УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурлаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч хуулийн зохицуулалт, журмыг боловсронгуй болгох, олон улсын эрх зүйн зарчимд нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага гарч байгаа учраас шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан томоохон өөрчлөлтүүдээс дурьдвал:
- Монгол Улсын хилийн тухай хуулиар хилийн бүсийн өргөнийг 100 хүртэлх километрээр тогтоосныг 15 километрээс илүүгүй байхаар өөрчлөх
- Хилийн цэрэг нь зөвхөн байлдааны зориулалттай зэвсгээр зэвсэглэсэн байгаагаас үүдэж зайлшгүй бус олон тохиолдолд хүний амь насыг хөнөөх явдал ч гарч байсан. Иймээс зайлшгүй үед тусгай хэрэгсэл ашиглах, өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор үхэлд үл хүргэх зэвсэг, тусгай хэрэгслээр хангах, түүнийг хэрэглэх журам, үндэслэлийг хуульчлах
- Хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл улсын хилээр шалган нэвтрүүлэхтэй холбоотой чиг үүргийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага хэрэгжүүлдэг байсныг хил хамгаалах байгууллагад шилжүүлэх гэхчлэн өөрчлөлтүүд орох аж.
УИХ-ын гишүүдийн зүгээс хилийн зурвас бүсийн өргөнийг 15 км болгон бууруулж байгааг шүүмжилсэн бөгөөд хууль санаачлагчдын тайлбарлаж байгаагаар "хилийн бүсийг 100 хүртэл километрээр тогтоож, түүнд нэвтрэхэд зөвшөөрөл олгодог журмыг хүчингүй болгосноор Улсын хил хамгаалалтад сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хил орчмын нутаг дэвсгэрт чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ” гэжээ.
Б.Эрдэнэ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих