Энэ удаагийн дугаартаа "Шинэ үе" продакшны жүжигчин, МУСТА Л. Сөрөлттэй ярилцлаа.
-Ярилцлагаа таны жүжигчин мэргэжлийг сонгосон тэр үеийн
дурсамжаас эхэлье. Энэ мэргэжлийнхээ чухам юунд тэгтлээ их сэтгэл
татагдав?
-Яг нуулгүй хэлэхэд би дунд сургуулиа төгсөхдөө л Соёл урлагийн их
сургуульд орно гээд шийдчихсэн байлаа. Гэхдээ дуулаачийн ангид орно,
дуучин болно гэсэн бодолтой л байсан. Гэтэл Хөвсгөлд СУИС-ийн дуулаачийн
ангийн хуваарь ирээгүй. Тэгээд ямар ч байсан СУИС-д л орно гэж шийдээд,
жүжигчний ангид орсон.
Жүжигчний ангид орсныхоо дараа ч дуулах ур зүйн хичээлдээ илүү сонирхолтой байлаа. Ингэж л жүжигчин мэргэжлээ сонгосон.
-Жүжигчин Н.Ариунболд / Бооёо/ та хоёр нэг багшийн шавь нар.
Бооёо ах сургууль дээрээ ирэхээрээ таныг их дуулуулдаг байсан гэсэн?
-Тэр үнэн шүү. Бооёо ах сургууль дээр багштай уулзах гэж их ирдэг.
Тэгээд ирэхээр нь багш маань "Манай Сөрөлт сайхан дуулдаг. Дуулж үзүүл"
гээд л дуулуулдаг байсан даа. Миний багадаа дуулдаг байсан Дархад ардын
дуу байдаг. Их богинохон мөртлөө хөгжилтэй. Тэрийг дуулдаг байсан. Тэр
дуугаар их юмны нүүр тахалсан даа /инээв/.
-Багаасаа л урлагийн тэмцээн уралдаан, урлагийн үзлэгт оролцдог байв уу?
-Өө бараг байнга л ордог байсан. Уг нь би математикийн гүнзгийрүүлсэн
сургалттай сургууль төгссөн хүн шүү дээ. Гэхдээ үнэндээ тэр сургуульдаа
математикийн шалгалт өгч тэнцэж ороогүй. Харин урлагийн авьяасаараа л
тэнцэж орж байлаа.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүү байв?
-Сахилгагүй байсан. Гэхдээ тийм хорон хүүхэд бол байгаагүй. Их цайлган
хүүхэд байсан. Яагаад ч юм манай ангийн охидууд надад их сайн байдаг
байлаа. Би наймдугаар анги төгсөтлөө Хатгалд сураад, аравдугаар ангиа
Мөрөнд төгссөн юм.
Охид надад их сайн байхаар зарим хөвгүүд их дургүйлхдэг байлаа. Дууны
тэмцээн уралдаанд оролцох үед охид намайг ирж дэмждэг байсан. Тухайн үед
"Охидтой нийлдэг жижигхэн юм" гээд л хөвгүүд ярьдаг байсан гэсэн.
-Оюутан болоод л анх хотод орж ирж байв уу. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бол?
-2003 онд СУИС-ийн оюутан болж анх хотод ирж байлаа. Юу ч мэдэхгүй
амьтан байлаа шүү дээ. Одоо манай нэг найз намайг шоолдог юм. Тухайн үед
манай тэр найз оюутны байранд "Атар" талх бариад ирж байлаа. Тэгэхэд нь
би санаандгүй "Пөөх ийм том бөөрөнхий талх байдаг юм уу" гээд хэлчихсэн
юм.
Тэгээд л одоо болтол "Би чамд анх бөөрөнхий талх идүүлсэн" гэж ирээд л
шоолдог /инээв/. Оюутны байранд орохоосоо өмнө хэсэг Дарь-Эхэд амьдардаг
байлаа. Дарь-Эхийн автобусанд сууж яваад Сүхбаатарын талбай дээр
буугаад л алхдаг байлаа.
Нэг буудлын наана цаана андуурч буух тохиолдлууд байсаан байсан. Ангийн
охид, хөвгүүд маань их л өөр харагддаг байж билээ. Их гоё стильтэй. Анх
өөрийгөө их голдог байлаа.
-Нутагтаа хэр их очиж байна вэ. Зав гарах юмуу?
-Байнга л очно доо. Яахав ажилд ороод эхний хэдэн жил очоогүй ээ. Би
чинь учиргүй тарган цатгалан айлын хүүхэд биш, аав ээж сургууль соёлыг
минь төгсгөөд өгч байхад би өөрөө амьдралаа аваад явах ёстой. Тэгэхээс ч
аргагүй. Би чинь дөрвөн хүүтэй айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд шүү
дээ.
Орон байр, мөнгө төгрөг гээд тэр болгон нутагтаа очиж чаддаггүй байлаа.
Сүүлийн жилүүдэд бол зав, боломж нь гарах юм бол нутаг руугаа
давхичихаад байгаа. Шинийн 15-ндаа багтаад нутаг усандаа очиж ээж аавдаа
золгочиход тэр жилдээ их өнгөлөг явдаг юм болов уу гэж бодогддог. Далай
ээжийнхээ уснаас магнайдаа хүргээд, тэндээсээ гурав балгачихад их л
сайхан санагддаг шүү.
-Оюутан байхдаа "халтуур" хэр хийдэг байв?
-Хийнэ ээ. Улаан "халтуурчин" байлаа шүү дээ /инээв/. Ярихаас ичмээр юм
даа. Их сургуулиудын урлагийн үзлэг бэлдүүлж хэдэн төгрөг олно. Тэрнээс
гадна Мобикомын Мобимедиа гээд байдаг шүү дээ. Тэрэнд эротик өгүүллэг
уншдаг байлаа.
Дээд ангийнхаа ах, эгч хоёртой нэг жижиг студид ороод л уншдаг байсан.
Эротик өгүүллэг гэхээр дуу хоолойноос авахуулаад их өөр зүйл шаардана
шүү дээ. Гэхдээ би жүжигчин хүнийхээ хувьд тэрийг хийж гүйцэтгэх ёстой.
Инээдтэй инээдтэй юм их л хийдэг байсан даа.
-Нууц биш бол тухайн үед эротик өгүүллэг уншаад хэдэн төгрөгний цалин авдаг байсан бол оо?
-Ямар ч байсан хэд хоногтоо л бололцооны мөнгө олчихдог байсан шүү.
Арав хоноод л 40-60 мянган төгрөгийн хооронд л авдаг байсан санагдана.
Дээр нь албан байгууллагуудын шинэ жил их хөтөлнө. Эхэндээ ч үгээ урд
хойно нь оруулаад, дарга захирлуудынх нь нэрийг хольж хутгаад бужигнуулж
өгдөг байлаа.
Хамгийн сонирхолтой нь би оюутан байхдаа "Шинэ үе" продакшныхаа шинэ
жилийн үдэшлэгийг хөтөлж байлаа. Тэр үед Амбий ах, Хүрлээ ах, Бооёо ах
эд нар чинь миний мөрөөдлийн хүмүүс байлаа шүү дээ. Энэ хүмүүсийн хажууд
ажиллах юмсан гэж боддог байлаа.
Тэр үдэшлэгт нь манай сургуулийн багш нараас авахуулаад хошин урлагийн
бараг бүх л томчууд, театрын уран бүтээлчид цугласан байсан. Би ч
салгалчихсан. Ээрч муураад л, тэнэг юм яриад л. Сүүлдээ ярих юм олдохгүй
болохоор нь "Та бүхнийг бүжигт урьж байна" гээд хэлж үзлээ. Тэгсэн чинь
босч бүжиглэдэг хүн байдаггүй ээ.
Аргагүй шүү дээ, баяр дөнгөж эхэлж байхад хэн бүжиглэх вэ дээ. Тэгээд
бүр сүүлдээ аргаа бараад "Би та нарыг бүжгэнд урьж байна, бүжиглээч гэж
гуйж байна" гээд хэлчихсэн. Тэгсэн чинь Бооёо ах нэг хүнд "Наад хүүхэд
чинь одоо юу яриад байгаа юм бэ. Наадахаа болиул" гэж хэлүүлсэн байсан.
Тэгэнгүүт нь бүр их сандраад, микрофон барьж тайз руу гарна гэхээс л
халгаад байгаа юм чинь. Үнэхээр хүнд байдалд орж билээ. Одоо бол тэгж
буруу зөрүү ярьж дадлага сургууль хийснийхээ хүчинд таван хүний өмнө
гараад юм хөтлөхөд гологдохооргүй болсон шүү.
-Дөнгөж сургууль төгссөн шинэхэн жүжигчин яагаад заавал хошин урлагийг сонгох болов. Тухайн үед өөр сонголтууд байсан л байх?
-Хошин урлаг хүнийг хамгийн их хөгжүүлэх талбар гэж би боддог. Тухайн
үед телевизийн мэдээний нэвтрүүлэгч, орчуулгын киноны дуу оруулагч,
театрын дагалдан жүжигчин гээд өөр сонголтууд байсан. Гэхдээ би "Шинэ
үе"-ийг сонгосон. Зураг, төөрөг минь л тийм байсан юм байлгүй.
-Хамгийн анх "Шинэ үе" продакшндаа харьяалагдаад ямар дүрээр тайзан дээр гарав?
-"Нутгаа мартсан нь" гээд номерь байдаг. Тэрэнд л анх орж байсан санагдана.
-Дэлгэцийн уран бүтээлийн тухай ярья. Анх ямар дүрээр камерийн өмнө гарч байсан бэ?
-Манай Хөвсгөлийн нэг залуу бас кино урлагийн чиглэлийн сургууль төгсч
байсан юм. Тэр дадлагын ажил болгож "Навчны нулимс" гээд кино хийсэн. Би
аравдугаар ангид байхдаа тэр кинонд нь тоглож байсан юм. Тэрнээс болоод
би хонхны баяртаа оролцож чадаагүй юм байна. Уран бүтээл гэх нь хаашаа ч
юм. Яахав хамгийн анх камерийн өмнө гарсан явдад л гэх юм даа.
-"Шинэ үе" продакшн бусад продакшнуудыг бодвол залуу уран бүтээлчдэд их нээлттэй ханддаг. Энэ тухайд?
-Сая манайд арваад шинэ уран бүтээлчид орсон. Ер нь бол "Шинэ үе" гэсэн нэрнээсээ эхлээд л тодорхой. Чадаж байвал уран бүтээлээ хийгээд байж болно, чадахгүй бол дараагийн шинэ хүн хүлээж байгаа. Тэр хүмүүст боломж олгоно гэсэн зарчимтай.
-Урлагийн хүн болоогүй байсан бол өөр ямар мэргэжил сонгох байсан бол?
-Түүх, нийгэм талаараа л явах байсан болов уу. Нийгмийн хичээлийн
олимпиадуудад оролцдог байсан. Мэтгэлцээний клубт явдаг байлаа. Тэгэхээр
тэр чиглэлийн л хүн болох байсан. Ер нь бол яалт ч үгүй л олон нийттэй
харьцах хүн болох байж дээ /инээв/.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач. Анх яаж танилцаж байв?
-Миний хань Дэлгэрзаяа гэж бүсгүй бий. Миний өдий зэрэгтэй яваад
эхнэрийн минь хувь нэмэр их. Надад ар гэртээ огт санаа зоволгүйгээр
ажлаа хийх боломжийг миний хань маш сайн олгодог. Энэ л урлагийн хүний
хувьд хамгийн чухал зүйл байхгүй юу. Эхнэртэйгээ нэг сувиллын газар
танилцаж байлаа.
Жүжигчин Отгонтуяа бид хоёр тэр сувиллын рекламанд тоглохоор очсон.
Харин эхнэр маань тэнд амарч байсан. Манай хүн өөрөө их нээлттэй хүн л
дээ. Тэр өдрөө танилцаж, үүр цайтал юм ярьж зугаалаад л. Тэгээд маргааш
нь хот руу буцахдаа утасных нь дугаарыг арай гэж аваад явсан л даа.
Хотод ирээд залгаад л байлаа. Утас нь холбогддоггүй ээ. Хэд хоног
залгаж байж арай гэж нэг холбоо барьж байлаа. Эмэгтэй хүн дасч дурладаг
гэдэг шүү дээ. Анх танилцахдаа бол учиргүй таалагдаагүй юм шиг байгаа
юм. Тэгээд уулзаж, болздог боллоо. Нэг л мэдэхэд өөрийн болгосон доо.
-Удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Ингэхэд
яваандаа хүүгээ урлагийн хүн болно гэсэн шийдвэр гаргавал хэрхэн хүлээж
авах вэ?
-Дэмжинэ шүү. Үнэхээр мундаг материалтай байх юм бол дуучин болно гэсэн
ч дургүйцэхгүй. Гэхдээ үнэхээр авьяас гээч зүйл заяагаагүй байхад
сонирхол нь даваад байвал бас хэцүү. Харин авьяас байгаад сонирхолтой
бол хамаагүй ээ.
-Ер нь таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн бий юу. Энэ сайхан хоолой, авьяасыг хэнээс өвлөчихөв?
-Миний аавын аав, ээж их сайхан дуулдаг хүмүүс бий. Өвөө минь залуудаа
Улаанбаатар хотод урлагийн их наадамд оролцоод, түрүүлж мянган төгрөгөөр
шагнуулж байсан гэдэг. Тэгээд "Мянгын хоолойт Цэнджав" гэж хочтой хүн
байсан. Эмээ минь одоо 80 настай хүн гэхэд Дархад дуунуудаа сайхан
дуулдаг, цангинасан хоолойтой хөгшин бий.
-Номтой хэр ойр хүн бэ. Номын ач холбогдлын тухайд?
-Яг одоо бол их уншдаг гэж худлаа хэлэхгүй ээ. Харин ойр байсан үе бол
бий. Одоо бол учиргүй ном шагайгаад сууж үнэндээ чадахгүй байна. Ер нь
сүүлийн үед хүмүүс ном уншихаас илүү интернэтээс мэдээлэл их авдаг болж.
Уг нь бол номыг гараараа бариад уншина гэдэг илүү амттай, бодитой шүү
дээ.
-Залуу уран бүтээлчдийг шар хэвлэл, сайтаар янз бүрээр л бичдэг. Таны хувьд эмзэглэхээр гүтгүүлж байсан тохиолдол бий юу?
-Зарим сайтууд ч цэнэггүй авдаг шүү дээ. "Сөрөлт өөрөөсөө эгч, баян
эхнэртэй. Түүгээрээ тэтгүүлж амьдардаг" гэж ирээд л бичсэн байсан.
Муухай л даа. Тухайн үед миний ханьд ч гэсэн онцгүй л санагдаж байсан
байх. Юм хийх гэж ядаж яваа залуу уран бүтээлчдээ тэгж муухайгаар хэлж
яах нь вэ дээ.
Уг нь гоё дэмжээсэй гэж хүсдэг юм. Би папараци.мн гээд сайтынханд
"Намайг сайн ч явсан, муу ч явсан гэсэн миний тухай дахиж битгий
бичээрэй" гэж бүр албан ёсоор хэлж, гуйж байсан. Тэр хүмүүсийг
доромжилж, дарамталсан сэтгэгдлүүд бас байна. Би ч одоо тэрийг уншихаа ч
больсон.
-Жүжигчин хүний хувьд сонгодог бүтээлд ажиллах юмсан гэсэн бодол байдаг уу?
-Учиргүй зорьсон, бодсон юм бол одоогоор алга. Тоглохоо хүрвэл тоглоно шүү дээ. Чадахгүй гэх биш, харин ч илүү тоглоно.
-Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлийн санал хэр их ирж байна вэ?
-Яахав ирдэг л юм. Зохиол, ажиллах баг, ажлын хөлс зэргээ харж байж
шийддэгдээ. Гэхдээ ойрд дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй байгаа. Боломж
нь бүрдэж өгөхгүй юм. Би өөрөө ч дэлгэцээс илүү тайзандаа их дуртай юм
даа.
-"Шинэ үе" продакшн тоглолт болгондоо элэглэлийн үзүүлбэр
/пароди/ багтаадаг. Та хэнийг дуурайж хийсэн элэглэлдээ их дуртай байдаг
вэ?
-Зөндөө хүмүүсээр элэглэл хийсэн. Голдуу дуучид байдаг юм байна. Дуучин
Бүрнээбаяр эгч, Батбаяр ах, Намсрайноров, Жастин Бибер ч болж байлаа.
Би Намсрайноровынхоо элэглэлд арай илүү дуртай. Хөмсөг зурж гараад л
үзүүлнэ шүү дээ.
-Бүтээхийг хүсч явдаг, дотроос тань шатаадаг дүр, зохиолын баатар байдаг уу?
-Тэгж шунан дурласан дүр байхгүй ээ. Гэхдээ би сайн жүжигчин болох
юмсан л гэж мөрөөддөг. Түүнээс биш тэр дүрд л би тоглох юмсан гэж
туйлширч боддоггүй ээ.
-Хошин урлагийнхныг мөнгөний төлөө тоглодог, мөнгө их олдог гэж
хүмүүс хардаг байх. Яг бодит байдал дээр тэгтлээ их мөнгө олж чадаж
байна уу?
-Олохгүй биш олно. Харин мөнгөний төлөө тоглодог гэдэг бол худлаа. "Бид
хийж бүтээж байгаа болохоор бусдад гэрэл шиг бас өргөс шиг харагддаг
байх" гэж манай Бооёо ахын хэлсэн үг байдаг.
-"Х түц" продакшны залуу уран бүтээлчид "Эмоци" продакшныг,
нэгэн үе танай продакшнаар овоглож байсан уран бүтээлчид "Мөрөөдлийн
театр" байгуулаад тусдаа гарлаа. Хэзээ нэгэн цагт Сөрөлт "Шинэ үе"-ээс
өрх тусгаарлах болов уу?
-Надад тийм бодол байхгүй. Шинэ залуу хамтлагууд төрөн гарч байгаа нь
мэдээж сайхан. Эндээс уран бүтээлийн өрсөлдөөн үүснэ, залуучуудын ур
чадвар сайжирна. Миний хувьд хэзээ нэгэн цагт "Шинэ үе"-ийг авч үлдэнэ
үү гэхээс биш өрх тусгаарлахгүй ээ.
А.Халиун
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих