Түрэгийн захиргааны үед Монголын өвөг дээдсийн оршин сууж байсан газар нутгийн талаар судалгааны зохиолд " VI – IX” зууны үед Шивэй аймгууд нь Эргүний адгаас Сунгарийн адаг хүртэлх Хар мөрний / Амур / өмнөд биеийн уудам газар орон хийгээд Сунгари, Эргүнэ хоёрын дундхи Манжуурын хойд нутгийг бүхэлд нь эзэмшиж байв. Тэндээс баруун урагш орших Си, Кидан нарын нутаг дэвсгэрийг үүн дээр нэмэх юм бол монгол хэлтэн овог аймгуудын тархан суусан газар орны нарийвчилсан тойм гарах болно.” Хэмээн тодорхойлсон байна.
VI зууны үеэс хөх Түрэгүүд хүчийг олж, газар нутгаа тэлэн урьд нь Жужан эзэмшилд байсан бүх нутаг орныг эзлэн захирснаар Монгол овогтон хүчинд автан арга буюу гол төв нутгаасаа зүүншлэн шилжиж Хянган орчмын орноор нутаглан суух болжээ.
Энэ тухай мэдээ занги Рашид- Ад – Дины Судрын чуулганд өгүүлснээр "эрт цагт Монгол хэмээн нэрийдэж асан аймаг нь өөр бусад аймагтай зөрчилдөн тэмцэж ялагдаад хоёрхон айл өрх амь зулбан гарч, алс бөглүү хавчил хадат ууланд орж хоргодон амь зуусаар 400 гаруй жил болоход өсч үржин уг газартаа багтахаа больж, төмрийн хүдэрт уул хадыг хайлуулан урсгаж, сэтлэн гарсан тухай өгүүлсэн нь тэдний очиж амь хоргодсон газар Эргүн Хун гэх бөгөөд энэ газар хаана байдаг талаар олон эрдэмтэд санал дэвшүүлж байсаг боловч олонх эрдэмтэдийн саналаар одоогийн ОХУ – ын Аргуний нуруу болох ажээ.
Уг үйл явдал домог өгүүлсэнчлэн хоёрхон өрх айл амь гарсан бус, харин энд нэр дурдсан Нукуз, Киян нар нь дайн тулаанаас амьд үлдсэн албат иргэдээ дагуулан зүүн тийш нүүж Эргүнэ мөрөн , Хянганы уул хавиар буй өөр бусад монгол болон зөрчид угсааны аймгуудын дунд орж суусан хэрэг болно.
Домогт өгүүлснээр уулын хавцлыг сэтлэн гарсан язгуурын монгол аймгийнхан чухам хааш одсоныг Ираны түүхч Хондемир,монгол угсаат түрэг түүхч Абуль Гази Бахадур хан нарын зохиолд тэмдэглэгдэн үлдсэн дээрх домгийн хувилбаруудаас сэргээх боломжтой. Эдгээр домогт өгүүлсэнчлэн энэхүү уулыг сэтлэн гарсан овог аймгууд нь Эргүнэ Кунээс өөсдийн өвөг дээдсийн хуучин нутгийг тэмцэн одсон бөгөөд тэднийг Бөртэ Чино хаан удирдан явсан гэж өгүүлдэг.
Чухам эндээс уул домог нь "Монголын нууц товчоо” – ны эхлэлтэй холбогдон , монголчуудын өвөг дээдсийн судар түүхийг улам урагшлуулан мөшгих сэжим болж өгдөг. Монгол овогтны гол цөм болох язгуурын монголчууд буюу Хамаг Монголын хаадын элэнц дээдэс Бөртэ Чоно тэргүүтэн ийнхүү өөрсдийн хуучин уугуул нутаг Бурхан Халдун ууланд ирж нутагласнаас Чингис хааныг хүртэл 400 жил өнгөрснийг түүхэн сурвалжийн мэдээ тодорхой гэрчилдэг ба энэ түүхэн мэдээ баримтыг цаг хугацааг хүний амьдралын нэгэн үеийн дундаж тоон үзүүлэлттэй харьцуулан гаргасан судалгаанаас тодорхой болсон нь, дурдсан хугацаанд буюу Бөртэ чоноос Чингис хааныг хүртэл 22 хаан суусан хүн төрж үр хүүхэдтэй болох дундаж насыг 20 – иор бодож тооцон гаргахад сурвалжид заасан цаг хугацаатай яг тохирдог байна.
Эх сурвалж: "Монгол улсын түүх" Тэргүүн боть
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих