Олон нийтийн сүлжээ Facebook сайтад Дорнодын хөл бөмбөг сонирхогч залуус групп үүсгэн хөл бөмбөгийн спорт, тоглолтуудын тухай төрөл бүрийн хэлэлцүүлэг өрнүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл саяхнаас уг группийн үүсгэн байгуулагчид "Дорнод аймгийн хөлбөмбөгийн фанатууд” ТББ байгуулсан аж.
Тус холбооны залуус амралтын өдөр бүр Хөлбөмбөгийн талбайдаа цуглан тоглолт зохион байгуулдаг байна. Бид Дорнодын хөлбөмбөгийн фанатууд ТББ-ын тэргүүн Ш.Өргөнбаяртай уулзсан юм.
Дорнодчуудын олон нийтийн сүлжээн дэх хөл бөмбөгийн групп чинь их өргөжжээ?
Тиймээ. Бид өнгөрсөн жилээс Facebook сайтад хөл бөмбөгт дуртай Дорнодын залуустаа зориулж Football fans in Dornod нэртэй групп нээсэн юм. Энэ групп маань 300 гаруй гишүүдтэй болсон. Энэ хавраас хөлбөмбөг сонирхогчид маань бямба гараг бүр хөлбөмбөг тоглодог болоод байна. Ихэвчлэн 20-иос дээш насныхан ирж тоглож байна л даа.
Манайхан анх бөмбөг хаана байна, тэнд л овоороод гүйж явдаг байсан. Харин одоо бол байрлалаа мэддэг, багийн гишүүн бүр ямар үүрэгтэй тоглодогийг сайн мэддэг болчихож. Бөмбөг авч байгаа, залж байгаа байдал нь хүртэл шал өөр болоод байна шүү.
Хэр олон залуус ирж тоглож байна?
Идэвхитэй тоглодог 80 гаруй залуус бий. Хөлбөмбөг тоглоод удаагүй байгаа шинэхэн сонирхогчлоос эхлээд олон жил тоглосон, аймгийн шигшээ багийн дасгалжуулагч, тамичрид ч байна. Ер нь хөлбөмбөгт дуртай, энэ спортоор хичээллэж, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэлтэй хэн бүхэн бидэнтэй нэгдэж болно.
Хөлбөмбөг сонирхогчдын группээ ТББ болгон өргөжүүлжээ. Холбооныхоо зорилго, төлөвлөж буй ажлуудынхаа талаар танилцуулахгүй юу
Энэ ТББ маань Дорнодод хөл бөмбөгийн спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой. Гишүүдээсээ хэд хэдэн баг гаргаж бямба гараг бүр тоглож байна. Бид Дорнод аймагт ажиллаж, амьдарч хөл бөмбөгийн фанатуудыг хүч чадал, авхаалж самбаа, багийн спорт, эв нэгдлийн дор нэгтгэж, нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын зэрэгцээ тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх орчныг бүрдүүлэх, улмаар бүх нийтэд хөлбөмбөгийн спортыг сурталчилах үндсэн зорилгоор энэ сарын 24-нд Фанат Кап тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Цаашид тэмцээнээ уламжлал болгон зохион байгуулж, аймгийнхаа фанатууд дундаас сайн тамирчин, хөлбөмбөгчид төрүүлэхэд өөрсдийн зүгээс тус дэм үзүүлье гэсэн бодолтой.
Тэмцээний бэлтгэл хийгдэж байгаа бололтой?
Тийм. Манайхан өмнө нь бүтэн сайн өдөр бүр тоглодог байсан бол бямба гараг бүр цугладаг болоод байгаа. Одоо тэмцээн ойртож байгаа учраас өнжөөд л нэг цуглаж тоглож байна.
Та бүхэн бол хөлбөмбөгийн фанатуудын нэгдэл. Чухам аль багийн фанатууд Дорнодод олон байх юм?
Английн хөлбөмбөгийн Челси клубын фанатууд маш олон шүү. Манай тоглогчид дунд л гэхэд Челсийгийн фанатуудаас бүрдсэн хоёр ч баг гараад байна.
Г.Алтанхуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих