Д.БАТБААТАР
Хана...Ядруухан амьдралтай нэгэн бүсгүй хог түүж амьдардаг байжээ. Нэгэн үйлдвэрийн дарга ядарсан ганц бие бүсгүйг өрөвдөн үйлдвэрийн жижигхэн өрөөнд амьдруулах болж. Цаг хугацаа өнгөрсөөр. Нөгөө эмэгтэй жирэмсэн болсноо мэдэв. Удалгүй үйлдвэр ч хаагдаж, ажилчид нь тарж, бүсгүй ганцаараа үлдэв. Хатуу орчлон түүнээр тохуурхаж, хэвлий дэх үр нь хугацаанаасаа хэтэрхий эрт, тэгэхдээ амьгүй гарчээ. Бүсгүй харин үрээ үхсэн гэдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсээгүй байх. Хэдийнэ амьсгал тасарсан биеийг нь тас тэвэрсэн чигээрээ хүний сүг болж хувирдаг. Үйлдвэрийн балгасанд орж ирсэн хүн бүрээс тэр үрээ харамлана, хамгаална...
Аймшигт үйл явдлуудыг зөвхөн гадаадын киноноос л хардаг байсан монголчуудын хувьд "Хана” хэмээх энэхүү кино анхдагчдын нэг болж байлаа. Энэ киног мэдэхгүй хүн цөөхөн болов уу. Жүжигчин Х.Ганцоожийг ийм дүрд тоглосных нь дараа олон хүн түүнийг загнасан гэдэг. "Чи сайхан сэтгэлтэй хүн байж яагаад ийм дүрд тоглож байгаа юм бэ” гэж зэмлэхэд нь "Урлагт орсон л бол муухай сайхан гэж голж болохгүй биз дээ” гэж хариулж байсан гэнэ лээ. Амьдрал хүн бүрт тэгш сайхан тавилан заяадаггүй, гэхдээ дундуурыг нь дүүргэх боломжийг бүгдэд нь олгодог. Х.Ганцоож тийм л бүсгүй. Хэдийгээр ээжийнх нь одой бие түүнд удамшсан ч тэр амьдралд бууж өгөөгүй. Урлаг гэдэг хүнийг сайхан муухай, өндөр, намаар нь ялгадаггүй ч авьяас, хөдөлмөр хоёрыг хатуухан шаарддаг. Тэр ийм л салбарт зоригтойгоор орж чадсан нэгэн. Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр хөндийрч, нам жим амьдарсан жүжигчин Х.Ганцоожийг "Амьдралын тойрог”-тоо бид урьсан юм.
ГАРААСАА ХӨТЛӨХ ҮРТЭЙ БОЛЖЭЭ
Хотын захын гэр хорооллын дунд байх нийтийн байранд очлоо. Өндөр шаттай байшингийн мухрын жижиг өрөөг Х.Ганцоож зургаа дахь жилдээ түрээслэн амьдарч байгаа аж. Биднийг ороход түүний есөн сар хүрч байгаа хөөрхөн охиных нь өрөө дүүргэн ганганах дуу угтсан юм. Эцэс төгсгөлгүй юм шиг санагддаг байсан ганцаардал гэгчийг мартаж, гараасаа хөтлөх үртэй болсондоо талархаад барахгүй байгаагаа дахин дахин хэлж байсан жүжигчин бүсгүйн энэ сайхан мэдээг уншигчдадаа юун түрүүнд хүргэе гэж бодлоо.
Тэрээр биднийг сайн, муу зэрэгцсэн мэдээгээр угтсан юм. Эхийнхээ хэвлийд сараа гүйцээгээд мэндэлсэн охин нь зургаан сар хүртлээ өсөлт нь хэвийн байсан гэнэ. Харин түүнээс хойш дунд чөмөгнийх нь хөгжил удааширч, ээжийнхээ одой биеийг удамшиж авчээ гэсэн хэцүүхэн мэдээг эмч нар дуулгасан байна. Одоо есөн сартай охиных нь нуруу хэвийн хэмжээнд байгаа хэрнээ хөл, гарных нь өсөлт удааширч, богинохон болж байгаа нь харагдаж байлаа. "Ханхайсан сайхан бүсгүй гаргалаа гэсэн чинь ээжийнхээ биеийг дуурайчихлаа. Нэг нас хүрээд өөрчлөгдөж магадгүй гэж эмч хэлсэн. Багахан ч гэсэн өсөөсэй билээ л гэж өдөр бүр залбирч байна. Хүсэн хүлээсэн үр минь юм шүү дээ” гэж тэрээр ярьж сууна. Хэрэв хүү төрүүлбэл удамшихгүй байх гэж эмч нар хэлжээ. Тиймдээ ч "Дахиад төрөх үү” гэсэн эмчийн асуултад "Тийм боломж олдвол төрнө өө. Хэр удаан амьдраа билээ. Охиноо яаж ганцааранг нь үлдээхэв” гэж хариулсан гэнэ. Ээжээсээ удамшсан заяа нь охинд нь бас дамжиж, энэ нийгэмд өдөр бүр жижигхэн гэсэн хүсээгүй тодотголоор цоллуулах болсондоо уйлж унжилгүй, харин ч инээмсэглэж суугаа энэ бүсгүйн сэтгэлийн хатыг хараад эрүүл саруул биеэ элдвээр гоочилж, өчүүхэн зовлонгийн өмнө бууж өгөх дуртай өөрөөсөө ичих мэдрэмж төрснийг тэмдэглэх хэрэгтэй байх.
Х.Ганцоож Булган аймгийн Хишиг-Өндөр сумынх. Түүний ээж Д.Баасанхүү айлын дундах хүүхэд болон мэндлэхдээ одой биетэй төржээ. Харин Ганцоож айлын ганц охин. Аав нь нуруулаг, өндөр хүн байсан гэдгээс бусдыг тэрээр ярихыг хүсээгүй юм.
"ТЭНЭГ ХҮНИЙГ ТЭНГЭР ТҮШСЭН”
Х.Ганцоож 1994 онд нагац эгчтэйгээ хамт хотод иржээ. Арван жилийн 62 дугаар дунд сургуульд зургадугаар ангиасаа суралцаж төгсчээ. Тэгээд "Бэрс” кино урлаг, утга зохиолын дээд сургуулийг найруулагч-жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Тэрээр урлагт хэрхэн хөл тавьсан тухайгаа ийн ярилаа.
Х.Ганцоож: Урлаг гэдэг над шиг хүний хувьд мөрөөдөл төдий л зүйл байсан
-Би арван жилдээ хүний өөдөөс үг ч дуугарч чадахгүй бүрэг хүүхэд байсан. Сурлагын хувьд ч тааруухан. Идэвх муутай, урсгалаараа тэгсгээд өдөр хоног өнгөрөөдөг байлаа. Сургуулиа төгсөөд ямар сургуульд орох гэж байгаагаа ангийн хүүхдүүд ам уралдан ярьдаг байв. Харин би ямар сургуульд орохоо ч мэдэхгүй, амьдрал зогсчих юм шиг л санагддаг байж билээ. Гэрээсээ ч гарахгүй, хоол хийж, гэр цэвэрлээд л, өдөр хоногийг арай гэж аргацааж өнгөрөөсөн хүн болсон. Тэнэг хүнийг тэнгэр түшнэ гэгчээр арван жилийн багш маань надад кинонд тоглох санал тавьсан юм. Яг над шиг хүнийг хайж байсан юм билээ л дээ. Багш маань "Өө манай сургуулийн нэг хүүхэд байгаа. Яг болно” гээд намайг дуудсан. Би ч эхлээд итгэсэнгүй. Юу боллоо гэж над шиг хүнийг кинонд тоглуулахав гээд. Хүрээд ирээч гэхээр нь очилгүй, хоёр гурван цаг найруулагчаа сургуулийн гадаа хүлээлгэсэн. Намайг холоос харчихаад эхлээд жаахан хүүхэд байна гэж бодсон гэсэн. Тэгээд л хоёр найруулагч дундаа хийж хөтөлж аваад киноныхон руу явсан даа. Анхны тоглосон кино маань "Нууцлагдсан сэтгэл” гэсэн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг кино байсан.
-Үг хэлж чаддаггүй байсан хүүхэд кинонд тоглох гэж хэр юм болов?
-Өө бөөн юм болсон. Гол дүр байсан юм. Уг нь гоё санагдаад байгаа хэрнээ айгаад болдоггүй. Шалгана гэсэн чинь дуу, шүлэг мэдэхгүй хүн чинь ерөөсөө больё, шалгуулахгүй гээд гараад явчихсан. Тэгсэн маргаашнаас нь утасдсаар байгаад гэрээс ирж авч явсан юм. Тэр кинонд хөдөөний охины хайр сэтгэлийг харуулдаг. Тэгээд өөртөө итгэлтэй болж "Бэрс” дээд сургуулийн оюутан болсон доо. Зорьсондоо хүрээд ирэхээр баярладаг ч, амархан сэтгэлээр унадаг болчихсон. Сургуульд ороод хичээлээ дийлэхгүй болохоор уйлчихна. Уйлаад эхлэнгүүт манай ангийнхан яав, юу болов гээд шалгааж эхэлнэ. Хэн нэгэн Цоожийг гомдоох үг хэлж дээ л гэж боддог байсан гэнэ лээ. Манай арван жилийнхэн, оюутны ангийнхан бүгд л надад их сайн, дандаа өмөөрдөг, хамгаалдаг хүүхдүүд байсан.
-Та хэд хэдэн аймшгийн кинонд тоглочихсон байх аа?
-Тийм ч олон кинонд тоглоогүй ээ. Тав, зургаан кино байгаа байх. Сүүлийн гурван кино аймшгийнх байсан. Яах гэж ийм кинонд тоглодог юм бэ гэж загнадаг л байсан. Гэхдээ тоглосон дүрүүдээрээ бахархдаг. Энд тэнд яриад явахад ичих юм надад байдаггүй. Угаасаа ичих нүүр минь бүр алга болчихсон байх./инээв/ Хайр дурлалтай кинонд тоглож эхлээд хайр дурлалаар дуусгасан юм байна шүү. Хамгийн сүүлд Баянхонгор аймагт "Хувь заяаны гурвалжин” гээд драмын жүжигт тоглосон. 2008 оноос хойш жүжигчний ажлаа хийсэнгүй. Уг нь хайгаад явбал болох л байсан байх. Би идэвх, тэмүүлэл муутай хүн юм шиг байна. Уг нь кино урлаг нэг үеэ бодвол сэргэчихлээ. Ганц ч болов урилга ирээсэй л гэж бодох юм. Намайг хаана явааг ч мэддэггүй байх л даа /инээв/
ЭРГЭЖ ХАРДАГГҮЙ ХҮН ХОВОР
Х.Ганцоож сумандаа нэгдүгээр ангид орохдоо өндрөөрөө хоёр настай хүүхэд шиг л байжээ. Толгойг нь тэр чигээр нь хаасан том цүнх үүрчихээд хичээлдээ явдаг байснаа тэрээр дурсахдаа нүд нь гэрэлтэж байлаа. Хүний бага насны дурсамж сайхан шүү дээ. Жирийн хүүхдийн ширээн дээр суугаад нуруу нь хүрдэггүй учраас ангийнх нь багш хаанаас ч юм нялх хүүхдийн хоолны ширээ олж ирэн суулгаж байсан гэнэ. Зургадугаар ангидаа хотод ирсэн тэрээр арван жилийнхэнтэйгээ нэг их нийлээд байдаггүй, бүрэг охин байжээ. Нагац эгч нь сургуульд нь нэг удаа дагуулж яваад, маргаашаас нь ганцаараа явж сурахыг даалгасан аж. Харин багш нар нь ганцааранг нь явуулж чадахгүй, өдөрт хоёр хүүхэд хуваарилж хүргэж өгөхийг үүрэгджээ. "Би гэрээ мэднэ ээ” гээд хэлчихэж чадахгүй ноомой амьтан байлаа гээд Ганцоож инээв. Сүүлдээ ангийнхан нь хүргэж өгөхөөсөө дургүйцэх болж. "Хүлээж байгаарай, бид нар юм хийнэ” гэхээр нь за гээд яг л цэцэрлэгийн хүүхэд шиг буланд суугаад хүлээдэг байж. Нэг өдөр хүлээж байхдаа өөрөө харихаар шийдээд гараад явчихсан гэнэ. Түүнээс хойш гэртээ өөрөө харьдаг болжээ.
Ганцоожийн хувьд сургуульд явахад автобуснаас бууна гэдэг байнгын асуудал болдог байж. Тухайн үед автобус дандаа дүүрэн хүнтэй, шахалдаж, чихцэлдэж явна. Суучихаараа буудал дээрээ бууж чадахгүй хоцорчихно. Тэгээд эцсийн зогсоол хүрээд эргэхэд нь буудаг, хичээлээсээ байнга хоцордог. Урд хаалган дээр нь зогсчихоор буух буудал нь болоогүй байхад хүмүүст түрэгдээд буучихдаг байж. Ингэж явсаар л 10 жилээ төгссөн гэлээ. Оюутан болоод тэр харьцангуй нээлттэй болж, хүмүүсийн дунд орж эхэлжээ. Кинонд тоглоод эхэлсэн үе байсан болохоор өөрийгөө гололгүй, амьдралыг сайхнаар харж чаддаг болсон байна. Оюутан үеийн хөгжилтэй дурсамжуудаа хуваалцахдаа шөнө дунд хүртэл найзуудтайгаа бар хайж явснаа ярилаа. Тэдний ангийн дөрвөн охин шоудах санаатай бар хайжээ. Орох гэхээр л насанд хүрээгүй хүүхэд оруулахгүй гэнэ. Ганцоожийг ардаа нуугаад ч орж чадалгүй явсаар эцэст нь насанд хүрээгүй хүүхэд оруулдагаар нь 24 цагийн цайны газар орж бууз идчихээд салсан гэдэг.
"Гадуур явахад эргэж хардаггүй хүн ховор. Оюутан ангийнхантайгаа бөөнөөрөө явж байхад хүмүүс эргээд л харна. Тэгэхэд нь тас тас хөхрөөд л мөн ч аальгүй байж дээ, бид. Манай ангийнхан намайг дундаа хийгээд хөтлөөд алхана. Байнга тэгж явдаг байсан. Хөвгүүд хүртэл намайг хамгаална. Хэн нэгэн дээрэлхчихнэ гэж боддог байсан байх” гэж ярингаа Х.Ганцоож охиноо хөхүүлэхээр хэвтлээ. Түрүүнээс хойш ганганаж мөөмөө нэхсэн Түвшинзаяа охин ээж дээрээ очсондоо баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гар нь богинодоод охиноо тэвэрч суугаад хөхүүлж чаддаггүй болохоор хэвтэхээс аргагүй гээд ээж охин хоёр хажууллаа.
ГУНДУУХАН АМЬДРАЛЫН ГЭРЭЛ ГЭГЭЭ
Охиныхоо аавын тухай Х.Ганцоож нэг ихийг ярихыг хүссэнгүй. Ямар ч байсан гараас нь хөтлөх үртэй болгосонд нь баярлаж явдаг бөгөөд ээж охин хоёрыг бүр хэцүүдэхэд хааяа ирж тусалдаг гэсэн. Охиноо ч ааваар нь овоглож. "Хааяа ирээд охиноо эрхлүүлж байгааг нь харж суухдаа хорвоогийн зовлонг мартах юм даа” гэж ярихдаа царайд нь гуниг тодрохыг үзээд өөр зүйл нэмж шалгаахыг хүссэнгүй.
Х.Ганцоож киноноос хөндийрөөд олон ч ажил хийж үзжээ. Айлын хүүхэд харахаар Улаан-Үдэд очсоныхоо дараа жирэмсэн болсноо мэдсэн байна. Ганцаар амьдралд хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдээд үнэхээр их баярлажээ. Гэдэс нь томрохын хэрээр явж чадахаа больж, ээжийнхээ хажууд байж байгаад хугацаандаа төрсөн гэнэ.
Хэдийгээр тэрээр зовлон тоочоод байхыг хүсэхгүй байгаа нь мэдрэгдэж байвч гундуухан амьдралд нь тусламж хэрэгтэй нь илт байв. Группийн мөнгө гэж сард 120 мянган төгрөг, хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг авна. Түрээсийн байрных нь төлбөр 130 мянган төгрөг. "Ээж охин хоёрт өвдөх эрх байхгүй шүү дээ. Хэрэв өвдчихвөл өнөө түрээсийн мөнгөнөөсөө авах хэрэг гарна. Дараа нь яаж нөхөж хийх билээ. Өнөө муу ээжийгээ л зовооно шүү дээ” гэхэд нь яагаад заавал түрээсийн байранд амьдраад байгааг нь асуумаар санагдсан юм.
-Ээжтэйгээ хамт амьдарч болдоггүй юм уу. Яагаад түрээсийн байранд амьдраад байгаа юм бэ?
-Ээж маань насаараа Ганданд будаа зарж амьдарч байна. Тэндээ нэг хүнтэй танилцаад одоо хамт амьдарч байгаа. Үнэнийг хэлэхэд би тэр хүнтэй нь таарахгүй юм билээ. Ээжийгээ тэгж зовоогоод яахав гээд тусдаа амьдрахаар шийдсэн. Ээжийн маань эгч их дэм болдог. Тэднийд байж болно л доо. Гэхдээ хоёр хүүхэдтэй айлд дараа болоод чихэлдээд амьдрахыг хүссэнгүй. Энэ түрээсийн байранд зургаан жил амьдарч байна. Эзэн нь манай нутгийн хүн байдаг юм.
-Уг нь жүжигчин, найруулагч мэргэжилтэй биз дээ. Телевизэд ч юм уу ажилд орж болоогүй юм уу?
-Явж үзэлгүй яахав. Намайг харахаараа "Өө чи камер дийлэхгүй, өө чиний үгийг хэн тоож сонсох вэ” л гэдэг. Муу ээжийнхээ, найз нөхдийнхөө дэмжлэгээр болж л байна. Гэхдээ хэцүү байна. Хүн үр хүүхэдтэй болохоороо хариуцлагаа ухамсарладаг юм байна. Гэртээ суусаар байгаад найз нөхдөөсөө ч хөндийрч байх шиг. Насан туршдаа хамт байх юм шиг санаж явж дээ. Хааяа утсаар л ярих юм. Хүүхэдгүй байхад баяр ёслолоор үнэхээр их ганцаарддаг байлаа. Чанга орилж уйлмаар санагдана. Харин одоо бол юун ганцаардах. Ийм хөөрхөн амьтан төрүүлчихсэн шүү дээ. Өдөржингөө эргэлдсээр байгаад таардаг юм. Одооны хүүхдүүд айхтар шүү дээ. Охиноо бага ч болов өндөр болоосой гэж ямар их хүсч байна даа. Охиныхоо ирээдүйг бодоод өөрийн гэсэн орох оронтой болохсон л гэж бодох юм.
Ингэж яриад бидний яриа өндөрлөх тийшээ хандлаа. Х.Ганцоож ганцаардахын зовлонг багагүй мэдэрч байгаагаа нуусангүй. Өмнө нь ганц бие явахдаа өөрийгөө голж байгаагүй бол одоо хүүхдээ тэврээд гадуур явж чадахгүй байгаадаа бухимдах болжээ. Охиноо удаан тэврэхээр барьц алдаж унагачих гээд байдаг гэсэн. Тиймээс вакцин хийлгэх, ойр зуур гарахад заавал бусдын тусламжийг гуйдаг гэнэ лээ. "Хүсч, хүсч олсон хүүхдээ алдчихвал би яах болж байна” гэж дахин дахин хэлнэ. "Гараасаа хөтлөх үртэй болчихсон юм чинь одоо юунд зовох вэ. Эрүүл саруул торниж байвал бусад нь яахав. Тэгээд ч эмч нэг нас хүрэхээрээ зүгээр болж магадгүй гэсэн биз дээ” гэж сэтгэлийг нь бага ч гэсэн засах үг хэлж ядан, тэднийхээс бид гарсан юм. Дутуу заяа хайрлачихаад алаг үрийг нь бас давхар шийтгэнэ гэдэг амьдрал чи мөн ч хатуу юм даа.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих