Мэнэнгийн талд газрын тос олборлодог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг компани Монгол Улс доторх нэгэн "Вант улс” мэт авирласаар ирэв. Бүтээгдэхүүн хуваах нь гэрээ бүрхэг, Монгол Улсад ямар ч ашиггүй. Гэсэн атал Дорнод аймгийн Матад, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын I, VII багийн байгаль орчныг доройтуулж, иргэдийн эрхийг зөрчиж ирсэн. Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд өчнөөн шаардлага тавьж байсан, одоо ч оньсого таавар шиг асуудлууд олон бий.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдээс өгсүүлээд Монгол Улсын нэг бус Ерөнхий сайд өөрийн биеэр газар дээр нь очиж шалгаж байсан. Эрх мэдэлтнүүд Улаанбаатараас сүртэй гэгч гараад ирэхдээ ус балгасан мэт болоод ирдэг байсан.Томилолтоор ажиллаад ирсэн нэг бус УИХ-ын гишүүнээс байр суурийг нь тодруулах гэж хөөцөлдөөд Төрийн ордны урт хонгилд муур, хулгана болж явсны хувьд үүнийг бичигч би баттай хэлнэ.
Харин Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа цор ганцаараа "Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь монгол хэл дээр байдаггүйг, Мэнэнийн талын цогцолбор газрыг хөл гишгэх зайгүй өрөм тавьж сийчсэнийг хараад элэг эмтэрч байгаагаа хэлж, шаардлага тавьж байсан. Сүүлийн үед "Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн Г.Адилбиш нарын залуус тэмцэл өрнүүлдэг ч Петрочайна Дачин Тамсагийнхан төрд гарсан эрх мэдэлтнүүдтэй хамтран хана хэрэм шиг хөдөлдөггүй.
Шалгалтын хариу ч, төрийн шийдвэр тушаал ч компанийн талд гардаг ийм л жишиг тогтоод удаж байна.Тэгвэл Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны хүрээнд энэ жишиг өөрчлөгдөх байх гэж дорнодчууд төдийгүй Монголын ард түмэн хүлээж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс байнга үлээж ирсэн "Шүгэл”-ийн мөрөөр Петрочайна Дачин Тамсагийн бүх үйл ажиллагааг "Шилэн” болго. Зөрчлүүдийг "Шүүр” ажиллагаагаар шүүрдэж цэвэрлэ хэмээн шаардаж ч байгаа юм.
Үүний дохио болох эхний шүглийг Х.Энх-Отгон хэмээх залуу үлээснийг манай сонин өнгөрсөн сарын 18-нд № 068 дугаарынхаа "Өглөөний зочин” булангаар хүргэсэн. Түүний хувьд жирийн нэгэн биш. 2015 онд Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Петрочайна Дачин Тамсаг компанид хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг ахлаж байсан нэгэн. Төрийн хяналт, шалгалт ямар байдалтай хийгддэг, орон нутгийн зүгээс ямар шаардлагууд тавьдаг, тэр нь юу болж хувирдаг талаар баримтыг тэрбээр дэлгэсэн. Түүгээр зогсохгүй хууль эрхзүйн баримт бичиг, гэрээнүүд хэрхэн хийгддэг талаар асуудал хөндсөн. Түүний ярилцлага нийтлэгдсэнээс хойш бүн нэг сар өнгөрч байхад Монголын төр ч, Петрочайна компанийн зүгээс ч ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийсэнгүй.
Харин Х.Энх-Отгоны шүгэл үлээсэн дээрх ярилцлага цахим орчноос арчигдан алга болжээ. Арга ч үгүй байх, албан тушаалтнууд айж, Петрочайна Дачин Тамсагийнхан ч болгоомжилж буй биз. Тэр юу гэж шүгэл үлээсэн бэ гэвэл:
1. "Петро Чайна” компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг маш хайнга хэрэгжүүлж байсан тул 80-аас доош хувийн үнэлгээгээр үнэлсэн. Энэ тохиолдолд дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аас баталдаггүй журамтай. Гэтэл тус компанийн үйл ажиллагаа зогсоогүй, тэр чигээрээ явсаар байсан. УУХҮЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АМГТГ энэ асуудалд маш дүлий, хойрго ханддаг. Тэгсхийгээд яваад сурчихсан байдал надад ажиглагдсан. Бид холбогдох байгууллагуудад аймгийн Засаг даргын албан тоотоор удаа дараа шаардлага хүргэж ирсэн ч төрийн байгууллагууд, тэр бүү хэл яамнаас орон нутгийн зүгээс бичсэн албан тоот, тавьсан шаардлагын хариуг ирүүлэхгүй түвшинд ханддаг байсан.
2. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр байгаа нийт борлуулсан тосны 40 хувиар үйл ажиллагааныхаа зардлыг гаргана гэж төлөвлөсөн байдаг. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах нь далд, тухайн компанийн үзэмжээр явдаг. Тэгэхээр шийдвэр гаргадаг, түрүүн хэлсэн дүлий, хойрго байгаа тэр албан тушаалтнуудын ах дүү, хамаатан садан, тэдний хамаарал бүхий аж ахуй нэгжүүд дээрх ажлуудыг авч хийдэг байх магадлал өндөр...
3. 1.8-хан га газарт мод зүлэг тарих ажлыг нэг аж ахуй нэгж дээр 110 мянган ам.доллараар үнэлсэн байсан. Гэтэл өртөг зардлыг нэлээн тавиухан тавиад бодоход тэр нь 18 мянган ам.доллараар л хийчих боломжтой. Энд 90 мянган ам.долларын зөрүү гарч байгаа биз. Ганцхан ажилд ийм байгаа юм чинь бусад дээр нь яаж явааг бид мэдэхгүй. Тэр ажлыг авч хийсэн компани нь тодорхой албан тушаал хашдаг хүний хамаарал бүхий аж ахуй нэгж байсан.
4. Хятадууд манайд хөрөнгө оруулалт оруулж, байгалийн баялгийг олборлож, ашгаа хувааж хүртээд явах байтал ашиг олох зорилго нь цаагуураа дам байдлаар төрийн байгуулалтыг эвдэх үйлдэл гаргасан байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудад авлига өгч, тэр хүмүүсийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх итгэл үнэмшлийг устгаж байна. Ард түмний өмнө үүрэг хүлээж, түүнийхээ төлөө ажиллах ёстой байтал эс үйлдэхүйгээрээ авлига өгсөн хүмүүсийг хамгаалдаг, тэдэнд үйлчилдэг болж байна. Ингэж гадныханд үйлчилдэг төрийн албан хаагч хэр олон байна, төдий чинээ тэд дураараа авирлаж байна. Ийм явдал цааш газар авсаар өнөөдрийн байгаа байдалд хүргэсэн. Мэргэжилтнүүд ч, дарга удирдах албан тушаалтнууд ч бүгд ийм байдалд орчихсон.
5. Бид мэргэжлийн хяналтын байгууллагыг шаардаж, шахалт үзүүлж байж шалгалт хийх ажлын хэсэг явуулж дүгнэлт гаргуулаад Петрочайна компанийн үйл ажиллагааг зогсоож байсан. Тэр үед УУХҮ-ийн сайд байсан Д.Сумъяабазар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг Засгийн газрын хуралдаан дээр янз бүрээр хэлж байсан бичлэгүүд архивт бий. Хоногт хэчнээн зуун сая төгрөг улсын төсөвт ордог атал тасалдуулчихлаа гээд загнаж байсан. Зүй нь алдаагаа зассаны дараа үйл ажиллагаагаа нээх эрх үүсэх ёстой байдаг.
6. Байгаль орчноо хамгаалдаг, хууль дүрмээ сахиулдаг байж төсөвт мөнгө орох нь зарчим. Тийм зүйл огт байхгүй. Роялти авдаггүй, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь тун бага, ийм зүйл заалтуудыг цаашид хэрэгжүүлээч гэж гурвалсан гэрээнд тусгаж байсан. Олон асуудал оруулсан ч хэрэгжсэн нь тун ховор. Хамгийн гол заалт нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг 100 хувь олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруул гэсэн. Яагаад гэвэл төсвийн мөнгө байгаа учраас тэгэх эрх зүйн үндэслэл бий. Ил тод болгож байгаа учир нь ямар ажлын ямар хүн, хэн гэдэг компани, хэзээ авсан бэ гэдэг чухал шүү дээ. Петрочайна компани дээр энэ асуудлууд одоо болтол тодорхойгүй байгаа. Энэ бүхэн ил болж гэмээ нь цаана байгаа хамаарал бүхий компаниуд,тэдгээрийн эзэд илэрнэ. Авлигын асуудал илэрнэ.
Х.Энх-Отгон нэг бус нэлээн олон асуудлаар ийнхүү шүгэл үлээсэн.Тэр бүү хэл Тавантолгойн нүүрсний хулгайн нэг хэлбэр газрын тосон дээр явж байна” гэдгийг хэлсэн байгаа юм. Шүгэл үлээсэн бол түүний мөрөөр хяналт, шалгалт явуулах, тооцоо судалгаа хийх, зөрчил байвал "Шүүр”-дэж цэвэрлэх чинь Засгийн газрын 5Ш ажиллагааны мөрөөр хийх ёстой ажил мөн биз дээ. "Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо хэлэхдээ зөрчил, гомдлын мөрөөр газар дээр нь ажлын хэсэг очиж ажиллана гэсэн. Х.Энх-Отгоны шүгэлдсэнчлэн Дорнодын газрын тос Тавантолгойн "Нүүрсний хулгай”-н хоёр дахь хувилбар болсон, эсэхийг хэзээ шалгах вэ?
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих