Та бүхэнд Ялалтын баярын мэнд хүргэе! Тухайн үед манай гараг дээр оршиж байсан 73 улс орны 61 нь Дэлхийн II дайнд оролцож хоорондоо тулалдсаныг уншигчид маань мэдэх байх. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын 80% энэ дайнд хамрагдсан. Дэлхийн 3 тив, 4 далайд дайн байлдаан өрнөсөн төдийгүй энэ бол цөмийн зэвсэг хэрэглэсэн цорын ганц дайн (одоогоор). Ардчиллын өлгий гэж өөрийгөө нэрлэдэг Америк гүрэн тэгэхэд Японы Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөг шидсэн билээ. Дэлхийн II дайн 1939.9.1-нд эхэлж, Гитлерийн Герман 1945.5.2-нд, харин милитарист Япон 1945.9.2-нд бууж өгснөөр дуусгавар болсон. Энэ аймшигт дайнд 60-65 сая хүн амь үрэгдсэн билээ. Дайны хамаг хүндийг нуруундаа үүрсэн ЗХУ /одоо Орос улс/ 27 сая цэрэг офицер, ард иргэдээ аймшигт дайнд алдсан юм.
Туурга тусгаар Монголын маань 300 гаруй иргэн сайн дураараа ЗХУ-ын армид оросуудтай мөр зэрэгцэн фашистуудын эсрэг тулалдаж явжээ. Дэлхий II дайн манай Монголын газар нутаг дээр ч өрнөж, олон сайхан аавын хүү милитарист япончуудтай тулалдан эх орныхоо төлөө амиа өгсөн билээ. II дайны үед Холбоотнуудаас үзүүлсэн буцалтгүй тусламжийн 30 орчим хувь нь Монголынх байсан юм. Манай ард түмэн мах, ноос, арьс, морь мал гээд байгаа бүхнээ фашизмын эсрэг тэмцэлд хандивлаж байлаа. Ганц жишээ дурдахад, Монгол Улс нийт 8 цуваагаар 25,3 сая төгрөгийн хүнс, дах дэгтий, эсгий гутал, хувцас зэргийг илгээсэн. 1945 оны эхээр сүүлийн 9 дэх цуваа гэхэд л 127 вагоноос бүрдэж байв. Зөвхөн "Хувьсгалт Монгол" танкийн цуваа үйлдвэрлэхэд монголчууд 1942 оны 2 сард нийт 2,5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алт бэлэглэжээ. Энэ 53 танк тус бүр өөрийн гэсэн нэртэй байжээ, "Сүхбаатар", "Маршал Чойбалсан", "Ард", "Төв аймгийн ард иргэдээс", "Дорнод аймгийн ард иргэдээс", "Улаанбаатарын хөдөлмөрчдөөс", "Хатанбаатар Магсаржав", "БНМАУ-ын пионерууд, сурагчдаас", "Монголын эмэгтэйчүүдээс" гэх мэт. Мөн манайхан байлдааны нисэх онгоцуудыг үйлдвэрлэхэд ч мөнгө хандивласан билээ.
"Монгол ард" бол ЗХУ-д бэлэглэсэн сөнөөгч онгоцуудын эскадриль. Манай Монголын ард түмэн 1943 оны 7-р сарын 31-нд 2 сая төгрөг илгээсэн. Дараа нь Сталин энэ мөнгөөр байлдааны 12 онгоц бүтээсэн гэж цахилгаан илгээжээ. Тэр бүү хэл зарим монгол гартаа зүүсэн алтан бөгжөө, хамгийн хайртай хурдан морио ч Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэж байсан юм. ....
Тиймээс агуу Ялалтад бид хувь нэмрээ оруулсан ард түмэн. Монгол Улс бол дайны эхний өдрөөс Оросыг (ЗХУ) дэмжсэн цорын ганц орон, харин Америк тэргүүтэй орнууд бүр 1944 онд II фронтыг нээсэн юм. Өөрөөр хэлбэл, оросууд дайнд ялах нь тодорхой болсны дараа.
Фашизм, милитаризмын аюулыг няц дарсан баатруудын гавьяа үүрд мөнх бадраг!
-Буриадын зохиолч, ОХУ-ын Зохиолчдын холбооны Виктор Балдоржиев Дэлхийн II дайнд оролцож, Ялалт авч ирсэн буриад зоны тухай бичсэнийг орчуулан хүргэж байна-
Маань уншдаг Абар
Зөвлөлтийн армийн дэслэгч Абарзади Батоевич Дагбаев торгуулийн 39 дүгээр батальонд алба хааж, үйлдсэн хэргээ цусаараа угааж, цагаатгасан юм. Хэрэг ч гэж дээ, тийшээ цөлөгдсөн нь хүүхэнтэй холбоотой. Орос даргын эхнэр түүнийг шохоорхох болсноос бүх юм эхэлжээ. Хүдэр буриад эр эхнэрт нь таалагдаж байгааг анзаарсан цэргийн дарга учиргүй харддаг байв. Бүдүүлэг, тэнэг дарга эхнэрээ элдвээр доромжилж байгааг харсан буриад залуу тэссэнгүй, түүнд гар хүрчээ. Ингээд түүнийг торгуулийн суман руу илгээсэн аж.
Абарзади энд 1944.12.01-1945.01.06-ны хооронд тулалджээ. Түүнийг сахилга баттай, эрэлхэг зоригтой гэж дарга нар нь тодорхойлсон байдаг. Саперч Дагбаев минажуулсан талбайгаар салаагаа удаа дараа амжилттай гаргасан. Нэг удаа бүр дайсны шуурган галын доор 70 мина аюулгүй болгож, өөрийн салааг ямар ч гарз хохиролгүй нөгөө талд гаргасан байна. Ээлжит гардан тулаанд жад барин орсон тэдний батальоноос гуравхан хүн амьд үлдсэн юм. Аймшиггүй, чин зоригт Дагбаевыг хугацаанаас өмнө торгуулийн сумангаас чөлөөлжээ. Тэрээр 1941 оны зургадугаар сард төгсөлтийн үдэшлэгийн дараа шууд цэрэгт татагджээ. Ухралтын гашуун сургамж, бүслэлтийн аймшиг, урагш давших агуу урам зоригийг мэдэрсэн нэгэн. Сталинградын тулааны дараа түүнийг "Улаан од", "Эр зориг одон"-гоор шагнасан юм.
Дайны үеэр сонирхолтой үйл явдал бишгүй тохиолддог. Дайсны байлдааны онгоцууд агаараас дайрч, их буугаар буудах болгонд Абарзади учиргүй мөргөж, "Ум ма ни бад ми хум” гэж залбирч гардаг байлаа. Залбирах болгонд Абарзадид дандаа аз дайрч, амь аврагддагийг түүнтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан цэргүүд анзаарчээ. Сүүлдээ оросууд дайсныхаа онгоцуудыг хармагц "Хөөе, Абар хурдал, нөгөө дуугаа дуулаарай” гэдэг болсв. Ийнхүү оросууд хүртэл сүүлдээ маань мэгзэм уншихын ид шидэд итгэдэг болжээ.
Дайны дараа тэр гэртээ ахмад цолтой харьсан юм. Абар тэтгэвэрт гартлаа цэргийн сургуульд багшилжээ. Амьдралд дуртай, хөгжилтэй эр байсан гэж түүний талаар нутгийнхан нь одоо ч дурсдаг. Дагбаев найман хүүхэдтэй, 16 ач зээтэй, зургаан гучтай өнөр айлын тэргүүн болсон.
Берлин хүрсэн буриадууд
Байгалийн чанадад орших бөглүүд тосгоноос дайнд мордсон буриад эрчүүд Германы Берлин хот хүрсэн юм. Алдарт Бранденбургийн хаалганы дэргэд авахуулсан тэдний зургийг танилцуулахад зүүн гар талаас гурав дахь нь Лодоновын Батмөнх. Сталинградаас Берлин хүрсэн буриад эр Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа шагнуулжээ.
365 фашистыг хороосон мэргэн бууч
Семен Данилович Номоконов бол алдартай мэргэн бууч. Түүнийг германчууд "Сибирийн бөө” гэж хочилдог байсан юм.
Волховын фронтын сонинд түүний талаар "Тэр бол мэргэн бууч, фашистуудын аянга. Алтан гартай, бас хурц, мэргэн хараатай” хэмээн бичиж байжээ.
Буриад хөвүүн Номоконов Байгалийн чанад дахь цэргийн тойргийн "Хүндэт цэрэг” болсон төдийгүй Алс Дорнодод япончуудыг бут цохиод гэртээ морь унан эргэж ирсэн гэдэг. Командлагч өөрөө түүнд энэ морийг бэлэглэж, бас винтов буугаа авч харихыг зөвшөөрсөн ажээ. 1970-аад онд Германы нэгэн эмэгтэй түүнд захиа бичиж, "Та хэдэн хүн хороосон бэ? Амгалан тайван нойрсч чаддаг уу?” хэмээн асуухад Номоконов "Би тоолоогүй” хэмээн хариулсан байдаг.
С.Д.Номоконов 365 фашистыг цааш харуулсан мэргэн бууч билээ. Тэрээр Чита мужийн Могойтой районы Зугалай тосгонд амьдарч байсан юм.
Зенитийн ангийн мэргэн бууч Даваа
Зөвлөлтийн арми Одер мөрнийг гатлах үед дайсны онгоцууд маш хүчтэй дайрч, бөмбөгдсөн эхэлжээ. Энэ үеэр зенитийн бууч Гарбуев маш мэргэн онилж, нэг тулаанд дайсны долоон онгоцыг сөнөөсөн юм. Түүний ур чадварыг ихэд биширсэн командлал баатрын цолд тодорхойлсон байна. Гэвч хүнд сурталтай түшмэдийн гайгаар Гарбуевт Байлдааны улаан тугийн одон л өгчээ.
Партизан Бадам
Брянщин (Новозыбков-Мглин-Клинц) дэх "Спартак” хэмээх партизаны отрядын аймшиггүй, чин зоригт командир Бадам Жабоны тухай өгүүлье. Тэрээр ганцаархнаа 125 фашистыг хөнөөсөн дайчин. Тэр мөн төмөр зам дээр Германы цэргийн найман цуваа, 13 авто машиныг устгажээ. Зохиолч Виктор Балдоржиев энэ хүний талаар "Галт зам” хэмээх тууж бичсэн билээ. Бадам байлдаанд шархдахын өмнө Шүхрийн десантын /тухайн үеийн нэрээр/ ангид алба хааж байжээ.
Даруу, төлөв зантай түүнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар 1996 онд баатар цол олгосон. Харамсалтай нь Бадам энэ тушаал гарснаас 14-хөн хоногийн дараа өөд болжээ.
Орчуулж, эмхэтгэсэн М.Цогзолмаа, www.mnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих