УИХ-ын
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас
өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн
төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн
хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн
төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.
Танилцуулгад дурдсанаар Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд
хорих ял дийлэнх хувийг эзэлдэг байна. Тиймээс Гэмт хэргийн тухай
хуульд торгох ялыг оруулж, 100-40 мянган тооцооны нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөг ногдуулахаар заажээ. Ингэхдээ уг торгох ялаас
хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа
биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх
ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих
ялаар солихоор төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зорчих эрхийг
хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар
заасан байна. Түүнчлэн тогтоосон замаар зорчих, хууль сахиулах
байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, шүүхээс хүлээлгэсэн
үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор
дүйцүүлэн тооцох юм байна.
Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс
хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны
тусламжтайгаар цахим хяналт тавих аж.
Хорих ял нь хугацаатай ба бүх
насаар нь хорино гэсэн ангилалтай. Тухайлбал, хугацаатай хорих ял нь
нэг сараас хорин жил хүртэл байх, бүх насаар хорих ял нь хорин жилээс
дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш
хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэх аж.
Мөн дээрх
хуулийн төсөлд өсвөр насны иргэнд ял оногдуулах талаар тусгажээ. Үүнд ял
шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар зааж өгсөн аж.
Энэ нь 14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял
оногдуулах зорилгогүй. Харин хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн
онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус
хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх,
Хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан
сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын
арга хэмжээнд хяналт тавих зэргээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн
байна.
Харин Зөрчлийн тухай хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд
хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн
тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ. Зөрчлийн шийтгэл нь
"торгох”, "эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд
заажээ. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан
хувь хүнд 10-10 мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн
этгээдэд 500-50 ямнган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгах бол
эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг
тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан
сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгохоор тусгах юм байна.
Хуулийн төсөлд албадлагын арга
хэмжээг орлого, эд зүйл хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл,
хэрэгслийг хураах, эд зүйл, хэрэгслийг орлуулан хураах, хохирол, нөхөн
төлбөр гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн
зургаан төрөлтэй байхаар тусгажээ.
Дээрх
танилцуулгыг хийсний дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлэв.
Хуралдаанд оролцсон гишүүд гүтгэх, танхайрах, тэсрэх, дэлбэрэх бодисыг
хадгалах, тээвэрлэх зэргийг гэмт хэрэг гэдгээс хасан зөрчилд тооцохоор
хуулийн төсөлд тусгасан талаар тодруулан асууж байлаа. Мөн хүүхэд
шийтгэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, хууль бусаар нийгмийн халамжийн
үйлчилгээ авах, цагаачлах, олон нийтийн амгалан тайван байдлыг
алдагдуулах зэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд оруулж тооцсон учрыг
тайлбарлахыг Хууль зүйн сайдаас хүссэн.
Сайд Х.Тэмүүжингийн
тайлбарласнаар, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, хуулийн
байгууллагад хуурамч мэдүүлэг өгсөн бол гүтгэсэн гэмт хэрэгт тооцогдон
зохих шийтгэлээ хүлээх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр таамаглаж
буй зүйлийнхээ талаар үзэл бодлоо илэрхийлсэн бол гүтгэсэн хэмээн
үзэхгүй юм байна. Хүүхэд шийтгэх гэдгийг аав ээж нь хүүхдээ загнах
зандрах гэж ойлгож болохгүй хэмээн тэрээр онцлов. Сүүлийн үед сургууль,
цэцэрлэгийн багш, насанд хүрэгчид хүүхдэд хүсэл зорилгоо тулган,
түүнийгээ шийтгэх байдлаар гүйцэлдүүлэх явдал гарах болсон тул ийм
зүйлчлэлийг төсөлд оруулж өгсөн юм байна. Хууль бусаар халамж үйлчилгээ
авах үйлдэл нь нэг төрлийн залилангийн хэрэг бөгөөд үүнээс болж бусад
хүмүүсийн эрх ашиг хохирч байдаг гэж тэрээр тайлбарлалаа.
Дээрх хоёр
хуулийн бүх зүйл, заалт нь хүний хувь заяатай холбоотой учир тодорхой
хугацаа гарган, мэргэжлийн хүмүүстэй судалж үзэх нь зүйтэй хэмээн
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү
хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээс өмнө ажлын хэсэг гарган
нягтлан үзэх хэрэгтэй гэсэн санал гаргасан ч дэмжлэг авсангүй.
Хуралдаанд
оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн
санал өгөв. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ шийдвэр дэмжигдвэл
хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг
гишүүдийн олонх нь дэмжлээ.
Н.Гантуяа
montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих