Тэмцээний эхний шатанд аймаг, нийслэлийн мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийн оюутнууд оролцсон бөгөөд хоёрдугаар шатанд гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, өрөлт угсралт гэсэн таван мэргэжлээр өрсөлджээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нээж хэлэхдээ, "Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс хоёр дахь жилдээ оролцох гэж байна. Тус тэмцээний гол ач холбогдол бол Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, суралцагчдын ур чадвар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэдэг. Манай залуусын ихэнх нь их, дээд сургуульд сурч байж сайхан амьдарна гэсэн бодолтой явдаг. Гэтэл эсрэгээрээ их, дээд сургууль төгссөн залуусын 70 хувь нь ажилгүй байна. Харин бодит байдал дээр МСҮТ-д бэлтгэдэг мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Энэ жил Мэргэжлийн сургалт, боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэнэ. Шинэчилсэн найруулгаар ажил олгогчдын саналын дагуу сургалтаа явуулж, төгсөгчдийг шууд ажлын байраар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ. Түүнчлэн сургалтын төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх буюу тэтгэлэг, зээлд хамрах систем рүү явна. Мөн албан байгууллагууд захиалгаа өгч тухайн суралцагчийн сургалтын төлбөрийг төлж, ажилтнаа бэлтгэх боломжийг нээнэ” гэлээ.
Шалгарсан шилдэг оролцогчид ирэх долдугаар сар хүртэл Монголдоо болон Герман улсад бэлтгэл сургууль хийсний дараа ур чадвар, эрүүл мэнд, англи хэлний мэдлэгийг үндэслэн Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн орох нэг оролцогчийг сонгох бөгөөд тэмцээнд 76 улс оролцохоор бүртгүүлжээ.
Манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн бөгөөд 2015 онд анх удаа нийт есөн мэргэжлээр оролцжээ.
Гагнуурын мэргэжлээр Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Д.Нямрагчаа, Техник технологийн дээд сургууль /ТТДС/-ийн оюутан Жанлав-Ойдов, Мужааны мэргэжлээр ТТДС-ийн оюутан Н.Эрдэнэмөнх, Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн оюутан Э.Бат-Орших, Сантехникийн чиглэлээр Ховд Хөгжил Политехникийн коллежийн оюутан Ц.Долгормаа, ТТДС-ийн оюутан Б.Нямдорж; Цахилгааны мэргэжлээр Налайхын МСҮТ-ийн оюутан Ж.Уранцэцэг, Дорнод полетехникийн коллежийн оюутан Б.Баянбаатар, Өрөг угсралтын чиглэлээр Барилгын Политехник коллежийн оюутан Ц.Мягмарсүрэн, Дорнод МСҮТ-ийн оюутан Х.Мөнхжаргал нар тус тус шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөхөөр боллоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих