
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан өнгөрсөн даваа гаригт орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудтай видео хурал хийжээ. Энэ үеэр Монголоос алмааз олдсон тухай ярьсныг эх сурвалжууд хэлэв. Эх сурвалжийн хэлж буйгаар, Өмнөговь аймгийн нутгаас алмааз их хэмжээгээр олдсон бололтой. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулгаас энэ талаар тодруулахад, "Манай аймгийн Цогт-Овоо сумын нутгаас алмаазтай төстэй чулуулаг олдсон. Яг алмааз гэж хэлэхэд эрт байна. Энэ талаар өчигдөр хурлын үеэр удирдлагуудад хэлсэн байгаа. Элсэн чихрийн ширхэг шиг хэмжээтэй чулуулгууд их хэмжээгээр олдож байгаа гэсэн. Бид тэр чулуулгаас дээж авсан. Удахгүй Геологийн төв лабораторид дээжийг нь явуулж шинжлүүлье гэж бодож байна" гэв.
Цогт-Овоо сумын нутгаас алмааз эрдэнэ олдсон гэх мэдээлэл гэрлийн хурдаар тархаж байгаа ажээ. Нутгийн иргэд шөнө оройгоор алмааз олдсон гэх газарт бөөн бөөнөөрөө хүрз, жоотуу барин дайрч ухаснаас байгаль орчныг сүйтгэх эрсдэлтэй байна. Ойр хавийн сумын иргэдэд ч дээрх мэдээлэл хүрснээс машинтай хүмүүс цугларч эхэлжээ. Газар дээр нь очсон иргэд алмааз гэх чулуулгийг шүдэнзний мод, скочинд наалдуулан авч байгаа гэнэ. Зарим нь олсон чулуугаа иргэдэд маш өндөр үнээр зарсан гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагад хүрсэн байна. Одоогоор Цогт-Овоо сумын нутагт цугласан "нинжа" нарыг хүчлэн тараах ажлыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрынхан явуулж байгаа юм.
"Үндэсний шуудан"

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1755
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих