Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ таван сар гаруйн хугацаанд хэлэлцэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр баталж, энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр тогтоосон. Ирэх сарын 25-ны үе бол сонгууль явагдаагүй, шинэ засаг төр эмхлэгдээгүй буюу одоогийн засаг хэвээр байх үе гэдгийг улстөрчид мэдэж байгаа. Тавдугаар сарын 25 бол ердийн байдаг л хуанлийн нэг өдөр, ажлын эхний өдөр болох даваа гариг байгаа юм. Гэтэл билгийн тоолол талаасаа ихэд утга учиртай, учрал ерөөлтэй болохоор УИХ-ын зарим гишүүн онцгойлон энэ өдрийг сонгож авсан юм билээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны есдүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цаг буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны Рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ” хэмээн цагаан дээр хараар бичиж үлдээжээ.
Энэ мэтээр Монгол төрийн үйл ажиллагаа, ёслол бүрт шашны элемент, нөлөө ордог болоод байна. Хэд хоногийн өмнө Байгалийн түүхийн музейн буурин дээр “Чингис хаан” музейн барилгын ажлыг эхлүүлэх ёслол болж, музейн шавыг тавьцгаасан. Шав тавих ёслол ямар нүсэр болж өнгөрснийг бүгд харцгаасан. Ийм төрлийн ёслолыг тэр бүр хараагүй, мэддэггүй хүмүүст булш, бунхантай холбоотой зан үйл болоод ч байгаа юм шиг, эсвэл оршуулах ёслол ч болж байгаа юм уу гэж эндүүрч, андуурч гайхмаар юм болж, сүртэй л юм болоод өнгөрлөө дөө. Угтаа бол музейн нэг барилгын ажил эхэлж, түүнийгээ нийтэд зарлаж буй ажиллагаа юм шүү дээ. Тэгтэл хэт шашинжсан ёслол оруулж, нүсэрдүүлсэн нь зарим хүнд хачирхалтай зан үйл мэт сэтгэгдэл төрүүлжээ.
Төрийн аливаа үйл хэрэгт шашны зан үйл ингэж дагалдаж явахын зэрэгцээ УИХ-ын гишүүд, нэр дэвшигчдээс мөн ийм үйл хөдлөл үе үе цухалздаг. Ялангуяа сонгуулийн үеэр нэр дэвшигчид яаж шашинждагийг сонгогчид хардаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболд гадаад ламын өмнө элгээрээ хэвтээд, сунаж мөргөж байгаа нь ямар эвгүй харагдаж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа эрхэм харийн нэгэн ламын өмнө сунаж мөргөж байгааг харсан эгэл ардууд үнэхээр их цочирдсон доо. Ер нь төр, шашин хоёр хэт холилдвол юунд хүргэдгийг орчин үеийн Төвөд улс бидэнд бэлээхэн түүхээрээ, амьдрал ахуйгаараа баталж харуулж байгаа. 1950-иад онд төр, шашин хоёр нь хэт сүлэлдэж, нийтээрээ мухар сүсэгт автсаны харгайгаар гадаад улсын харьяанд орчихсон. Энэ бүгдийг нуршаад байгаагийн учир юун хэмээвэл хэт шашин талаасаа харж сонгосон Шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх өдөр нь улс төрийн хямрал дагуулах шинжтэй болоод байгаагаас үүдэлтэй юм. Улс төрийн ямар хямрал дагуулахаар болоод байна вэ гэвэл хамгийн эхэлж “давхар дээл”-ний асуудал яригдана. Дөрвөн гишүүн нь давхар дээлтэй, бусад нь “давхар дээл”-гүй байх ёстойг Үндсэн хуулиар заагаад өгчихсөн. Ингэхээр одоогийн Засгийн газар огцрох болно.
Хэрвээ Засгийн газар огцрохгүйгээр “давхар дээл”-тэй сайдуудаа чөлөөлөөд дөрвөн сайд аа, Ерөнхий сайдтай нь үлдээе гэж бодъё. Намын дарга хамгийн өндөр рейтингтэй учраас гялтайх нь энэ гээд Ерөнхий сайдаа үлдээх байх. Энэ хүн тэгвэл нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулиар УИХ-ыг удирдах бүрэн эрхтэй болж, УИХ-ыг тараах эрх гарт нь ороод ирнэ. Тэгэхээр УИХ-ын гишүүн биш хүн УИХ-ын бүрэн эрхэд халдах улс төрийн хямрал үүсч эхлэх юм. Цаашлаад УИХ-ын гишүүн биш ийм хүнд УИХ-ыг тараах байтугай, бүр төрийн эргэлт хийх бүрэн эрх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оногдчихоод байна. Парламентын гишүүн биш, ард түмний мандатгүй хүнд ийм эрх очих нь засаг төрийн хямрал үүсгэж болзошгүй.
Энэ бол ердөө хэт шашинжсан, харалган ганц заалтаас л үүдэлтэй гэдгийг эрхбиш гишүүд харж байгаа байх. “Сайн өдөр, бурхны шашины бэлгэ дэмбэрэлтэй өдөр, зурхайн сайн өдөр юм гэсээн” хэмээн түүндээ дулдуйдаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх өдрийг тогтоочихсон нь эргээд улс төрд хямрал үүсгэхээр болоод байна. Төр, шашин хоёр хэт орооцолдож болдоггүй гэдгийн баталгаа нь энэ боллоо. Үүнээс гарах гарц байгааг судлаач, хуульч, УИХ-ын гишүүд янз бүрээр тайлбарлаж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн байх боломжийг хуулиар нээж өгсөн. Бусад Засгийн газрын гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хуулиар хориглосон. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хууль таван зүйлтэй. Нэгдүгээр зүйлд, Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тухайн төрлийн харилцааг зохицуулсан шинэ хууль гарах хүртэл тухайн төрлийн харилцааг зохицуулж байсан хуучин хууль тогтоомжоор тухайн харилцааг зохицуулна гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Тиймээс одоогийн Засгийн газар огцрохгүй гэсэн үг” гэж ойлгомжтой тайлбарласан билээ.
Тэгвэл дийлэнх улс төр судлаачид, хуульчид, улс төрийн намууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд үзэхдээ хэрэв Үндсэн хууль бүрэн хүчин чадлаараа ажилаад эхэлсэн тохиолдолд Хүрэлсүхийн Засгийн газар огцорч таарна. Хэрэв огцорохгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудал үүснэ. Энийг үл хэрэгсэн эрх барьж байгаагаараа дулдуйдан засгийн газрыг цаашид хэвээр нь ажиллуулах болбол Үндсэн хуулийн Цэцэд хандах болно гэж мэдэгдээд байгаа билээ. Энэ бүгдийг гишүүд дагаж мөрдөх хуулийг баталж байхдаа мэдэж л байсан байж таарна. Гагцхүү хэт шашинжиж мунхран сайн өдөр, сайхан цаг гэж хөөрцөглөснөөс үүдэлтэй улс төрийн хямрал нүүрлэчихээд байна.
Зүгээр ч нэг улс төрийн хямрал биш, Үндсэн хуулийн хямрал нүүрлэж мэдэх нигууртай болж мэдэх нь байна. Төр, шашин хоёр тусдаа байхгүй бол юунд хүргэж болдгийн бодит жишээ энэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх огноог тогтоосон явдал боллоо.
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих