Одоогоос 20-иодхон жилийн өмнө Дорнод аймагт маань Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж, олон мянган Орос иргэд Дорнодчууд та бидэнтэй хөршлөн амьдарч байсныг санаж байгаа биз ээ. Орос ах нарын тухай ярихаар олон арван дурсамж тань эргэн санагдах нь гарцаагүй.
Бяцхан түүх сөхье. 20-р зууны түүхэнд Зөвлөлтийн цэргийн хүч Монголд 1921 оноос хойш 4-н удаа бөөнөөр шилжин ирж байрласан байдаг. Үүний хамгийн сүүлийнх нь шилжин ирэлт 1960-аад оны сүүлчээс эхлэн явагдсан бөгөөд энэ үед ЗХУ-БНХАУ-ын харилцаа ихээхэн хямарч байжээ. Хоёр улсын харилцаа муудсанаас болж БНХАУ Ардын чөлөөлөх армийн ангиудаа хойд хил дээрээ бөөгнүүлж эхэлсэн байна. Тухайлбал Хятадын цэргийн 44 дивиз, 9 арми Монголын өмнөд хил орчимд ойртон ирсэн бөгөөд 4300 гаруй танк, 10 000 гаруй их буу, пуужинт төхөөрөмжтөй байжээ.
Зөвлөлтийн удирдлага үүний эсрэг хариу арга хэмжээ авч цэргийн хүчээ Алс дорнод, Өвөр байгаль руу татаж эхэлсэн юм. Үүний нэгээхэн хэсэг болох ерөнхий цэргийн 39 арми БНМАУ-ын нутагт байрлаж байсан. Ихэвчлэн танкийн дивизүүд Монголд байршсан бөгөөд нэг дивиз нь дунджаар 300 орчим танктай байжээ.
Харин 1989 оны 2-р сарын 4-нд М.Горбачёв, Дэн Сяопин нар "Хил дээрх цэргийн тоог цөөлөх тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Үүнээс гурван сарын дараа буюу 1989 оны 5-р сарын 15-нд ЗХУ-ын удирдлагч Михаил Горбачёв БНМАУ-ын удирдлагад урьдчилан анхааруулалгүйгээр Монгол дахь Зөвлөлтийн цэрэг буюу ерөнхий цэргийн 39 армийг гаргах болсон тухай мэдэгдэл хийжээ. Ингээд цэрэг гаргах ажиллагаа гэнэт эхэлсэн бөгөөд 39 армийн бүрэлдхүүнд байсан танкийн 2, мотобуудлагын 2 дивизийн бүрэлдхүүн 50 мянга гаруй цэргийн албан хаагч, 1816 танк, 2531 хуягт машин, 1461 их буу, 190 байлдааны онгоц, 130 вертолётыг 1992 оны 9 сарын 25 гэхэд татан гаргаж дууссан байна.
Цэргүүдийг гэнэт татан гаргах үед тэдний байрлаж байсан барилга, байгууламж, тосгонуудыг Монголын талд хүлээлгэж өгөлгүй тэр чигээр нь хаяж явсан юм. Энэ бүхэн ямар ч хамгаалалтгүй үлдсэн бөгөөд зарим тохиолдолд зэвсэг, техник ч олдсон нь бий. Тухайн үед Чойбалсан хотыг гэнэт орхин гарсан Орос айлын самовартай ус нь буцалсан чигээрээ, ширээн дээрх тавагтай будаа нь халбага дүрсэн тэр янзаараа үлдсэн гэсэн яриа байдаг.
Ингээд бид уншигч та бүхэндээ Чойбалсан хотод байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн гэрэл зургуудаас сонирхуулж байна. Эдгээр зургуудыг манай аймагт төрж өссөн Орос иргэдийн хөтлөн ажиллуулдаг www.chojbalsan.ucoz.ru сайтаас татаж авсан юм. Энэ сайтыг хөтлөгч залуусын хувьд Дорнод аймаг, тэр дундаа Чойбалсан хот маань төрлөх нутаг нь бөгөөд дурсамж дүүрэн газар гэдэг нь тодорхой. Тиймдээ ч тэд Чойбалсан хотыг "Малая родина” хэмээн нэрлэжээ.
Харин одоо Гэрэл зурагчин Б.Батцэрэнгийн хувийн архиваас 1989 онд Зөвлөлтийн цэрэг Чойбалсан хотыг орхин гарч байх үеийн зургуудыг сонирхуулъя.
Бэлтгэсэн Г.Алтанхуяг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих