Дорнод нутгийн унаган хүү, МУГД Ё.Төмөрбатаагийн шавь, "Рио-2016” Олимпийн наадмын Хүрэл медальт Д.Отгондалайгийн дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнэбаярыг танилцуулж байна.
Тэрээр 1976 онд Дорнод аймагт төрсөн, Дорнод аймгийн Жоншны үйлдвэрийн даргаар олон жил ажилласан Э.Болдын тав дахь хүүхэд юм. Ээж Гэндэндамбын Эрдэнэчимэг нь Дорнод аймгийн Жин хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарчээ.
Б. Эрдэнэбаяр 1994 онд Чойбалсан хотын 10 жилийн 1 дүгээр сургууль, 1998 онд БТДС -ийг төгсөж, Боксын дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн аж. Тэрээр 1990 оноос эхлэн боксын спортоор хичээллэж улмаар Улсын шигшээ багийн тамирчин /1996-1999 онд/ болтол хөдөлмөрлөж ОУХМ цол хүртсэн.
2001 – 2012 онд "Шижир алт” клубийн үүсгэн байгуулагч, ахлах дасгалжуулагч,
2012 – 2013 онд Монгол улсын Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч,
2013 оноос Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй.
Ийнхүү амьдралынхаа 11 жилийг тамирчин, 15 жилийг дасгалжуулагчийн нэн хариуцлагатай нэр хүндтэй албыг хашиж спортын салбарт, түүн дотроо боксын спортын төлөө 26 жил тасралтгүй хөдөлмөрлөж амьдралаа бүрэн зориулж явна.
ОУХМ Б.Эрдэнбаяр нь 1990 онд МУГД Ё.Төмөрбатаа багшид шавь орж боксын спортоор хичээллэж эхэлсэн тэр цагаас авъяас чадвар нь тодорч Монгол Улсын Залуучуудын аварга, УАШ-х насан хүрэгчдийн тэмцээний 2 мөнгө, 9 хүрэл медаль болон олон улсын тэмцээнүүдээс нижгээд алт, мөнгө, хүрэл медалиудыг олноор хүртэж байв.
Улсын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нь 1998 онд БТДС-ийг боксын дасгалжуулагч мэргэжилтэй болон төгсөж, дасгалжуулах ухааны эрдэмдээ хөтлөгдөн Төв аймгийн Заамар суманд боксын "Шижир алт” клубыг үүсгэн байгуулж, улмаар Төв аймгийн Зуунмод хот, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Улаанбаатар хотод "Хангайтан” боксын клубүүдийг тус тус байгуулж улмаар Монгол улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдон боксын спортыг хөгжүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж байна.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнбаярын 26 жилийн тамирчин болон дасгалжуулагчийн ажлын туршлага, мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд түүний шавь нар Тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг авсаар байна.
Энэ мөчид түүний дасгалжуулсан тамирчид "Рио-2016” Олимпийн наадамд амжилттай оролцож улмаар ОУХМ Д.Отгондалай нь Олимпийн наадмын боксын тэмцээнд амжилт гарган хүрэл медалийн эзэн боллоо, энэхүү медаль нь Олимпийн наадмуудаас боксын төрлөөр авсан Монгол улсын 7 дахь медаль боллоо.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б. Эрдэнэбаярын хөдөлмөр бүтээлийг Төр засгаас үнэлж Алтангадас одон, БТС-ын Тэргүүний ажилтан, Дорнод аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан байна.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих