Энэ удаагийн "Монгол Улсын төлөө” булангаа Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдын казармаас бэлтгэлээ. Монгол Улсынхаа иргэдийн амар тайван амьдрал, эх орныхоо торгон хилийг хамгаалах үйлсэд суралцаж байгаа залуу боловсон хүчний дотуур байранд өнжсөн юм. Тэр тусмаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүх шинжилгээний болон Онцгой байдлын байгууллагуудын алба хаагчдыг бэлтгэдэг Хууль сахиулах их сургууль хэмээх нүсэр байгууллагын казарм гэхээр хэн хүний сонирхлыг татах нь мэдээж.
Хууль сахиулахын их сургуулийн төв шалган дээр бүртгүүлж, үнэмлэхээ үлдээгээд сургуулийн хашаа руу орлоо. Их сургуулийн жагсаалын талбайд цагдаа, хилийн цэргийн хувцастай сонсогчид нэг, хоёр , гурав... гээд жагсаалын бэлтгэл хийж байна. Олон эрчүүдийн дунд дүрэмт хувцастай хоёр гуравхан эмэгтэй байсан нь нүдэнд тусав. Эх орныхоо амар тайван байдлын төлөө суралцаж буй сонсогчид, тэднийг удирдан зохион байгуулж байгаа багш нарыг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.
АХЛАГЧИЙН СУРГУУЛИЙН 400 ГАРУЙ ОЮУТАН КАЗАРМД БАЙРЛАДАГ
Ингээд дотуур байр руу орох үед хамгийн түрүүнд Оросын олон ангит "Цэргийн сургууль” кино бодогдож байна. Сонсогчдын байранд биднийг угтсан дотуур байрны харуул, эгнүүлэн зассан ор, жижиг шүүгээ, өлгүүрт өлгөсөн өвлийн хувцаснууд нүдэнд туссан нь яг л "Цэргийн сургууль” кинон дээр гардагтай адил юм. Эргэлтээр хүн ирсэн байна хэмээн шалган руу гүйх сонсогч гээд миний төсөөлж байсан дүр зураг яг л мөн.
Ахлагчийн сургууль мэргэжлийн боловсрол олгох сургалт явуулахаас гадна цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, онцгой байдлын албаны чиглэлээр ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэхээс гадна гэрээт харуул хамгаалалтын сургалтыг явуулдаг аж. Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль нь энэ жил их сургуулиа хотхон хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж 850 сонсогчийн дотуур байрыг шинээр ашиглалтад оруулжээ. Ингээд ахлагчийн сургуулийн 400 гаруй сонсогчийг дотуур байранд байрлуулан суралцуулж байгаа юм байна. Сонсогчдын ая тухыг хангахын тулд дэлхийн стандартад нийцсэн ор, шаардлагатай ахуйн хэрэгслийг тавьж өгчээ. Биднийг ороход тухайн өдрийн жижүүрийн гурван сонсогч байрыг хариуцаж байв. Харин өмнөх шөнө нь 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн харуулууд амарч байлаа. 100-аад эрэгтэй хүн байдаг гэхэд их л цэмцгэр, эмх цэгцтэй юм. Тус тусын ор, цагаан хэрэглэл, дэрний уут, шүүгээ, сандал дээр нэгэн ижил тоог хаджээ. Сонсогчдын байр цэлгэр, агааржуулалт сайтай юм. Үдээс өмнө ид хичээлийн цаг учраас байр нам гүм. Дотроо ариун цэвэр болон чөлөөт цагаа өнгөрөөх саруулхан танхимтай. Тэр дотор ном, сонин, хөгжим гээд төрөл бүрийн зүйл байна. Нэг давхарт 70-100 сонсогч байрладаг гэнэ.
Энэ хичээлийн жилд ахлагчийн сургуульд 27 эмэгтэй сонсогч суралцаж байгаа юм. Охидын өрөөг хөвгүүдийн өрөөнөөс тусгаарлаж, дотуур байрны давхар бүрийг камержуулжээ. Нээрээ л охидын өрөө гэсэн шиг гоо сайхны хэрэгсэл, толь, чихмэл тоглоом гээд хөөрхөн тохижуулсан байна. Сонсогчийн хувцас өмссөн хоёр охины нэг нь чөлөөгөөр яваад ирсэн, нөгөө нь эмчийн магадлагаатай байна гэсээр биднийг угтлаа. Хажуугаар зөрсөн хүн бүхэн ахмад байсан ч дүү байсан ч та, эрхэм, "Амрыг эрье” хэмээн мэндэлнэ. Дотуур байранд байрладаг сонсогчдын хувьд цаг мөч бүхэн тусгай нарийн зохион байгуулалттай байдаг юм байна. Жагсаалын дарга, захирагчийн орлогч 05:50 цагт, бие бүрэлдэхүүн 6:00 цагт боссоноор өдөр эхэлнэ. Бие бүрэлдэхүүний хувцаслах, өглөөний дасгал, хооллох, хичээлийн бэлтгэл хангах, нэгдэх, амралт гээд бүгд л минут секундын нормын дагуу явагддаг юм байна. "Карентинд явж ирээд эхний сардаа бүх үйл хөдлөл цаг минутаар хэмжигдээд сонсогчид дасахгүй шантрах үе гарна. Анх удаа гэрээсээ холдож байгаа хүүхдүүдэд эцэг эхээс нь дутахааргүй анхаарал тавих ёстой. Манай сургууль хүүхдээ эргэхээр ирсэн эцэг эхийг байртай нь танилцуулж, хүүхдийнх нь идэж байгаа хоолны чанар зэргийг үзүүлдэг” хэмээн тус сургуулийн харуул хамгаалалт, аюулгүй байдал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Н.Цэдэвсүрэн хэлсэн юм.
Суралцахынхаа хажуугаар Монголдоо төдийгүй дэлхийд амжилт гаргасан сонсогч цөөнгүй байна. Ахлагчийн сургуулийн 151 дүгээр дамжааны түрүүч Э.Ууганбаяр өнгөрсөн жил дэлхийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд суултын төрлөөр 400 килограммыг шахаж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Сонсогчид хичээлийнхээ хажуугаар орчин үеийн 32 төрлийн тоног төхөөрөмж бүхий бялдаржуулах танхимд хичээллэдэг нь амжилт гаргах гол үндэс болдог аж.
ХООЛНЫ ШИРЭЭНЭЭС СОНСОГЧДЫН САХИЛГА БАТ ХАРАГДАВ
Ахлагчийн сургуулийн 400 гаруй сонсогч хоёр ээлжээр хоолонд ордог. Тэд дасгал сургуулилт гээд биеийн хүчний ажил байнга хийдэг учраас өдөрт дөрвөн удаа илчлэг өндөртэй хоол идэх ёстой аж. Цайны газар биднийг ороход эхний ээлжийн 200 гаруй сонсогч хоолондоо орж байлаа. Танхимд хааяа нэг аяганы харшилдахаас өөр чимээ гарсангүй. Бараг ялаа нисэх чимээ сонсогдохоор байгаа нь ямар сахилга бат, дэг журамтайг харуулж байгаа биз. Тухайн өдрийн ээлжийн жижүүр сэнжтэй аягаар үзэмний шүүс, 650 граммын орцтой төмөр аягаар шар будаатай хоол, бүтэн талхны дөрөвний нэг хэмжээтэй талх, тавагтай цуйванг ширээнүүдэд хуваарилан өгч байна.
Хоолны амт чанар таарч байгааг шалгах үүднээс сард нэг удаа сонсогчдын жинг үздэг гэнэ. Хооллох үеэр Хүнсний албаны дарга технологич, цагдаагийн хошууч Н.Одгэрэл "Их сургуулийнхаа ойд зориулж дурдатгалын ном бичээд дуусч байна. Хоолны норм, илчлэгийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Насаараа энэ албанд ажилласан болохоор гэрээсээ хол байгаа хүүхдүүд өлсөх, цангах вий гэж байнга санаа зовно. Сүүлдээ өөрийн хүүхдүүдээс өөрцгүй л санагддаг болдог юм. Цайны танхимаас үе үеийн дарга нар хооллож байлаа” хэмээн өөрийн албаны онцлогийг ярьсан юм. Одоо ч гэсэн шавилхан биетэй сонсогчид жагсаалын талбайдаа бэлтгэл сургуулилт хийж нууцхан гэрээ санагалзсаар байгаа. Тэд ирээдүйд эх орноо хамгаалах дайчин эрс билээ.
С.УЯНГА
Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих