Энэ үеэс Богд хаант засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хилийн хязгаараар зорчин ирж байгаа, мөнхүү гадагшаа гарч байгаа ачаа таваарт хяналт тавьж, тодорхой татвар төлүүлж эхэлснээр өнөөдөр жилдээ арав орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлдэг байгууллага болон өсч өндийжээ. Тухайн цагийн ӨвөрМонголын хошууд, Хөлөнбуйр аймаг Богд хаант засгийн бодлогыг хүлээн зөвшөөрч орлого татвараа өгдөг болсноор энэ их айлын үйл ажиллагаа өргөжиж ирсэн аж. "Татвар буй дор төр оршино” хэмээсэн үгийг утгаар нь хэрэгжүүлэхийн зэрэгцээ "Буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй” гэсэн үнэт зүйлстэй энэ хамт олон өдгөө хүрээгээ тэлсээр 70 орчим ажилтантай болжээ. Тэр ч утгаараа үйл ажиллагаандаа үргэлж шинэчлэл хийж, өдгөө хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор байгууллагаа шинэчилж чадсан байна.
Нэгэн цагт дайны гал дүрэлзэж дарийн утаа манарч байсан энэ хязгаарт юу юунаас өмнө хил гаалийн хатуу чанга хяналт чухал байсан мэдээжийн хэрэг. Нөгөө талаар үржил шим сайтай энэ бүс нутагт газар тариалан хөгжиж, улмаар газрын тос олборлохоос эхлээд олон чухал үйл ажиллагаа явуулж, импорт, экспортын бараа таваар хамгийн ихээр зорчдог газрын нэг болоод уджээ. Тиймдээ ч зүүн хязгаарын гаалийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсээр энэ их айлыг өдий зэрэгт хүргэсэнд эргэлзэх хэрэггүй. Цаад агуулгаар нь авч үзвэл тэд хилийн албатайгаа хамтран улс үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалж буй нэг чухал байгууллага бол яах аргагүй мөн.
Ямартай ч амжилт бүтээлийн дүүрэн олз омогтой 105 насныхаа ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа Дорнод аймаг дахь зүүн хязгаарын Гаалийн байгууллагын ажилтан алба хаагчид болон үе үеийн гаальчдад баярын мэндийг дэвшүүлэн цаашдынх нь ажил үйлсэд арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Шуурхай.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих