Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд худалдаж байна хэмээн АНУ Хятадын ган үйлдвэрлэгчдийг буруутгаад, импортын татвараа тав дахин нэмэгдүүлсэн байна. Энэ татвар нь чингэлэг хийх болон автомашин үйлдвэрлэх, мөн барилгын салбарт ашигладаг ганд хамаарах ажээ. Хоёр улсын худалдааны харилцаа муудаад байгаа энэ үед АНУ-ын Худалдааны яам ийм шийдвэр гаргасан АНУ, БНХАУ-ын харилцааг улам хурцатгаж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид дотоод дахь илүүдэл гангаа их хэмжээгээр гадагш нь гаргаснаар гангийн ханшийг унагаж, дэлхийн зах зээл дээр гажуудал үүсгэж байна гэж АНУ болон Европын ган үйлдвэрлэгчид үзэж байгаа юм байна. Үүнээс гадна АНУ-ын ган үйлдвэрлэгч томоохон компаниуд Хятадын гангийн импортыг бүрмөсөн хориглох зорилгоор Олон улсын худалдааны эрхийн комисст хандан зарга мэдүүлжээ. Хятадын үйлдвэрлэгчид шударга бус аргаар өрсөлдөж байгаагийн улмаас өнгөрсөн онд гэхэд АНУ-ын гангийн үйлдвэрүүдийн 12 мянга орчим ажилчин ажилгүй болжээ. Харин БНХАУ-ын зүгээс гангийн үйлдвэрт үүсээд буй асуудал бол манай эдийн засгийн өсөлт сул байгаатай холбоотой бөгөөд гангийн үйлдвэрлэлийг бууруулах арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн байна.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих