5-р сарын 16-ны баасан гарагт Аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд аймгийн удирдлагууд Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн засаг даргын орлогч М.Бадамсүрэн:
Судалгаанаас харахад Дорнод аймагт байгаа тээврийн хэрэгслийн тоо 10 мянга давсан. Чойбалсан хот л гэхэд 21-22 мянга орчим өрхтөй. 2,3 – 3 өрхийн дунд нэг автомашин хэрэглэгдэж байна гэсэн мэдээ бий. Өнөөгийн Чойбалсан хотын авто замын төлөвлөлт хуучин нийгмийн үед хийгдэн хэвээрээ байна. Иймээс бид өнөөгийн хөгжлийн хурд, цаг үетэйгээ нийлүүлэн авто замын бодлогыг өөрчлөн боловсруулах шаардлагатай байгаа юм.
Дорнод аймагт Чойбалсан хотоос Сүмбэр, Рашаант боомтын чиглэлийн хэвтээ, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт, Чойбалсан-Ульхан зэрэг босоо тэнхлэгийн зам тавигдана. Ирээдүйд Дорнод аймгийн бүх сумдыг аймгийн төвтөй хатуу хучилттай автозамаар холбох тухай аймгийн хөгжлийн бодлого чиглэлд тусгагдаад байгаа.
Одоогоор Баянтүмэн сумын морь барианы газар хүртэлх зам, Чойбалсан сумын төв дэх 2 км замын ажил тус тус хийгдэж байна. Мөн 2014 онд Булган, Хөлөнбуйр сумын төвүүдэд 1-1,5 км замын ажлууд хийгдэхээр төсөвт тусгагдсан.
Чойбалсан хотын урд хэсэгт газар тариалан, фермер, мал аж ахуй эрхлэгчид олон бий. Эдгээр иргэдийн аймгийн төв рүү орох гол зам болох Чойбалсан-Дэхтийн 5км зам, бидний нэрлэж заншсанаар Дивиз буюу Мөнхөт хотхон хүртэлх 10км замыг хатуу хучилттай болгох төлөвлөгөөтөй байна. Мөн Хэрлэн сумын 2-р багийн нутаг дахь Хэрлэн голын модон гүүрийг цементлэх ажлын тендэр гараад байгаа.
Аймгийн төвийн гэр хороололд хатуу хучилттай замын зураг төслийн ажлууд дууссан. Шинэ хөгжил сургуулийн хойд талаас 10-р багийн Ялалтын 8-р эгнээ хүртэлх 800 м зам, Уурхайн 1,5 км зам, ХГБХХ-ээс хойд зүгт Хийморийн овоо буюу Эр хүний овоо хүртэлх 1,6 км замын зураг төсөл гараад байна. Харин төсвийн хөрөнгө, санхүүгийн асуудлаас шалтгаалан эдгээр замуудын уртын хэмжээ нэмэгдэж багасах талтай.
Орон сууцнууд дунд энэ жил 2 байршилд шинээр такси зогсоол, 6-н байршилд уулзвар өргөтгөн туслах уулзвар хийх ажил төлөвлөөд байна. Ингэснээр гэр хороололд 1,5 тэрбум, орон сууцны хороолол дунд 1 тэрбум орчим төгрөгийн замын ажлын санхүүжилт хийгдэж байгаа юм.
Зам шинээр тавих, засвар шинэчлэлт хйихэд цөөнгүй саад бэрхшээл, алдаа эндэгдэл гарч байгааг энд дурьдмаар байна. Тухайлбал замын арчлалт стандартын дагуу хийгдэхгүй байна. Дорнод аймагт тээврийн хэрэгсэл эзэмшиж буй жолооч нараас хураасан татварын орлого нийтдээ 270 сая орчим төгрөг болдог. Энэ хөрөнгө шууд замын засварт орох ёстой юм.
Мөн автозам бүтээн байгуулалт хийж буй орон нутгийн компаниудаа засаг захиргааны зүгээс бодлого, аргазүйн үүднээс дэмжиж ажиллах ёстой юм байна. Ажиглаад байхад манай компаниуд боловсон хүчний хувьд дутагдалтай, шинээр үйл ажиллагаа эрхэлж буй зарим компаниуд хөрөнгө санхүүгийн чадавхиас шалтгаалан ажлын бүтээмж сул байдаг. Иймээс бид Авто зам хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байна.
Чойбалсан хотын авто замд дутагдаж байгаа нэн чухал зүйлсийн нэг бол ус зайлуулах систем. Борооны ус зайлуулах тогтолцоог нарийн төлөвлөөгүйгээс болж авто зам амархан эвдэрч мууддаг. Зарим хотуудын жишээнээс дурьдахад, Эрдэнэт хот автозамынхаа ус зайлуулагчид 1 тэрбум төгрөгийг зарцуулан бүрэн шийдсэн байдаг. Бид 2014 оноос энэ асуудлыг иж бүрнээр нь төлөвлөн шийднэ. Тухайлбал Чойбалсан хотод 3-4 газарт ус зайлуулах шугам гаргаж байна. Үүнээс гадна Мянганы замын трасст орсон Чойбалсан хотын төв зам 7,2 км ус зайлуулах системтэйгээр хийгдэх юм.
Манай замын компаниуд аль болох урт зам барих сонирхолтой байдаг. Тэгвэл аймгийн удирдлагуудын зүгээс баримталж буй бодлого нь чанар муутай урт зам барихаасаа илүүтэй богино боловч норм стандартыг нь ягштал сахин биелүүлсэн чанартай зам барьж байгуулахад чиглэж байна.
Г.Алтанхуяг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих