АНУ-ыи Үндэсний аюулгүй байдлын алба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху тэргүүтэй удирдагчдын утасны яриаг чагнасан гэсэн мэдээлэл "Wikit.eaks” цахим хуудсанд өчигдөр тавигджээ.
Мэдээлэлд хэд, хэдэн тохиолдлын талаар тодорхой дурдсан байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичтийн дарга Бан Ги Мун, ХБНГУ-ын Канцлер А.Меркель нарын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хийсэн уулзалт америкчуудын гарт хууль бусаар орсон байна. Мөн Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигой уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзахад дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг АНУ-ын Аюулгүй байдлын албаныхан тагнаж баримтжуулжээ. Европын холбоо, Японы гадаад худалдааны сайд нар Дэлхийн худалдааны байгууллагын талаар санал бодлоо солилцсоныг ч нууцаар чагнажээ. "Wikit.eaks” мэдээллийн багагүй хэсэг нь урьд өмнө нь олон нийтэд цацагдсан баримтуудаас ач холбогдлын хувьд өндөр, "маш нууц”-ын зэрэглэлд орохоор байгааг дэлхийн мэдээллийн агентлагууд онцолж байна.
АНУ-ын Аюулгүй байдлын алба дэлхийн улс орнуудын удирдагчдын утасны яриаг тагнаж чагнадаг тухай мэдээлэл анх гарч байгаа юм биш. Германы "Шпигель” сэтгүүл 2014 онд "АНУ А.Меркелийн утасны яриаг 2002 оноос Холбооны канцлераар сонгогдтол нь чагнаж байсан” гэсэн утгатай мэдээлэл гаргаж шуугиан тарьж байсан удаатай. А.Меркель 2005 онд Канцлер болсон юм. Энэ талаархи дэлгэрэнгүй баримтыг ОХУ-д түр оршин сууж буй Эдвард Сноуден уг сэтгүүлийн редакцид ирүүлсэн байдаг. "Шпигель”-д ирсэн баримтуудад АНУ-ын тагнуулын алба дэлхийн 80 хотод байрладаг, тэдний 19 нь Европынх. Берлинд байрладаг ийм алба нь Германы Засгийн газрын ордноос холгүй, АНУ-ын ЭСЯ-ны хажууд, бас нэгэн салбар нь Майн дахь Франкфуртад байдаг гэх мэт ноцтой мэдээллүүд багтаж байсан юм.
Түүнээс гадна "Шпигель" - сэтгүүл дээрх шуугиант мэдээллийг нийтлэхээс ч өмнө Их Британийн "The Guardian” сонинд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба дэлхийн 35 улс орны удирдагчдын утасны яриаг чагнадаг, тэдний дунд Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид байгаа гэсэн мэдээллийг цацаж байсан юм.
Тус алба дэлхийн бүх улсын телефон утасны яриаг 100 хувь чагнах чадвартай тусгай систем ашигладаг гэсэн мэдээллийг "Вашингтон пост” сонин 2013 онд цацаж байсан удаатай. Уг мэдээлэлд "Үндэсний аюулгүй байдлын алба 2009 онд MYSTIC хэмээх программыг ашиглалтад оруулсан бөгөөд энэ программ нь бараг бүх орны телефон утасны яриаг чагнаж, бичиж аван нэг сарын хугацаанд хадгалах боломжийг олгодог. Бүх ярианы нэг орчим хувийг шинжээч нар сонсдог бөгөөд сар бүр хэдэн сая ярианы бичлэгийг удаан хугацаагаар хадгалах шийдвэр гаргадаг” хэмээн дурдсан байв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих