Төр
засаг vнэндээ тун муу менежер гэдгээ алхам тутамдаа харуулсаар амьдрал
сайжирна гэдэгт ард иргэдийн итгэл алдарч, хямралтай салхинд дайруулсан
аж ахуйн нэгжүүд нь хаалгаа барьдаг жишиг тогтов. Үүнтэй зэрэгцэн улсад
бүртгэлтэй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 орчим аж
ахуйн нэгж нь ашиг байтугай алдагдлаа ч нөхөж чадахгүй байсаар өнөөдрийг
хүрч байна. Энэ бол шахааны бизнесийг цэцэглүүлж, үхмэл хөрөнгийг
өөхшүүлсний үр дүн гэлтэй. Ашигтай ажиллах шаардлагагүй гэх алтан
дүрмийг манай төрийн өмчит компаниуд баримталдаг гэхэд хилсдэхгүй.
Улсынхаа бус удирдагчдынхаа халаасыг түнтийлгэж, тэрбумтнуудыг төрүүлэх
нь тэдний зорилго. Тиймдээ ч төрөөс төрсөн тэрбумтнууд үе үехэн аавын
хаалга татаж, төрийн өмчит компаниудын алдагдалтай ажилласан баримт олны
чихийг дэлдийлгэсээр ирэв. Нөгөө талаар төрийн өмчит болон төрийн
өмчийн оролцоотой компаниуд үр дүнтэй ажиллаж байгаа гэсэн өнгө зүсний
төлөө явснаас үнэхээр үр дүнтэй, ашигтай орлоготой ажиллуулахыг эзэн нь
бол төр огт шаарддаггүй. Тиймээс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, үүд
хаалга нь нээлттэй л байвал хэчнээн өр тавих нь хэнд ч хамаагүй. Учир
нь тэдний хэзээ, хаана, хэнээс ямар хэмжээтэй зээл авсан нь тийм ч ил
тод бус. Тиймдээ ч төрийн нэртэй л бол өрийн тулам болсон байдаг.
2013 оны эцсийн байдлаар л гэхэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 89 аж ахуйн нэгжийн нийт өр төлбөрийн дүн найман их наядад хүрч байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын Хөгжлийн банк 3,121.5 тэрбум төгрөг, Төрийн банк 1,620.6 тэрбум төгрөг, "Эрдэнэт” үйлдвэр 449.7 тэрбум, "Эрдэнэс Тавантолгой” 789.9 тэрбум төгрөгийн өртэй гарчээ. Хачирхалтай нь Монгол Улсын Хөгжлийн банкны гурван их наядын өр нь "Чингис” болон "Самурай” нэртэй өрийн бичигтэй ямар ч холбоогүй гэнэ. Үүнийг өрийн талаар нягталж шалгасан байгууллага нь тайландаа дурдсан байна билээ. Хөгжлийн банкны араас эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд төрийн өмчийг хувьчлах болон төрийн өмчийн оролцоог бууруулахаар гаргасан жагсаалтад багтсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 174 тэрбумын өрөөрөө аман хүзүүджээ. Уг нь саяхан хүчин чадлаа нэмэгдүүлж, нэг сая тоннд хүргэсний "баяр”-аа тэмдэглэж, тууз хайчилсан ч өрийн хэмжээгээр төрийн өмчит гэх толгойгоо илүүлсэн аж ахуйн нэгжүүдээс толгой цохиж байна. Гадаад нислэгт давуу эрх эдэлж, далайд гарцгүй Монгол Улсыг тоотой хэдэн чиглэлээр Ази, Европтой холбох ганц гүүр болдог МИАТ л гэхэд 78 тэрбум төгрөгийн өртэй. Ашиггүй хэмээн орон нутгийн нислэгээс татгалзаж, олон улсад нислэг үйлддэг ч алдагдал дагуулсаар өнөөдрийг хүрсэн тул төрийн өмчийг бууруулах жагсаалтад багтаж байна. Харин олон жилийн турш "нойрссон” Монголын хөрөнгийн бирж энэ жагсаалтад дөрвөн тэрбумын өртэйгөөр жагсчээ. Угтаа бол Монголын хөрөнгийн бирж стратегийн чухал ач холбогдолтой салбар гэж үздэг. Гэвч хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа учир нь МИАТ-ийн эгнээнд элссэн. Мөн бүтээн байгуулалтын ажил нь эхлэх байтугай цэвдэгтэй гэсэн шалтгаанаар газрыг нь шилжүүлэхээр яригдаж байгаа Сайншандын аж үйлдвэрийн парк 349 саяын өртэй хэмээн мэдүүлсэн байна. Энэ мэтчилэн төрийн өмчит гэх уртаас урт жагсаалтад багтах аж ахуйн нэгжүүдээс ашиг өгдөггүй ч өргүй компанийн тоо гарын арван хуруунд багтана.
Энэ бол төр муу менежер гэдгийг тодоос тод баталж байгаа хэрэг. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүйн адилаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ашгаа өгдөггүй ганц нууц нь өр. Төрийн өмчит гэх нэрийн дор толгойгоо илүүлж, тоймгүй их өр тавих нь тэдний ажил биш.
Б.ДАВААТОГТОХ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих