ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины "гадаадад буй орос хэлтнүүдийн эрхийг хамгаалах” гэсэн шинэ онол нь Балти орнуудыг түрэмгийлэх урьдчилсан нөхцөл болж мэдэх юм хэмээн Литвын Батлан хамгаалахын сайд Юозас Олекас анхааруулав.
"Путины шинэ онол – Кремль нь хилийн чанад дахь орос хэлтнүүдийн эрх ашгийг хаана байгаагаас нь үл хамааран хамгаалах үүрэгтэй гэсэн онол юм. Энэ нь Путины хувьд Балти орчмын орнууд дахь орос хэлтнүүдийн эрхийг хамгаалах, түрэмгийлэл үйлдэх шалтаг болж мэдэх юм” гэж Олекас өнгөрсөн ням гарагт Вильнюст болсон НАТО-гийн Аюулгүй байдлын хорооны хуралдаан дээр хэлжээ.
Тэрбээр тоглоомын дүрэм өөрчлөгдсөн, тиймээс НАТО-гийн гишүүн орнууд бүгдээр үүнийг ойлгож, НАТО шинэ нөхцөл байдалд тохирсон арга хэрэгслийг бодож боловсруулахгүй бол "бид бүгд сүйдэж болзошгүй” гэж сануулсан байна. Олон жилийн турш Балти орчмын орнууд нь Польшийг "Оросыг битгий өдөөн хатга”, Орос бол ердийн л орон гэсэн байр суурьтай байсныг ч Олекас өгүүлэв.
Гэвч харамсалтай нь 2008 онд Орос улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ умартан Гүрж руу цөмрөн орсон бөгөөд 2007 оноос эхлээд цэрэг дайны хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн гэж тэр хэлэв.
"Орос арми болон зэвсэглэлээ шинэчлэх арван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ баруун хойд чиглэлд, тэр дундаа Калининградад онцгой анхаарал хандуулж байгаа. Үнэн хэрэгтээ бол Калининград нь оросын цэргийн гол бэхлэлт нь болж байна” гэж батлан хамгаалахын сайд мэдэгдэв. Оросын аюулын өөр нэгэн баталгаа нь 100 мянга гаруй нь хэдхэн цагийн дотор аян дайнд хөдлөх боломжтой явдал юм гэж тэр үзэж байна. Мөн түүнчилэн тэрбээр Орос, Белоруссийн цэргийн хүчний нэгдэлийг ч бас онцлов.
Имй нөхцөлд НАТО-гийн эв санааны нэгдэл, Балти орчмын орнуудад НАТО-гийн цэрэг байрших нь маш чухал болохыг санууллаа. Тиймээс хамтын сургуулилтыг аль болохоор их явуулах шаардлагатай гэж Олекас мэдэгдээд НАТО-гийн байнгын явган цэргийн хүчин энд байрших нь Оросыг эмээхэд хүргэнэ гэсэн байна. "Оросыг үнэхээр цочроох асуудал бол НАТО-гийн цэргийн хүчнийг түүний дорно хязгаарт байршуулах явдал юм” гэж тэр хэлсэн байна. Түүнийхээр бол НАТО нь 1997оны Зүүн Европт байнгын баазууд байгуулахгүй гэсэн Орос-НАТО-гийн тохиролцоог эвдэж болно, учир нь Орос улс өөрөө эхлээд үүнийг зөрчсөн гэсэн үндэслэлийг тэр гаргав.
"Оросууд НАТО-гийн цэргийг хаана байрлуулахыг бидэнд зааж чадахгүй, учир нь өөрөө олон улсын бүх гэрээ хэлцэл, хэм хэмжээг нэгэнт зөрччихөөд байгаа” гэж Олекас онцолжээ. Тиймээс Уэльст болох НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтан дээр Гүржийг гишүүнээр элсүүлэх тухай тодорхой төлөвлөгөөг танилцуулах ёстой гээд чингэх нь энэ нь зөвхөн Гүржид төдийгүй НАТО-д өөрт нь ч хэрэгтэй зүйл болохоос гадна Орост өгөх хамгийн тодорхой дохио болно гэсэн юм. "Орос хүч чадал, нягтрал нэгдэлийг хүндэтгэдэг” гэж тэр өгүүлэв. Ийнхүү НАТО-гийн гишүүн орнуудын зарим нь Оросын хүчирхэгжилтээс эмээж, тусгаар тогтнолдоо санаа зовниж эхэлжээ.
zuunii medee
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих