
– "Шангри Ла” зочид буудлыг эзэмшдэг MCS компани АСЕМ-ийн зочдын үйлчилгээний стандартад нийцүүлэн парк дундуур авто зам тавих шаардлагатай гэж үзэж байгаа бол нийт 12 га газрыг нь эзэмшдэг "Бодь” групп газар дээрээ тийм төлөвлөлт тусгаагүй хэмээн эсэргүүцсэн байна-
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн 32 га газрыг хувааж авсан компаниудын хооронд дахиад газрын маргаан үүсчээ. Өөрт оногдох газартаа өмч хөрөнгөө босгоод өвөр зуураа хэрүүл тэмцэлгүй хэдэн жил болсон тэдний хооронд дараагийн зөрчлийг үүсгэсэн шалтгаан нь АСЕМ-ийн хурал. Асуудлыг тодруулбал, яах аргагүй АСЕМ-ийн бэлтгэл ажлаас үүдээд газрын асуудал сөхөгджээ.
Товчхондоо "Шангри Ла” зочид буудлыг эзэмшдэг MCS компани АСЕМ-ийн зочдын үйлчилгээний стандартад нийцүүлэн парк дундуур авто зам тавих шаардлагатай гэж үзэж байгаа бол нийт 12 га газрыг нь эзэмшдэг "Бодь” групп газар дээрээ тийм төлөвлөлт тусгаагүй хэмээн эсэргүүцсэн байна.
Тус группийн "Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь хүүхдийн паркийн төслөө Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлдэг. Энэ явдал АСЕМ-ийн хурлын бэлтгэл хангах ажлын хэсгийн түвшнээс хальж, Улаанбаатар хотын захиргаа хүрчээ. Үе үеийн эрх баригчид энэ хоёр компанийн "атганд” байдаг хойно хотын удирдлагууд хариулт өгч чадахгүй жинхэнэ тэвдэцгээж байгаа юм байна.
Хүүхдийн паркийн газраас болж нэг хэсэгтээ л олонд чичлүүлсэн "Бодь” группийн "Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь "Голомт” банкны эзний мэдлийнх аж. Тус компани нь хүүхдийн паркийн 32 га газрын 12 га-г эзэмшдэг бол УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн "Мон Уран” компани 1.1 га, "Шангри Ла” зочид буудлыг барьсан "MCS Hotel” групп 3 га, "Сөүл” ресторан 0.9 га газрыг нь тус тус эзэмшдэг байна.
Хүүхэд, залуучуудын хөгжил, соёл, чөлөөт цагт зориулагдсан бүтээн байгуулалт нэртэй ч хэдэн компанийн бизнес цэцэглэж байгаа хүүхдийн паркийн газар дээрх MCS ба "Голомт”-ын хоорондох зөрчил энэ хаврын дуулианд "хуруу хошуу” нэмэх нь. Тэд өмнө нь ч энэ асуудлаар хангалттай үзэлцэж, аль аль нь санасандаа хүрч, нэг нь Шангри Лагийн газартай нөгөө нь Хүүхдийн парктай болоод үлдсэн. Маргаанд аль тал ялах нь ард иргэдэд чухал биш. Гэхдээ энэ удаагийн зөрчил нь тус хоёр компанийн бизнесийн үнэ цэнэ, монголчууддаа хүртээсэн өгөөж нь юу юм бэ, амжилттай яваагийнх нь ар талд чухам ямар хүчин зүйл байдаг юм бэ гэдгийг дэнслэх шалтаг боллоо.
Үнэндээ өнөөдөр MCS компани улстөрчдийн тэмцлийн золиос болоод байгаа мэт харагддаг ч өөрсдөө тэд үе үеийн төр, засгаас давуу эрх авдаг байсныг нотлох жишээ хангалттай бий. Өрсөлдөгчийнх нь үг хатуу ч үнэндээ спирт, архинаас өөр юу үйлдвэрлэсэн юм бэ гэдэг асуулт үнэний ортой. Үүсгэн байгуулагчдадаа л өгөөжөө өгдөг ийм компаниудыг "баялаг бүтээгч”, "үндэсний компани” гэж өргөмжилдөг цаг үеэ бид ардаа орхиод арай илүүтэй урагш харахсан. Хувийн хэвшил үүсээд хорь илүү жил өнгөрч байхад "үндэсний” гэгддэг толгой компаниуд нь өнөөдөр хөөрхий төсвөөсөө "угжтай”, төрөөсөө татаастай хэвээр. Тэд паркийн газар, улс төрийн хэрүүлийн ард "хутгуур” хийх биш үндэстнийхээ хөгжлийн зүтгүүрийн үүрэг гүйцэтгээд хамтдаа хөгжиж байвал гоё. Даанч тэдэнд ийм хоншоор дутна. Аль аль нь Монголын худалдагдсан улстөрийг хангалттай ашиглан, нийт татвар төлөгчдөөс цугладаг багахан төсвөөс нь хангалттай хооллодог "үндэсний” аваргууд. Үе үеийн Засгийн газар хамаг л мөнгөтэй ажлаа эдэнд өгдөг. Харамсалтай нь ханаж цадахаа мэддэггүй нь үнэн. "Шангри Ла”-гийн зочид буудлын шил толь болсон үүд хүртэл цардуулдсан зам тавина гэдэг нь "зайлшгүй” зүйл мөн ч юм уу? Бүтээн байгуулалт хийнэ гэж бүхнээс харамласан газар дээрээ өнөөдүүл нь тэгнээд хэвтэх нь бас зөв ч юм уу?!
Паркийн газраас болж фактаа дуудуулахдаа хүрч байгаа тэдэнд нэг нь нөгөөгөөсөө ялгарах зүйл тийм их биш. Уурхай ч тэр, банк ч тэр баялаг бүтээж биш баялгийг "дамладаг” л бизнес. Бизнесийн салбарын шилдгүүд гэгддэг ч өнөөдөр ийм өргөмжлөл хүлээсэн компаниудын ихэнх нь улсаа, төсвөө, уул уурхайгаа ухаж мөлжиж байгаа, үүнийхээ тулд үе үеийн засгийн өнгөн дээр улстөрчдийг лоббидон бусдаас давуу эрх олж авдгийн жишээ нь дээрх хоёр компани. MCS Ухаахудагийн ордыг, "Голомт” банк "Сэргээн босголтын банк”-ийг яаж авсныг сөхөхгүйгээр шинэ тулгар зах зээлийн нийгмийн "сургамж” гээд зүгээр орхиё. Хүхдийн паркийн газрыг ч бас тэдэнд үлдээе.
Харин цаашаа хол явъя гэвэл баялгаас олсон мөнгөөрөө улстөрчдийн ард санхүүжилт хийдгээ болиод сайн сайхныг санхүүжүүлэх хэрэгтэй биз. Төрөөс, улс төрөөс, төсвөөс, төрийн өмчөөс "цавчдаг” бизнесийн балчир үе чинь Та бүхний хувьд ард хоцрох цаг уг нь болсон баймаар.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих