Чин үнэнийг өгүүлэхэд Чингис хаан, морь хоёр Монголчуудын илэрхийлэл юм. Цэцэн мэргэн ухаант өвөг дээдэс минь морио сүлдэндээ дээдэлжээ. Монгол хүн бүрийн цээжний гүнд адуу янцгааж, цэнгэлийн манлайд туурайн төвөргөөн нүргэлж байдаг. Морио магтаж үл барму. Монголын мэргэжлийн гэрэл зурагчид нэгэн сэдвийг нарийвчлан гүнзгийрүүлэхээр барьж авлаа. Тэр нь МОНГОЛ МОРЬ. Нэгэн цагт биднийг ертөнцөд таниулсан морьдоо хариуд нь дэлхийд таниулахыг зорьж байгаа юм. Үүний тулд МГЗНХ төсөл боловсруулж, юуны түрүүнд зурагчдаасаа адуугаар дагнан мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Адуугаа зураглаж, нийтийн өмнө үзэсгэлэн дэлгэнэ. Ном цомог хэвлүүлнэ. Олон улсын үзэсгэлэн, уралдаанд оролцуулна. Адуу зураглах олон талт ажил Өвөрмонголд хэзээний цэгцэрчээ. Энэ сэдвийн дор тэнд уламжлалт том уралдаан зохиогддог байна. Манай холбооны төлөөлөгчид уг уралдаанд гэрэл зурагчдынхаа бүтээлийг оролцуулж байхаар хэлэлцэн тохирчээ.
Дээрээс төсөв, хандив дэмжлэггүй чөлөөт уран бүтээлч гэрэл зурагчид халаасныхаа мөнгийг нийлүүлж, унаа хөлслөн Дорнод аймгийг зорилоо. Тэднийг нэгтгэдэг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоог төр засгаас жаахан харж үзэхэд л зурагчин бүрт дэмжлэг болж түгэх билээ. Чухамдаа түүх бичлэг улсын ажил юм. Улсын ажлыг гэрэл зурагчид "бор зүрхээрээ", сайн дураараа хийж байгаа юм... МГЗНХ адууны төслөө наран ургах зүгээс эхлүүлье гэж Дорнод аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газарт хандахад дарга Б.Батсайхан нь уриалхан хүлээн авч, өдөрлөг зохиох газраар зуншлага арай түрүүнд эхэлсэн Булган сумыг сонгожээ. Булган сум Чойбалсан хотын босго давахын наахна 50 км зайд, Улаанбаатар хотоос 600 км-ын алсад байрладаг. Б.Батсайхан тэрээр Дорнод аймгийн Уяачдын холбооны тэргүүн юм. Монголын 3 сая адууны нэгээхэн хэсэг буюу 20 000 нь Дорнод аймгийн Булган суманд бэлчээрлэнэ. Адуугаа суртчилах нь аймгийн Хүнс, ХАА-н газар, Уяачдын холбооны чухал нэгэн ажил гэж үзэж, байгууллагаараа өдөрлөгт хүрэлцэн ирж, бүх л ажил, асуудлыг гардан зохион байгуулав. Сум даяараа хамжилцлаа. Тохилог өргөө, тослог хоол цайгаар тавиу үйлчлэв. -Арай ойр дөт болохоор тэр юм болов уу, манай баруун зүгийнхэн Хэнтий, Сүхбаатар аймгаас хурдны адуу их арилжаж аваачдаг. Дорнодынхон тэр аймгуудаас хурдан морь авдаг уу гэж асуувал: - Манай өөрийн Дорнод угшил хурдтай юм шиг байна. Тэдний морьдтой ана мана үзэж, айраг түрүү аваад л байдаг гэж байна. Зүүн гурван аймаг ижилхэн хурдтай байх нь. Булган сумын засаг дарга Доржийн БАЗАРГҮР зурагчдын багийг угтан авч, сумаа товч танилцуулав. Хүн ам 1800, малын тоо 1 30 000 гэв. Ардын Засгийн Гэгээрлийн Яамны анхны сайд, Д.Сүхбаатарын анхны номын багш С.Жамъян гүн, морин хуураар анхны Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Гомбодоржийн Жамъян, Улаанбаатар хотын анхны захирагч Моононгийн Баяр, анхны шүхэрчин эмэгтэй Тогоочийн Ойжины Загдхорлоо гээд Булган аймгаас дутахгүй бузгай олон алдартантай сум ажээ. Булган сүүл гэдэг энергитэй үгтэй ижил болохоороо ийм эрчимлэг байдаг байна уу ч гэж бодогдож байлаа. Ач зээ нартаа Булган нэр өгвөл анхдагчдаар дүүрэн айл байх юм шиг бодол ч төрж байна. Дорнын хүлгийг МГЗНХ-ны дэд ерөнхийлөгч, байгалийн нэрт гэрэл зурагчин Дашийн Октярь, багш, гэрэл зураг судлаач, редактор Вандандоржийн Баттулга, Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цэрэндоржийн Батбаатар нарын жин дарсан зурагчид, Архангайн Б.Цээпил, н.Батхүү, Сэлэнгийн Ч.Батдорж, Дорнодын И.Ариунболд, Г.Бадамдовжид, Д.Доржхуяг, Б.Шижирболд нарын аймгуудын төлөөлөл, философич Пүрэвтогтох, дипломатич Содномжамц, судлаач Мөнх-эрдэнэ, фото сэтгүүлч Б.Бямба-очир, эмэгтэйчүүдээ төлөөлөл "ХААН фото” студийн эзэн Бундаа нарын чадварлаг баг зураглав. Зурагчдыг ажлаа эхлэхэд байгаль эх хэдэн өдөр үргэлжилсэн битүү үүлээ задлан гэгээ нэмж, хураа хайрлан тоос дарж, салхиа татаж зургийн тодрол чангалж ивээв. Олон зурагчны болор дуран, хурц санамжинд хувилагдаж буусан дорнын хүлгүүд цахимаар өртөөлөн орчлонг нэлэнхүйд нь бөмбөрдөж нижигнэвэй.
Шөнө хугаслан үүрийн бүдэг бадаг гэгээн доор засаг даргын зөвлөхөөр хөтөчлүүлэн, түүний ган хүлгээр Д.Октябрь багшийн хамт баруун зүг Булган уулыг хаяалж, Баян-Эрхтийн хөндийг чиглэн хурдаллаа. Тэнд нэн түүхт уул бий гэх нь Туг уул юм. Наахантайх Норовлин уулан дээр гарахтай зэрэгцэж галт улаан нар өлмий доороос өндийлөө. Мөн ч гайхалтай тунгалаг өглөө еэ. Хөлөнбуйр зүг, талын ирмэг, тэнгэрийн хаяанд Туг уул гурвалжлана. Хангайнхаар бол жаахан толгой юм. Гэвч цасан дуулгат оргилуудаас ч тод түүхийг хадгалаж үлджээ. Чингис хаан аян дайнд явахдаа Хамаг монголын хараа ихт Хар сүлдээ тэр уулын оройд залснаар Туг уул гэж нэрлэгдэх болжээ. Хожмоо нэгэн үед тэр орчмын ард олон тав арван ямаатай, чөдрийн ганц хоёр мориноос өөр хөрөнгөгүй нилээд ядуурч, Сэцэн хан аймгийн Хэрлэн барс хотын чуулганд харж үзээч хэмээн өрөгдөл өргөхөд бүтээлч, сүйхээтэй, хүнлэг дарга чин ван Тогтохтөр шаламгай хөдөлж, Хар сүлдний элч сүлд буюу хувилбарыг залах мэргэн санаагаа хэрэгжүүлж, Туг уулнаа Чингисийн шүтээний сүмийг байгуулж, түүнд хуримтлагдсан жасын хөрөнгөөр ядарсан албатуудаа ажилтай орлоготой болгож байжээ. Монгол хятад урчууд шүтээний сүм барих газрыг хайж явтал хурга хариулсан хүү тааралдахаар нэрийг нь асуутал Баян-Эрхт гэж хариулж гэнэ. Тэд энэ их билэгшээлтэй нэр байна гээд тэр газарт сүмийнхээ газрын сонгосон ажээ. Орчны газар Баян-Эрхт нэрийг олов. Тэр цагаас ламын уншлага, хонхны дуу тасралгүй байсаар, 60 орчим лам эгнэж суусан дорно нутгийн төв хийд байхдаа 1937, 1938 онд лам нар нь баривчлагдаж, хийд 1939 онд буулгагдаж, чулуу, тоосго нь 1940 малын хашаа хорооруу ачигдаж дуусчээ. Чингисийн шүтээний сүмд цугларсан малын буян энэ цагт ч дундарсангүй. Хур хомс, айлууд зусландаа буугаагүй, мал цөөн байна гэх ч зураг авахуулахаар зориуд тавьсан аятай дуу алдам олон мал хөндийг дүүргэн байлаа. Баян-эрхт буюу Туг уул хэзээний сум орон нутгийн тахилгатай. Саяхнаас аймгийн тахилгатай уул болгожээ. Улмаар Төрийн тахилгатай болгох хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгийн газар өргөн мэдүүлсэн байна. Нуга нь ногоороод, айлууд нь сувдраад, адуу мал нь багшраад ирэхээр Баян-Эрхт юу харуулдаг байх нь вэ, та минь ээ. Эргэж ирэхээ л нэг ирнэ дээ.
Дорнод аймгийн Булган сумын алдартнуудтай танилцана уу
С. Жамъян- Гүн, Ардын Засгийн Гэгээрлийн Яамны анхны сайд, /Д.Сүхбаатарын анхын номын багш/
Гомбодоржийн Жамъян - Алдарт морин хуурч, Ардын Жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай морин хуурч,
Моононгийн Баяр - Улаанбаатар хотын анхны захирагч,
Дамдины Намсрай – Монгол Улсын Тээврийн Яамны анхны сайд, / 1940-1948 он/ шатрын спортын ууган мастер, сурын спортын мастер,
Тасрангийн Балдан – Монгол Банкны Ерөнхий Хорооны анхны дарга /1940 он/, "улсын мэргэн” харваач,цолтой, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,
Жигмидийн Алтангэрэл – Сангийн сайд /1925-1927 он /,
Сэнгийн Цэвээнсүрэн - 1924 оны анхны Үндсэн хууль батлалцсан,
Мятавын Гэндэн – Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, "Эх оронч”,
Сүхбаатарын Баяр – Дорнод аймгийн дарга 1931-1934 он,
Доржийн Жигжид – Ахмад дайчин хүндэт хилчин,
Сүхбаатарын Жадамбаа – эдийн засгийн ухааны дэд доктор,
Донойн Пүрэв – Шүүх Яамны сайд 1972-1978 он, Унгар Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1978- 1981 он, хууль зүйн ухааны дэд доктор,
Алтангэрэлийн Дашнамжил – Төр нийгмийн зүтгэлтэн, Дорнод аймгийн номын сангийн анхны үүсгэн байгуулагч.
Сэдийн Дугарсүрэн – анагаах ухааны доктор, хүндэт профессор, хүний их эмч,
Пэрэнлэйсамбуугийн Дорждэрэм – химийн ухааны дэд доктор, шатрын спортын дэд мастер,
Гомбожавын Очирваань – анагаах ухааны дэд доктор, хүний их эмч, хурандаа цолтой,
Тогоочийн Ойжины Загдхорлоо – анхны шүхэрчин эмэгтэй, Монголын түүхэнд анх удаа шүхрээр буусан эмэгтэй,
Самбуугийн Лхам – мото спортын мастер,
Цэвээний Жүгдэр – шатрын спортын мастер,
Шаравын Пүрэвжав - – шатрын спортын мастер,
Санк – радио спортын олон улсын хэмжээний мастер,
Жамъангийн Цолмон – буудлагын спортын мастер,
Бавуугийн Шагдар – Улсын тэргүүний сайн малчин,
Доржийн Дэндэв – анхны мянгат малчин
Жигжидийн Нина – Монгол Улсын аварга саальчин
Гомбо Оюунсүрэн - Монгол Улсын аварга малчин
Намсрайжавын СҮХБАТ
МСНЭ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27483
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих