Монгол Улсын төрийн далбааг зуны олимпийн XIX их наадмын тэнгэрт
мандуулан анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан эрхэм хүмүүн бий. Тэр
эрхэм бол Монгол Улсын Ардын багш, МУГТ Ч.Дамдиншарав юм. Тэрбээр өдгөө
Чөлөөт бөхийн холбоонд ирээдүйн тамирчдыг бэлтгэх үйлст хоёргүй
сэтгэлээр зүтгэж явна. Түүнтэй Спортын төв ордны чөлөөт бөхийн заалнаа
уулзаж, энэ удаагийнхаа дугаарын зочны булангаар хилчидтэйгээ уулзахаар
урьсан нь энэ юм.
-Сайхан зусч байна уу. Таныг хилчидтэйгээ уулзуулж байгаадаа баяртай байна?
-Тавтай сайхан зусч байна уу? Миний хувьд ч гэсэн эх орныхоо торгон
хилийг хамгаалан зогсоо хилчидтэйгээ сониноор нь дамжуулан уулзах
болсондоо баяртай байна. Би танай сониноос ярилцлага авахаар анх
хандахад их баяртай хүлээж авсан шүү.
-Ярилцлагаа таны бага насны дурсамжаар эхлүүлье. Гавъяат маань багадаа ямар хүүхэд байв?
-Би Өвөрхангай аймгийн Гучин ус суманд мичин жилийн зуднаар төрсөн.
Одоо 70 нас хүрч байна. Бага нас маань хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил
өнгөрсөн. Хонь хурганы захад л гуйж өслөө шүү дээ. Гэхдээ бага зэрэг
дэггүй хүүхэд байсан юм шиг санагддаг. Би ахтайгаа сумын дунд сургуульд
нэг ангид сурна. Ах бид хоёр үе тэнгийн хоёр мэт өссөн болохоор байнга л
ноцолдоно.
Тухайн үед сумын сургуульд спорт заал гэж байхгүй. Гадаа байрлуулсан
модон морь, савлуур дээр л өнжинө шүү дээ. Тэр үед сагсан бөмбөг, гap
бөмбөг, хөл бөмбөгийн спорт гэдгийг мэдэхгүй тул бөх болно л гэж боддог
байсан. Манай сумаас Монгол Улсын арслан Гялдангийн Цоодол гэж сайхан
бөх төрсөн. Яг түүн шиг л бөх болно гэж мөрөөддөг байж дээ.
Тэгээд л сумын төвийн айлуудын үхрийг сүүлдэж эгч нараар загнуулж аав
ээжийнхээ чихийг их л халууцуулж явлаа. Тэр үед ийм сахилгагүй хүүхдийг
анги хэсүүлж шийтгэдэг байлаа. Тэгээд багш нар, "За энэ сахилгагүй
хүүхдийг хар. Уранхай дээлтэй дэггүй хүүхэд байгаа юм" гээд дагуулж
яваад бусад хүүхдүүдэд жигшүүлдэг байлаа. Тэрнээс нь ичнэ гэж юу гэхэв.
Зодоон цохион хийдэггүй хэрнээ ноцолддогийнхоо харгайгаар нэлээн хэдэн
удаа анги хэсч явсан даа.
-Танай удамд бөх хүн бий юу?
-Миний нагац ах аймгийн арслан Хоовон гэж хүн байсан юм. Бас аймгийн
заан Тогооч гэж хүн байсан. Манай аав, ээжийн талд аймаг, сумын цолтой
бөхчүүд олон бий шүү. Миний хувьд 1960 онд чөлөөт бөх Монгол Улсад анх
хөгжих үеэс л энэ спортоор хичээллэсэн. Би сургуулиа төгсөөд Улаанбаатар
хотод Худалдааны техниккумд оюутан болсон юм.
Тэр үед оюутнууд сангийн аж ахуйд их явдаг байлаа. Би нэгдүгээр курс
төгсөх жилээ Орхоны сангийн аж ахуйд ургац хураалтад явсан юм. Манай
сургуулийн бүх курсынхэн явсан. Намар нь бид сангийн аж ахуй дээрээ
ургацын баяр хийдэг юм байна. Тэр үед би том ангийн ах нартайгаа бөх
барилдаад бүгдийг нь хаяж дөрвийн даваанд үлдсэн юм.
Харин биднийг авч явсан биеийн тамирын багш "улаан хамар" Дагва намайг
их тоож бөх болох замыг минь тавьсан. Ингээд намар нь үндэсний бөхийн
секц дугуйланд явж байгаад хавар нь Монгол Улсын гавъяат дасгалжуулагч
О.Цэрэндагва гуайн шавь болсон. Тэр үед хотын хүүхдүүд чинь үсээ
ургуулж, тухайн үеийнхээ загвараар хувцаслана.
Бид анх секцэнд ирэхдээ этгээд хувцаслачихсан очиход О.Цэрэндагва багш,
"Ийм хүүхдүүдийг авахгүй. Та нар гудамжны хулиганууд байна" гэж билээ.
Биднийг,"Та нар үнэхээр бөх болно гэж бодож байгаа бол наад үс гэзгээ
тайрч, өмссөн хувцсаа янзалж ирвэл нэг дэх өдрөөс бэлтгэлд гарч болно"
гэсэн. Бидний зарим нэг нь тамхи татдаг байлаа.
Тэгсэн бүгдийнх нь халаасыг нэгжээд "Тамирчин хүн тамхи татаж болохгүй"
гээд хөөгөөд гаргачихдаг юм байна. Бид гадаа нь гарч ирээд хоорондоо
ярилцлаа. Тэгээд үсээ засуулъя, гутал хувцсаа янзалъя, тамхиа ч хаяцгаая
гэж шийдээд эргэн очиж байлаа. Ер нь сахилгагүй, дэггүй талдаа хүүхдүүд
тамирчин болдог л доо. Тийм хүүхдүүд аливаад зоригтой ханддаг юм. Би
сүүлд дасгалжуулагч болоод үүнийг улам сайн ойлгосон.
Сахилгагүй хүүхдүүд хийморьтой, золбоотой байдаг юм. Тэр утгаараа
спортод амжилт гаргах магадлал нь их. Тухайлбал, миний шавь Д.Оюунболд
байна. Түүнийг анх ээж, аав нь дийлэхгүй болоод надад шавь оруулж байсан
түүхтэй. Хожим их сайн тамирчин болсон шүү дээ. Их спорт гэдэг хүнийг
хүмүүжүүлж, төлөвшүүлж чаддаг. Спортоор хичээллэснээр хүн амьдралд,
нийгэмд бүрэн төлөвшин гарч ирж чаддаг.
-Нээрээ л спорт, урлаг гэдэг хүнийг амьдралд яах аргагүй
төлөвшүүлдэг. Тэгвэл Ч.Дамдиншарав гэдэг хувь хүнийг хүнийг спорт хэрхэн
төлөвшүүлэв?
-Үнэнийг хэлэхэд их спорт л намайг хүмүүжүүлсэн. Хэрвээ би спортод
дурлаагүй бол өнөөдөр архи уудаг, тамхи татдаг ер нь ямар ч явах юм
билээ мэдэхгүй. Хүн спортоор хичээллэснээр аливаад тууштай, шударга,
хөдөлмөрч болдог. Нэг үгээр бол амьдралыг олон талаас нь ойлгох боломж
нээгддэг шүү. Спортод амжилт гаргасан хүн олны өмнө биеэ яаж авч явахаа
цэгнэдэг болдог. Бусадтай хэрхэн харилцах, үг хэлээ ч анхаардаг болдог.
-Та ер нь хэдэн жил дасгалжуулагчаар ажиллаж байна вэ?
-Би 1970 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж байна. Өнөөдөр ч гэсэн
зааландаа энэ хэдэн хүүхдүүдтэйгээ өнжиж байна. Миний хоёр дахь гэр бол
яах аргагүй Спортын төв ордон. Хажуугаар нь зүгээр өнгөрч болдоггүй юм.
Өдөр бүр энэ зааландаа ирж, хэдэн хүүхдүүддээ чадах зүйл байвал зааж
сургахыг л бодно. Энд ирэхээр миний залуу нас, спортын төлөө яаж
хөдөлмөрлөж явсан минь одоо ч нүдэнд харагдах шиг болдог.
-50 гаруй жил дасгалжуулагчаар ажиллачихсан болохоор шинээр ирж
байгаа хүүхдүүдийг шууд хараад л ирээдүйтэй тамирчин эсэхийг нь
андахгүй болсон биз?
-Энд дасгал сургуулилт хийж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь мэргэжлийн
тамирчин болно. Үлдсэн нь сонирхогч хүүхдүүд. Эднээс талыг нь сайн
тамирчин болгож, үлдсэн хүүхдүүдийг нь сайн иргэн болгон төлөвшүүлнэ.
Эдгээр хүүхдүүд бүгд бөх болохгүй ч гэсэн бөхөд сонирхолтой, үздэг,
дэмждэг болно.
Хэрвээ энэ хүүхдүүд бөхөөр хичээллэхгүй бол орой үдэш хийх юмгүй архи
уугаад, тамхи татаад явж байхыг үгүйсгэхгүй. Мөн дээр нь бие бялдрын
хувьд ч өөрийгөө зөв хөгжүүлж байна. Цэргийн алба ч ялгаагүй. Нэг жил
хугацаат цэргийн алба хаагаад нутагусандаа халагдаад очиход сайхан бие
бялдартай залуус болгоод явуулдаг шүү дээ.
-Мэргэжлийн тамирчдын хувьд жин хасах гэдэг асуудал тун хүнд юм шиг надад санагддаг?
-Сайн тамирчин болох нь өндөр уулын оргилд гарахтай яг адил. Тамирчин
хүн амжилт үзүүлэхийн тулд олон зовлон бэрхшээлийг туулж, маш хүнд
ачааллыг давах хэрэгтэй болдог. Долоо хоногт хамгийн багадаа 10 км зайд
гүйнэ. Дээр нь хүндрүүлсэн хүчний болон арга техникийн бэлтгэл хийнэ.
Энэ явцад бэртэл гэмтэл ч авч болно. Жин хасахын тухайд бол их хүнд л
дээ. Би өөреө анхны олимпийн тэмцээндээ10 кг хасч орсон болохоор ямар
хүнд вэ гэдгийг нь биеэр туулсан.
-Таныг хүүхдүүддэз бэлтгэл хийлгэж байхыг ажиглахад байнга л
цаг руугаа хараад хийх дасгалыг нь хэдхэн минут болоод л өөрчлөөд байх
юм. Бэлтгэл хийнэ гэдэг бас их нарийн зүйл бололтой?
-Бүх зүйл нарийн цаг хугацаатай. Бие халаалтыг гэхэд 15 минут хийнэ.
Босоогоос 10 минут хийчихээд нэг минутын зайтай хэвтээгээс хийнэ. Нарийн
төлөвлөгөөний дагуу л бэлтгэл сургуулилт хийнэ шүү дээ. Түүнээс хар
таамгаараа өдөржин, шөнөжин бэлтгэл хийснээрээ сайн тамирчин болж,
амжилт гаргахгүй.
-Тамирчин хүнд хүчний бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл их
чухал байдаг. Манай тамирчид тив, дэлхийн тэмцээнд орохдоо сэтгэлзүйн
бэлтгэлийн хувьд өндөр биш ёстой л бор зүрхээрээ орж байгаа байдал
ажиглагддаг?
-Тамирчин хүнд хамгийн чухал бэлтгэл бол сэтгэлзүй бэлэн байдал болоод
эр зоригийн чанар юм. Амьдрал дээр их гоё, өв тэгш бие хаатай, ухаалаг
хүүхдүүд байдаг. Гэхдээ тэр хүүхдүүдэд сэтгэл санааны хувьд ямар ч
бэлтгэлгүй байх тохиолдол олон. Тэмцээний үеэр өөрөөс гарах боломжоо
дайчилж чаддаггүй. Зориг, зүрх муутай байдлаа өрсөлдөгчдөө харуулж алдах
нь бий.
Ийм хүүхдүүдийг хичнээн сайн бэлтгэсэн ч амжилт үзүүлж, сайн тамирчин
болж чадахгүй. Харин зарим хүүхдүүд бэлтгэлийн үеэр сул байсан ч яг
тэмцээн дээр дайчин чанар нь гарч ирдэг. Багшийн заагаагүй мэхийг хийж,
өөрийнхөө бололцоог дээд цэгт нь хүртэл дайчилж барилддаг. Тиймээс энэ
чанарыг багш хүн олж харч, тамирчдаа сонгох нь чухал.
Бас бөх барилдахад ухаан, авьяас, хөдөлмөрч чанар чухал. Бөх барилдана
гэдэг дан бяр хүчний спорт биш. Хүчтэй бүхэн ялалт байгуулахгүй.
Дасгалжуулагч хүн тамирчнаа тэмцээнд ороход нь бие бялдрын хувьд
төдийгүй сэтгэлзүйн тал дээр ч бэлтгэдэг. Үүний тулд өрсөлдөгч тамирчныг
нь судлуулж, тактикийн бэлтгэлийг тусгайлан хийлгэдэг. Манай шигшээ баг
дээр мэргэжлийн сэтгэлзүйч бий болсон. Харин эдгээр залуусын хувьд бол
алга л даа.
Гэхдээ багш хүн гэдэг тамирчиндаа сурган хүмүүжүүлэгч нь, эмч нь, багш
нь, гэр бүл нь, сэтгэлзүйч нь байх ёстой. Хүүхдүүдийнхээ зан аашийг
мэдэхгүй багш бол тэдэнтэй ажиллаж чадахгүй. Энэ олон хүүхдүүд дунд
зөрүүд, тайван, аргадуулдаг, бас чанга гараар үг сонсч амжилт гаргадаг
гээд янз бүр. Одоо л гэхэд миний цүнхэнд ташуур явж л байна. /инээв/
Би хэнийг нь магтах уу, хэнийг нь зэмлэх вэ гэдгээ мэддэг. Ер нь багш,
дарга хүн ялгаа байхгүй өөрийнхөө доор байгаа хүмүүсээ таньж мэддэг байх
учиртай. Хүн тус бүрт өөр өөрийнх нь түлхүүрийг тааруулж удирддаг байх
ёстой. Ингэж байж л амжилтад хүрнэ дээ.
-Хүүхэд залуус маань үндэсний бөхөөс илүүтэйгээр жудо, чөлөөт
бөхийг сонирхож хичээллээд байх шиг. Чөлөөт бөхийн тухайд хүнийг татаж
дурлуулдаг зүйл нь юу вэ?
-Өнөөдөр хүүхэд багачууд гурван спортод илүү дурлаж байна. Ялангуяа хүч
тамирын спортоор түлхүү хичээллэх болж. Том биетэй хүүхдүүд үндэсний
бөхийн спортоор хичээллэж байна. Сайн бөх болж, амжилт үзүүлэхийг хүсвэл
чөлөөт болон жудо бөхөөр хичээллэх ёстой. Сайн тамирчин болохын тулд
4-5 жил уйгагүй бэлтгэл хийчихээд орон нутгийн болоод хот, улсын
хэмжээний тэмцээнд оролцох хэрэгтэй. Ингэж байж өөрийнхөө хэр сайн
тамирчин болж чадах эсэхээ сорих юм.
-Таны барилдааны гол арга барил, тактик юу бэ?
-Энэ бол барилдааны хугацаатай холбоотой л доо. Би хөнгөн жингийн
тамирчин байсан. Тиймээс дэлхийн хэмжээнд миний жингийн тамирчид ямар
мэх хийж байна тэр бүхнийг л сурсан. Тухайлбал, хөлд орох, үүрэх, өмсөх
мэхийг түлхүү хийнэ дээ.
-Та зуны XIX олимпоос хүрэл медалийг эх орондоо авчирсан тамирчин. Хамтдаа тэрхүү түүхэн үеийг эргэн дурсвал ямар вэ?
-Миний хувьд гурван удаа олимпийн наадамд тамирчнаар, мөн гурван удаа
дасгалжуулагчаар оролцсон. Би 1968 онд Мексик улсад болсон зуны олимпийн
чөлөөт бөхийн төрөлд хамгийн хөнгөн жинд буюу 52 кг-д барилдаж хүрэл
медалийг зүүж байлаа. Энэ олимпоос манай тамирчид дөрвөн медаль авсан
юм.
Анхны гэж байгаагийн учир нь хамгийн эхний тэмцээний салхийг хагалж,
хүрэл медаль авсан хэрэг шүү дээ. Эхний медаль гэдэг маш чухал. Бусад
тамирчиддаа итгэл найдвар, урам зориг өгдөг эд. Би олимпийн тэмцээнд
оролцохын тулд 10 кг хассан. Тамирчин хүн 10 кг хасна гэдэг амаргүй. 14
хоног хагас нойртой, хоолгүй шахуу явж байж л 52 кг-ийн жинд барилдсан.
Сүүлийн долоо хоногт бүүр хоол идээгүй. Хүн өлсгөлөн болохоор нойр нь
хүрдэггүй. Харин долоо хоногоо тэсчихвэл хэр баргийн юмыг тоохгүй шүү.
Ходоод хоосон яваад байхаар ам их цангана. Шөнө хоол зүүдэлж босч ирнэ.
Өлсөхийн эрхэнд крантны хүйтэн ус залиглачихаад л эргээд унтдаг байж
дээ.
Энэ бол зөвхөн жин хасах тухайд биш юм. Амьдрал дээр ч ялгаагүй. 1968
онд Монгол Улсыг, монголчуудыг дэлхий дахин сайн таниагүй үе. Тэр үед
олимпийн дэвжээнээс медаль авснаар монголчуудыг мэддэг болсон л доо.
Медаль авсны маргааш нь Мексикийн гудамжаар явж байхад хүмүүс, "Та нар
Оросын Монгол уу? Хятадын Монгол уу?" гэж асууж байлаа. Тэр үед нь бид
"Чингисийн Монгол" гэж нүүр бардам хэлж явсан. Тухайн үед их хааны
нэрийг дурьдахыг хориглодог байсан үе.
-Олимпийн дэвжээнээ хүрэл медалийг энгэртээ зүүн төрийнхөө
далбааг мандуулаад зогсч байхад танд хамгийн түрүүнд юу бодогдож байсан
бэ?
-Тамирчин хүн гэдэг аливаа тэмцээнд оролцохдоо ямар нэгэн медаль авах, амжилт үзүүлэх зорилгыг өвөртөлдөг шүү дээ. Тэгээд тэр зорилгодоо хүрчихээд зогсч байхдаа маш их баярласан. Нэрийг минь дуудаад шагналын тавцан дээр зогсох агшинд эх орон, аав ээж минь бодогддог л юм билээ. Би чадлаа гэж бодохоор нүдэнд нулимс цийлэгнээд, зүрх хурдан хурдан цохилоод, өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан.
-Тэгвэл хүрэл медаль энгэртээ гялалзуулаад эх орондоо ирэх үед ард түмэн хэрхэн хүлээн авч байв?
-Онгоцны буудал дээр буумагц л дарга нарын унадаг байсан М21 гэж машинд
нэг нэгээр нь суулгаад өмнө нь цагдаагийн алаг тэрэг дохиогоо
хангинуулж явсаар Спортын төв ордон дээр авчирсан. Яг л төрийн сайд,
дарга нар яваа юм шиг их сайхан санагдаж байсан. Олимпийн медаль авсны
дараа тухайн үеийн нам засгаас шагнасан л даа. Бидэнд одоогийнх шиг
гавъяат цол, орон байр өгөөгүй. "Хөдөлмөрийн хүндэт медаль" гурван
мянган төгрөгний хамт өгсөн.
Тэр үед мотоцикль 5000 төгрөг байсан гэж бодохоор бага л шагнал өгсөн
юм шиг санагддаг.Тамирчин хүнийхээ хувьд амжилтаа үзүүлсэн болохоор
тодорхой хэмжээнд алдар цолоо авчих юмсан гэж боддог юм билээ. Миний
хувьд Монгол Улсын гавъяат тамирчин болоод ахиад цаашдаа олон тэмцээн
уралдаанд орж, үүнээс ч илүү амжилт үзүүлнэ гэсэн итгэлтэй байсан.
Тэр үед урам их хугарсан даа. Тэгээд л би ахин жингээ хасч барилдаагүй.
Тухайн үеийн нийгмийн тогтолцоо нь тийм байсан юм болов уу даа гэж
боддог. Ер нь ардчилсан хувьсгал хүртэл энэ дутагдал давтагдсан. Миний
шавь Д.Оюунболд олимп, дэлхийн хос медаль авчихаад байхад гавъяат цолыг
нь өгөлгүй бүр хожим нь олгосон шүү дээ.
-Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Тамирчин хүнд урам
маш чухал. Авсан бай шагналын тухайд ийм байжээ. Тэгвэл танд урмын
сайхан үгийг хэн хэлж байсан бэ?
-Би багийнхаа хамт олонд их баярладаг. Аварга Ж.Мөнхбат багийн
ахлагчийнхаа хувьд ч гэх үү байнга л сэтгэлийн дэм өгч, дэмждэг. Бэлтгэл
сургууль, тэмцээний үед багийнхандаа "Чи чадна. Чи үүнээс ч илүүг
чадна" гэж урам хайрладаг байсан. Аливаа хамт олон эв эетэй байснаараа
амжилтад хүрдэг бичигдээгүй хуультай. Ялангуяа спортод амжилт гаргана
гэдэг хамтын хөдөлмөр. Би хамт дасгал суруулилт хийж явсан тамирчид,
дасгалжуулагч, эмч нартаа бүгдэд нь баярлаж явдаг.
-Энэ зааланд бэлтгэл хийж байгаа бүх хүүхдийн амжилт, ирээдүй
тантай холбоотой гэж бодохоор дасгалжуулагч байна гэдэг их том
хариуцлага юм?
-Энэ хүүхдүүдийн бүх талыг л эцэг эх нь бидэнд хариуцуулж өгдөг.
Дасгалжуулагчийн ажил гэдэг ерөнхий боловсролын сургуулийн багшаас тэс
өөр. Яг л морь уяж байгаа хүн шиг. Цаг, хугацаа гэж байхгүй. Нэг
хүүхдийн амжилтын төлөө дасгал сургууль, хичээл ном, ар гэрийн амьдрал
гээд бүхнийг нь бодож байдаг. Надад итгээд хүүхдээ өгсөн эцэг, эхийг нь
бодсон ч тэр. Сайн шавь, сайн тамирчин болгочих юмсан гэх бодол байнга л
сэтгэлд уяатай байдаг. Дасгалжуулагчийн ажил гэдэг маш нарийн чимхлүүр
шүү дээ. Энгийн хүний нүдэнд бол шүгэл үлээж бэлтгэл хийлгэсэн, загнасан
төрх л төсөөлөгддөг байх.
-Манай Хил хамгаалах байгууллага "Хилчин" спорт хороотой. Та бас хилчин тамирчдын маань талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хил хамгаалах байгууллага их спортод маш их анхаарал тавьдаг. Би
хурандаа Д.Дашжамц болон түүний хамт олныг их спортыг Монголд
хөгжүүлэхэд ихээхэн гавъяа байгуулж яваа гэж боддог. 2001 онд Азийн
аварга шалгаруулах тэмцээн Монголд болсон юм.
Тэр тэмцээнд "Хилчин" спорт хорооны тамирчин Т.Зүүнбаян хамгийн хөнгөн
жинд барилдаж аварга болж байлаа. Тэр үед ХХБ-ын удирдлага нь хамт
олныхоо хамтаар ирж дэмжиж байсан юм. Түүнийг аварга болоход нь
байгууллагаас нь байр хүртэл барьж өгч байсан. Өмнө нь тамирчнаа ингэж
дэмждэг газар байсангүй. Миний хувьд "Хилчин" спорт хорооныхондоо тэр
дундаа чөлөөт бөхийнхөө хамт олонд маш их баярлаж явдаг.
-МУГТ, ахмад С.Батцэцэг Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн төрлөөс медаль авч байхад танд юу бодогдож байсан бэ?
-Монгол Улсын олон шилдэг тамирчид "Хилчин" спорт хорооноос гараагаа
эхэлж, алдар цуугаа мандуулж явна. Тэдний нэг бол МУГТ, ахмад
С.Батцэцэг. Манай бөхчүүд 32 жил олимпийн медаль аваагүй байхад нь МУГТ
С.Батцэцэг ес дэх медалийг авчирч монголчуудаа баярлуулсан.
С.Батцэцэгийн хувьд их сайн бөх. Түүнд үүнээс илүү амжилт үзүүлэх
ирээдүй, боломж, ур чадвар бий. Түүний ард мянга, мянган хилчид захыг нь
мушгиад сууж байгаа учир хилчдийнх нь хийморь түшиж байдаг биз. Хил
хамгаалах байгууллага бол спортод маш их ээлтэй, ач буянтай газар.
-Ингээд бодож байхад тамирчин хүн, хилчин хүн хоёрт адил төстэй
зүйл их байна. Тухайлбал, тамирчид дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг
гаргахаар зүтгэдэг шиг хилчид эх орныхоо амар тайван, аюулгүй байдлыг
хангахын тулд ажилладаг?
-Төстэй зүйл байлгүй яахав. Тамирчин хүнийг хагас цэргийн зохион
байгуулалттай гэдэг. Мөрдэс зүүсэн цэргийн хүн, тамирчин хоёр адил. Наад
зах нь дэг журам, сахилга батаараа ижилхэн. Хамгийн гол нь эх орныхоо
төлөө гэх сэтгэл зүрхээрээ илүү адил юм. Хилчид эх орон, ард түмнийхээ
төлөө хил дээр үүрэг гүйцэтгэдэг шиг манай тамирчид мөн л эх орон, ард
түмнийхээ төлөө дэлхийн дэвжээнээ гарч ялалтыг байгуулдаг.
-Ер нь та хил хамгаалах албаны тухай ямархуу ойлголттой явдаг уу?
-Би Батлан хамгаалахад ахмад цолтой офицер явлаа. Найман жил цэргийн
мөрдэс зүүсэн учир цэргийн амьдралыг тодорхой хэмжээнд мэднэ. Надад
өнөөдөр ч гэсэн ахмад мөрдэстэй дүрэмт хувцас минь бий. Хааяа хувцсаа
гаргаад харахаар сүр жавхаатай сайхан санагддаг шүү. Хилийн цэргийн
амьдралыг мэддэг ч гэж хэлж болно. ХХБ-д миний шавь нар ч бий. Жирийн
сайхан танил нөхөд ч байна.
Тэднийгээ харж байхад, яриаг нь сонсч байхад хилийн амьдрал гэдэг
үнэхээр сайхан санагддаг. Цэргийн амьдрал мэдэхгүй хүмүүс хилчдийн
хөдөлмөрийг, тэдний гүйцэтгэдэг үүргийг төдийлөн ойлгохгүй байх. Хилчид
хэний төлөө эх орны хил дээр өнөөдөр нойроо хугасалж зогсоо юм бэ?
Зөвхөн та биднийг амар тайван амьдруулахын төлөө, энэ газар шороогоо
бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө л хил дээр зогсоо шүү дээ. Хил дээр
байгаа байлдагч, ахлагч, офицер тэдний гэр бүл бүгд өөрийнхөө хувийн
амьдралыг орхиод эх орноо хамгаалах үүргийг нэр төртэй сонгосон хүмүүс
юм. Тиймээс би хилчдээрээ бахархаж, муу хэлсэн нэгнээс нь өмөөрч явдаг
шүү. Хилчдэд монгол хүн бүр талархах учиртай юм.
-Та олон л удаа хилийнхээ дээсийг алхаж тэмцээн, уралдаанд орж явсан. Тэр бүрт ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Бид тэмцээнд оролцохоор онгоцоор, галт тэргээр, машинаар явж л байлаа.
Тэр бүрт хамгийн түрүүнд хилчид тосон авч мэндчилдэг. Бас амжилт хүсэн
биднийг удэн гаргадаг. Хилийн дээс алхах мөчид хүний нутагт хөл тавилаа
даа гэж бодохоор сэтгэлд бас нэг зүйл бодогдоно шүү. Харин эх орныхоо
хилийн зурвасыг давах үед тал нутгийн минь салхи нь хүртэл сэвэлзээд
сайхан санагддаг. Яг л ээж, аавтайгаа уулзсан мэт сэтгэл төрүүлдэг.
-Тамирчнн хүнд баяртай жаргалтай үе бий. Басхүү хүнд хэцүү үе ч
бий. Тэгвэл та хэзээ нэгэн цагт чөлөөт бөхийн спортыг орхихоор шантарч
байсан удаа байгаа юу?
-Шантрах үе бишгүйдээ л тохиолдоно. Санасандаа хүрэхээр амжилт
үзүүлэхгүй бол сэтгэлээр маш их унадаг. Тухайлбал, олимпоос заавал
медаль авна гэж оччихоод амжилтын үзүүрээс атгаад алдахад өөртөө их
гутардаг. Үүнээс гадна надад найдаад амжилт хүсээд үлдсэн ар гэрийнхэн,
ард түмнийхээ нүүрийг харна гэдэг үнэхээр хэцүү байдаг. Дээр нь хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжлүүлэхээр "Нээрээ би энэ спортыг орхих
ёстой юм болов уу" гэж бодогдох үе зөндөө л байна.
-Багш хүний хувьд сайн шавь төрүүлэх нь чухал. Тэгвэл таны шавь нарын тухайд?
-1970 оноос хойш дасгалжуулагчаар ажиллалаа. Энэ хугацаанд Монгол Улсын
гавъяат цолтон 25 төрсөн байдаг юм. Үндэсний бөхийн дархан аварга,
аварга, арслан, заан цолтой бөхчүүд 30 гаруй байна. Олон улсын мастер
бол 80 гаруй бий. Энэ бүх хөдөлмөрийг минь үнэлж 2008 онд ардын багш цол
олгосон байх. Намайг хэр сайн багш, дасгалжуулагч вэ гэдгийг шавь нарын
минь гаргасан амжилтууд л тодорхойлно.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэх хүсэлтэй хүүхэд залуучууддаа юу гэж зөвлөх бол?
-Сайн бөх болмоор байвал спортоо зөв сонгох хэрэгтэй. Магадгүй самбо,
жудогоор амжилт үзүүлэхээр хүүхэд чөлөөт бөхийг сонгоод хичнээн жил
хичээллэсэн ч амжилт гаргахгүй. Тиймээс эхлээд өөрийн хичээллэх спортын
төрлөө зөв сонгох хэрэгтэй. Хичээллэх спортоо сонгосон бол багаасаа л
хамгийн сайн багшийг сонгоод уйгагуй, тууштай тэрхүү спортоороо
хичээллэ. Тууштай нэг спортоор хичээллэхэд хүнд алдар гавъяа, амжилт
хэзээ нэгэн цагт заавал ирдэг гэдгийг хэлмээр байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд та Maнай хилчдэд хандаж юу хэлэх вэ?
-Цэргийн амьдрал гэдэг хүнийг амьдралын ухаанд сургаж, бие хүн болов
төлөвшихөд нь тусалдаг. Тангадын Галсан гуайн "Хил манаагүй эрийг ямар
эр гэх вэ" гэсэн үг байдаг шүү дзэ. Яг үүнтэй ижил хил дээр апба хаасан
хүн амьдралын ноён нуруутай болж, аливаад их ухаалаг, уужуу тайван
ханддаг болчихдог. Цэргийн алба хаагаагүй хүн бол айлын эрх хүүхэд шиг л
байдаг шүү дээ. Хүний үг даахгуй, хар бор ажил хийж үзээгүй, өлсөж
цангах зовлон мэдэхгүй тийм л байдаг. Аливаа бэрхшээлийг давах сэтгэлийн
зориггүй байдаг. Тиймээс цэргийн алба гэдэг эр хүн бүрийн заавал хаах
ёстой алба. Тэр дундаа хилийн алба гэдэг тэнгэрлэг юм. Хилчдийн
гүйцэтгэж буй үүрэг нь их ариун. Тиймээс нийт хилчиддээ хил хамгаалах
үйлст нь өндөр амжилт хүсье.
-Танд баярлалаа.
Ярилцсан ахлагч М.Уранбайгаль
Эх сурвалж: "Эх орны манаа” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих