Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр цагаан сарын боовны үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг байна. Уламжлалын дагуу энэ сарын 09-нд зохион байгуулах аж. Аймгийн Засаг даргын чиглэл зааврын дагуу тус үзэсгэлэн худалдааг Биeийн тамир спортын газрын (БТСГ) зааланд зохион байгуулахаар болсон нь багш, сурагчдыг бухимдахад хүргэжээ.
Учир нь тус БТСГ-ын заал нь тус аймгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг ганц газар байтал ийнхүү аймгийн Засаг дарга нь тэрхүү заалыг нь булаан авч цагаан сарын боов зарах талбай болгохоор зэхжээ. Үүнд хүүхэд залуус төдийгүй багш нар ихэд дургүйцэж байгаа сурагтай. Хүүхэд, залуучууд өглөө 07.00 – 23.00 цаг хүртэл тус зааланд спортоор завсар зайгүй хичээллэдэг төдийгүй улмаар цаг нь хүрэлцэхгүй байх асуудал тогтмол үүсдэг аж. Гэтэл ийм их ачаалалтай, үндсэн чиг үүргийнхээ дагуу ашиглагддаг заал талбайг нь булаан авч бүтэн 7 хоног цагаан сарын боов зарах ажлыг хийх гэнэ.
Цагаан сарын боовны худалдаанд заалаа булаалгасан хүүхдүүд гудамжинд хийх юмаа олж ядан сөрөг зүйлд уруу татагдахыг үгүйсгэхгүй гэж эцэг эхчүүд нь халаглаж сууна.Энэ талаар тэд хэлэхдээ "Манай аймагт худалдаа үйлчилгээний том заалтай бизнeсийн олон байгууллагууд байдаг атал зориулалтын бус байр талбайг сонгож хүүхэд залуучуудын эрх ашгийг хөндөж байгаад харамсаж байна" гэлээ.
Ш.Адъяамаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26544
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих