зөвхөн Ногоон намтай эвсэж оръё гэсэн. Гэтэл хаанаасаа ч юм бүү мэд МҮАН гарч ирээд хамаг юмыг бужигнуулаад эхэлсэн. Энэ бол эвслийн зовлон. АН ч гэсэн энэ зовлонг амсаж байсан. Аргаа барахдаа тэд эвслээ эрт задалчихсан. Харин манайх өдий хүртэл тэвчиж явлаа.
-Эвслийн задлах, тараах гэдэг асуудал яригдах боллоо. Тийм зүйл болох уу?
-Би Н.Энхбаяр даргад эвслийн тараая гэж шууд хэлсэн. Тэрбээр, сонин л санаа байна. Юмыг тараах, хагалгаж, бутаргах амархан шүү дээ. Болох уу, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй гэж байна лээ. Би бол тараасан нь дээр гэж үзээд байгаа юм. Тарах цаг нь болсон.
-Яагаад?
-Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг дээ. Тэд явна гэдгээ аль эрт зарлачихсан. Бид тэдний хорыг улам л амсаад л байна. Би бүлгийн даргаа соль гэж зөндөө хэлсэн. Одоо хүртэл солихгүй байна. Нэг нэр дуулдах юм тэрийгээ тавихгүй юм. Би хүн олдохгүй байвал бүлгийн даргаа надад өгчих ч гэж хэлж үзсэн. Харин намайг бүлгийн дарга болгоход МАН, АН-ынхан нь дургүй л юм билээ. Манайх чинь их сонин бүлэг шүү дээ. АН-ын бүлгийн дарга манай дээр орж ирээд хэнийг сайд болгох вэ гэдгийг хэлж өгдөг. Бид ингэж дээрэлхүүлж явсаар байгаад л дууслаа. Ингэж их зовлон амсчихаад ялагдвал яана даа л гэж би харамсаж сууна. Манай сайд нар ажлаа хийхгүй байна гэж би зөндөө сануулсан. Бид дүнгээ тавиулна шүү. Нөгөө Тавантолгой яасан бэ. Оюутолгойг 51 хувь болгоё гээд байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын яагаад дугарахгүй байгаа юм бэ. Тэр зөрчлийг энэ хоёр хүн ажлын хэсэгт нь ороод илрүүлчихсэн. Гэтэл тэд маань дугарч өгөхгүй, хурлаас гарч зугтаагаад байх юм.
-Эвслийг бүрдүүлэгч хоёр намын нэг болох МҮАН-ынхан АН руу явах боллоо. Тэгвэл сүүлийн үед МАН, МАХН-ын нэгдэх, эвсэх асуудал хүчтэй яригдаж байна. Тийм зүйл болох уу. Яриа хэлэлцээр өрнөж байна уу?
-Нэгдэх л ёстой. Уг нь нэгдэж сонгуульд орвол сайн. Тэгээсэй гэж би хүсч байгаа, уриалж байгаа, шаардаж байгаа. Яагаад гэвэл бид хар машинтай "хар масс”-тай бид тулна. АН-ынхан төрийг хоёр удаа барьсан. Эхнийх дээр нь төрийг хямралд, түмний ядууралд оруулаад дууссан. 2000 оноос арай гэж ард түмний нуруу нь тэнийгээд овоо болж байсан чинь 2012 онд дахин засгийн эрх аваад ам.долларыг 2030 төгрөг болгочихлоо. Энэ бол бодит баримт.
-Таныг намаасаа гарахаар ярилцаж байгаа гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Та намаа солих бодолтой байна уу?
-Баасанхүү намдаа цөөнх болжээ гэсэн яриа гадуур их яригдаж байх шиг байна. Нэг угшилтай юм чинь МАН руу л явах гээд байна гэсэн яриа гарч бас дуулдах л юм. Яагаад болохгүй гэж. Би МАН-ын гишүүдтэй найзууд, дарга нартай нь ч зүгээр л харьцаатай. Гэхдээ би солихдоо тулвал урваж биш, найз нөхдийнхөө "араас хутга шааж” биш, ажилд нь саад болж гарахгүй. Би хэлсэндээ байж, хийе гэсэн зарчмуудыг маань хүлээн зөвшөөрөхгүй бол улстөрийн өөр хүчинд орж болно.
Г.Лхагваа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих