Малын хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд огт буураагүй өсөх
хандлагатай явж ирснийг Аймгийн ГХУСАЗСЗ-өөс мэдээллээ. Өнгөрсөн онд л
гэхэд улсын хэмжээнд 1435 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэний 170 нь
манай аймагт үйлдэгдсэн байх юм. Энэ нь өмнөх 2012 оноос 59 хэргээр буюу
53,1 хувь өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд үйлдэгдсэн
энэ төрлийн гэмт хэргийн 11,8 хувийг дангаараа эзэлж байгаа аж.
Малын хулгайч нарын бузар гарт Дорнод аймгийн 182 иргэн 347 адуу, 232 үхэр, 509 хонь, 121 ямаа, 11 тэмээгээр хохироод байна. Хохирлын хэмжээ 1220 толгой мал буюу 452,4 сая төгрөгт хүрчээ. Харин хэргийн нөхөн төлүүлэлт 50 орчим хувьтай буюу 244,7 сая төгрөг байна. Мөн Цагдаагийн байгууллагаас 105,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, хохирол нөхөн төлүүлэх бололцоогоор хангаж ажиллажээ.
Үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэргийг өнгөөр нь авч үзвэл онц хүнд 2, хүндэвтэр 102, хөнгөн 66 хэрэг үйлдэгдсэн байна. Гэмт этгээдүүд ихэвчлэн хөдөө хээр, бэлчээр дээрээс мал хулгайлах нь элбэг. Аймгийн төв орчмын Баянтүмэн сум малын хулгайн хамгийн их эрсдэлтэй бөгөөд 2013 онд тус суманд 42 удаагийн хэрэг гарчээ. Дараагаар нь Хэрлэн сум, Цагаан-Овоо, Сэргэлэн сум тус тус бичигдэж байна. Харин өнгөрсөн жил Чулуунхороотод малын хулгай огт гараагүй нь сайшаалтай.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгуулага, орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлэх, эрх үүргийг тодотгох зорилгоор аймгийн хэмжээнд дагаж мөрдөх "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”, "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн журам”, "Мал мах, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг хэрэглэх журам”, "Мал мах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулах журам”-ын төслүүдийг Цагдаагийн газраас боловсруулж ИТХ-аар батлуулаад байгаа юм байна. Ингэснээр 2014 онд Дорнод аймагт мал хулгайлах гэмт хэрэг эрчимтэй буурна гэж үзэж байгаа аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих