Хэрлэн сумын удирдлагууд жил бүрийн хавар мал төллөх цаг үеэр харъяат
малчдынхаа хотонд зочилж, ажил амьдралтай нь танилцдаг уламжлал
тогтжээ. Энэ удаа сумын ИТХ, ЗДТГ-аас холбогдох албаны 31 хүн зургаан
ажлын хэсэгт хуваагдан гарч, 234 айл өрхийн хаваржилттай танилцсан
байна. Ажлын хэсгүүд малчин өрхийн амьдралд тулгарч буй бэрхшээл,
түүнээс гарах арга замыг тодорхойлох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор 185 малчнаас судалгаа авсан аж.Энэ судалгаагаар
малчдын хамгийн их сэтгэл зовоосон асуудал нь малын хулгай гэжээ.
Аймгийн төв Хэрлэн сум малын хулгайн гаралт өндөртөйд тооцогддог. Судалгаанаас харахад, төмөр замын зүүн хойд тал "Эхэн худаг”, "Давст”, дивизээс зүүн урагш "Шорвог”, аймгаас баруун хойш "Цайдам” орчимд малын хулгай их гардаг бөгөөд энэ нь Хэрлэн сумын хэмжээнд гарсан нийт малын хулгайн 80 гаруй хувийг эзэлдэг байна. Зөвхөн судалгаанд оролцсон иргэд л гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд 150 гаруй бод, 370 гаруй бог мал хулгайд алдаад байгаа гэж байна.
Малын хулгайтай хэрхэн тэмцэх талаар малчдын саналыг сонсоход хулгайчдад хүлээлгэх ял шийтгэлийг нэмэгдүүлэх нь зөв гэцгээж байлаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол, малын хулгайчдад оногдуулах шийтгэл бага, малын үнэлгээг бага хийсний улмаас хөдөлмөрийн хөлснөөс доош бол эрүүгийн хариуцлага тооцохгүй, 8 бод алдвал эрүүгийн хэрэгт тооцох нь хулгайчдыг өөгшүүлж байгаа хэрэг гэж малчид үзэж байна. Түүнчлэн малчны хотонд болон мал нядалдаг газрыг камержуулах хүсэлт гаргаж байлаа. Ядаж Хэрлэн голын гүүрнүүд, уурхайн цагаан шороо орчмыг камержуулаад өгчихвөл хэргийн гаралт багасах болов уу гэж малчид ярьж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих