Хөдөлмөрийн яам болон МСҮТ-үүдийн багш, оюутнууд өвс тэжээл, хүнсний бүтээгдэхүүнээс гадна бэлнээр 9.9 сая төгрөг нийт 31.5 сая төгрөг хандивлав.
МАЛЧДАД ХҮРГЭХ ХАЛУУН СЭТГЭЛИЙН ТУСЛСАМЖ
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай болжээ. Энэ сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрээд байна. Ус цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрсөн оны арван хоёрдугаар сард үнэлгээ хийхэд 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байжээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд төрийн үйлчилгээ, өвс тэжээлийн тусламжийг цаг алдалгүй хүргэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Хаваржилт хүндэрч, 125 мянга гаруй толгой мал хорогдоод байна
Одоогоор 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 10.998.1 тонн өвс буцалтгүй тусламжаар үнэгүй олгох, 7.367.3 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгохоор болоод байна. Түүнчлэн малчид бэлэн мөнгөний хомсдолд орсон тул ядуу өрхөд дулаан хувцас, тэжээллэг хүнс, эм тариа худалдан авахад 4.1 тэрбум, өвс, тэжээл худалдан авахад 2.5 тэрбум, нийт 6.6 тэрбум төгрөгийг санхүүжилтийг шийдэх шаардлага тулгараад байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн хэлэхдээ "Зудтай сумын малчид хүндхэн хаваржиж байна. Зарим газарт хүмүүнлэгийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд тусламж үзүүлж байгаа. Монголын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг найман аймгийн зарим сумын 1800 малчин өрхөд 134 сая төгрөг бэлнээр тарааж, зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэсэн.
Зуднаас гадна малын гоц халдварт өвчин тархаж байгаа нь эдийн засагт чамгүй хохирол учруулж байна. Нэг аймгийн хоёр суманд шүлхий, таван аймгийн 16 суманд хонины цэцэг өвчин гарсан. Малын гоц халдварт өвчний үед хийх вакцины хомсдол үүссэн тул вакцин үйлдвэрлэхэд 1.3 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байна” гэв. Түүнчлэн отрын бүс нутагт мал ихээр орсонтой холбоотойгоор бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагджээ.
Улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн тусламж өгөхийг уриалах шийдвэр гаргажээ.
АРХАНГАЙД МАЛ БЭЛЧЭЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛОВ
Архангай аймгийн онцгой байдлын газрын орлогч дэд хурандаа Д.Эрдэнэбаатар "Аймгийн хэмжээнд энэ жил цас их орсноос есөн суманд өвөлжилт хүнд байна. Үүнээс Хангай, Цахир, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Жаргалант, Хашаат сум цас ихтэй байгаа. Эдгээр суманд цасны зузаан 20- 30 см хүрч, хөрлөж хатуурснаас мал бэлчээрлэх боломжгүй болоод байна. Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын нутгаар харьцангуй цас багатай ч өвс ургамлын ургац муу, зундаа гандуу байсан болохоор хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд одоогоор 2000 гаруй мал хорогдоод байна. Малчид малаа тээврийн хэрэгслээр ачиж, цас багатай нутгуудаар отор хийж байгаа” гэлээ.
МАЛЧДАД ТУСЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР
Зудтай аймгуудад тусламж үзүүлэх арга хэмжээ олон газарт зохион байгуулагдаж байна. Булган аймгийн Тэшиг, Баян-Агт, Сайхан, Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын малчид хүндхэн хаваржиж байгаа аж. Иймд аймгийн Засаг дарга хандивын уриалга гаргасны дагуу байгууллага, аж ахуйн нэгжүүд, сургуулийн сурагчид, оюутнууд 1.5 сая төгрөгийн малын тэжээл, нэмнээ, саван ажлын бээлий, дулаан хувцас аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
- Зуднаас гадна малын гоц халдварт өвчин тархаж байгаа нь эдийн засагт чамгүй хохирол учруулж байна.
- Архангай аймгийн Цахир, Тариат, Чулуут зэрэг суманд цасны зузаан 20-30 см хүрчээ.
- Малчдад туслах аяны хүрээнд өвс, тэжээл, дулаан хувцас хандивласаар байна.
- 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай болжээ
Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагынхан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Аяны эхний ээлжинд цугласан хандивын мөнгө, эд материалын зүйлсийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мягмар гарагт МУЗН-ийн Гамшгийн менежментийн багт өглөө. Тус яамны хамт олон "Малчдад туслах аян”-ы хүрээнд нэг өдрийнхөө цалингаа хандивласан бол яамны харьяа 37 МСҮТ, Политехник коллежийн багш ажиллагсад, оюутан сурагчид малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379, бээлий 1316 ширхгийг оёж, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, саван 686 ширхэг гээд 21.5 сая төгрөгийн эд зүйлс, 9.9 сая төгрөг цуглуулснаа өгөөд байна. Малчдад хэрэгцээтэй эсгий гутал 100 хосыг худалдан авснаа энэ өдөр МУЗН-т хүлээлгэн өгчээ.
Б.Ганаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих