УИХ-ын гишүүн Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд ХҮН нам тогтолцооны гажуудлыг засахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Энэ удаагийн өөрчлөлт та бүхний зорьж байсан тогтолцооны өөрчлөлт болж чадав уу. Бодит үр нөлөөг юу гэж харж байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаас хойш албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт нийгэмд томоохон үр нөлөөг үзүүлнэ. Тухайлбал, нэгдүгээрт, парламентын ардчилал дархлаатай болж Монголын тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдал сайжирна. Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал бий. Үүнийг би УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн 2022 онд 180 мянган иргэнтэй уулзаж 100 мянган гарын үсгийг хоёр долоо хоногийн хугацаанд цуглуулсан. Ингэхдээ 21 аймгаар явсан. Энэ он гарснаас хойш мөн 21 аймаг, есөн дүүрэг, 200 хороо, 170 гаруй сумдад очиж иргэдтэй биечлэн уулзаж бодит мэдээллийг өгсөн. УИХ-ын гишүүний хувьд, улс төрийн намын даргын хувьд нэг зүйлийг маш тодорхой хэлсээр ирсэн. Тодруулбал, эдийн засгийн томоохон бодлого, хөтөлбөрүүд болон бүтээн байгуулалт хэрэгжих суурь бүтэц, боломж үүгээр үүснэ. Нэгхэн жилийн төлөвлөгөөтэй, түүнийг нь байн байн өөрчилдөг бус дор хаяж дунд хугацааны хөтөлбөртэй, цаашилбал урт хугацааны төлөвлөлтөө хийж ярьдаг, бодлогоор өрсөлдөж мэтгэлцдэг, бодлогыг санхүүжүүлдэг, бодлогыг дэмждэг, бодлогын улстөрчид парламентад орж ирнэ. Үүний үр дүнд дунд, урт хугацаандаа эдийн засгийн бодит өсөлт бий болж чадна.
Гуравдугаарт, төлөөллийн асуудал. Сүүлийн хоёр сонгуулиар 40 гаруй хувийн дэмжлэг авсан улс төрийн нам парламентын 80-аас дээш хувийг бүрдүүлж байгаа нь төлөөлөл хангагдахгүй байна. Иймээс иргэд талбай дээр байн байн жагсаж байгаа юм.
Тойрог төлөөлдөг энэ зарчмаар хамгийн их мөнгөтэй нь сонгогддог болохоос хамгийн туршлага мэдлэгтэй, нийгмээ төлөөлж чадах хүмүүс нь сонгогддог систем биш л дээ. Ийм учраас пропорциональ элемент орж ирснээр төлөөлөл тодорхой түвшинд хангагдана.
100 хувь пропорциональ байвал 100 хувь хангагдана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 40 хувь пропорциональ байхаар боллоо. Тиймээс ядаж 40 хувь хангагдах нь. Ийм гурван томоохон өөрчлөлт авч ирнэ. Үүнээс гадна мэдээж жижиг өөрчлөлтүүд олон байлгүй яах вэ.
Ер нь парламентад нэлээд олон улс төрийн институциуд орж ирж байж намууд төлөвших, үр дүнд нь парламент бэхжих, нэг гэр бүл, нэг намаас хамаарсан засаглалаас улам холдоно. Үүгээр бид тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хараат бус байдлаа батжуулж байгаагаараа онцлог юм.
-Гишүүдийн тоог нэмэгдүүлж, олон намын төлөөллийг бий болгох нь зөв. Гэхдээ Засгийн газар тогтворгүй болох сөрөг талтай гэх шүүмжлэл байна. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?
-Бодитой биш. Үүнийг ярьж байгаа улстөрчид Европын улсуудын жишээг авч яриад байгаа юм. Тухайлбал, Болгар сонгууль явуулаад Засгийн газраа бүрдүүлж чадаагүй нь үнэн. Гэхдээ Болгар улс 100 хувь пропорционалиар сонгуулиа явуулдаг. Тиймээс олон намууд орж ирж байгаа юм. Өөрсдийнхөө бодлогыг бие биедээ тулгаад, нэгдсэн бодлого, нэгдсэн эвсэл үүсгэж чадахгүй байгаа нь үнэн. Манай тогтолцоо бол 100 хувь пропорциональ биш, 40 хувь. Бүр нарийн яривал 38 хувь нь пропорциональ элемент орж ирж байгаа шүү дээ. 48 жагсаалтаар, 78 нь тойргоо төлөөлдөг байдлаар орж ирсэн. Ийм тохиолдолд дахиад 1-2 нам руу эрх мэдэл шилжих нөхцөл нь байж л байгаа. Дараагийн Засгийн газар нэг нам давамгайлж гарч ирэхгүй байх. 1-3 нам нийлээд эвслийн Засгийн газар байгуулах бүрэн боломжтой.
-Үндсэн хуулийг цогц шинэчлэл болгохын тулд Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль чухал. Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж цогц болгохын тулд нэн тэргүүнд эхлээд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Гурван зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, иргэд намын жагсаалтыг үзэж харж болдог нээлттэй байх ёстой. Түүнээс намын цаана хэн байгаа нь мэдэгддэггүй баймааргүй байна. Энэ жагсаалтад нэр цэвэр улстөрч, нэр дэвшигчдийг оруулахыг ХҮН нам уриалж байгаа. ХҮН өөрийн үйлдлээрээ үлгэрлэнэ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлт биежих ажлыг МАН, АН тэргүүтэй бусад улс төрийн намууд манлайлаад явах үүрэгтэй.
Хоёрдугаарт, жагсаалт зарах асуудлын хажуугаар нам зарах асуудал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, пропорциональ элементийг дагалдуулж Улсын дээд шүүхэд эхэнд бүртгэлтэй намуудыг худалдан авах асуудал гарч ирээд байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв хэрэгжүүлэхийн тулд намын жагсаалт, дугаарлалтыг зардаг байдлыг хязгаарлах хэрэгтэй. Үүнийг Сонгуулийн тухай хуульд хийх боломж байсан. УИХ-аар хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьд хүрсэн. Энэ долоо хоногоос Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ үеэр үүнийг хуульд оруулж батлах нь зүйтэй. Бидний тавьж байгаа асуудал бол 30-аад жилийн өмнөх дугаараар явдаг бус дугаарлалтыг иргэдээр эрэмбэлүүлдэг шударга зөв, олон улсын туршлага руу орох нь зөв гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийн үр дүнд үндэслэж намуудын дарааллыг тогтоож тэмдэглэх нь зүйтэй.
Гуравдугаарт, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах зорилгоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Энэ хүрээнд квотын асуудал чухал. Энд дан ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. Ирээдүйд эрэгтэй улстөрчдийн ч асуудал хөндөгдөнө. Тиймээс нэг хүйсийн төлөөллийг ХҮН намын зүгээс 50:50 гэсэн байдлаар, харин хуульд 40-өөс доошгүй гэсэн байдлаар орж байгаа. Зарим улс төрийн хүчнүүд 30 хувь гэж байгаа. Үүнийг болж өгвөл 50:50 гэдэг байдлаар баталгаажуулбал ардчилсан сонгууль хийхэд нийгмийн бүлгийн төлөөллүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулж ирэхэд том нөлөөтэй.
-Нэр дэвшигчдийн жагсаалтын эрэмбийг яаж гаргахаар хэлэлцэж байгаа бол. Нэг нам 48 нэр дэвшигчийн жагсаалт гаргана гэхээр их олон нэр бичигдэхээр байна л даа. Нэр давхцахаас авахуулаад, хүйсээр сөөлжүүлэх үү гэхчилэн олон маргаан, асуудал гарах байх?
-Жагсаалтаар бичигдэх 48 хүний 24 нь эрэгтэй, 24 эмэгтэй байна. Тиймээс сөөлжүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Сонгуулийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн жагсаалтын мэдээллийг намууд нь зарлана. ХҮН нам бүх нэр дэвшигчийнхээ мэдээллийг зурагтай нь, ямар боловсролтой, ямар ажил эрхэлж байсан үүх түүх бүх мэдээллийг нь нийтэд танилцуулна. Ингэхдээ бид маш хатуу зарчим барина. Тодруулбал, өмнө нь авлига албан тушаал болон нийтийн эсрэг гэмт хэрэг хийж байгаагүй нэр цэвэр нэр дэвшигчийг жагсаана.
-Саналын хуудсыг ямар байдлаар хийх талаар хэлэлцсэн үү. Жишээ нь, нэр дэвшигчийн зургийг байршуулах уу?
-Ажлын хэсгийн хуралдаан дээр ярьсан. Автомат машинаар саналаа уншуулах учраас зураг орохгүй. Намын нэр бичигдэх нь тодорхой. Тиймээс намын нэрийг дагалдуулаад бүх нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг гаргана. Одоогийн байдлаар нийт 36 нам байна. 36 намаас тус бүр 48 нэр дэвшигч гэхээр зургаан метр жагсаалт гарч ирж байна лээ. Цаашид шинээр нам байгуулагдаж болно. Тиймээс энэ жагсаалт ихэснэ. Энэ нь иргэдэд энгийн ойлгомжтой биш, хүндрэлтэй байдал үүсгэнэ. Хоёрдугаарт, техникийн хувьд хүндрэлтэй. Тиймээс намын жагсаалтыг заавал саналын хуудастай зэрэгцүүлж хэвлэж өгөхөөс илүү санал өгөх өдрөөс өмнө бүх мэдээллийг нь өгөх хэрэгтэй. Мөн санал дугуйлах бүхээгт бүх мэдээллийг нь тавьж иргэдийг мэдээллээр хангаж өгмөөр байгаа юм. Ийм байдлаар ажлын хэсэг дээр яригдсан. Тиймээс хууль ийм байдлаар бичигдэж байгаа.
-Төсөвт тодотгол хийхээр болсон. Төсвийн энэ орлогыг хэр бодитой гэж харж байна. Цаашид энэ орлого хадгалагдах болов уу?
-Төсвийн тодотголыг яагаад ярьж байна гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд танилцуулж байхад иргэд гишүүдийн тоо, тогтолцоог ярихаасаа илүү өнөөгийн үнийн өсөлт, цалин тэтгэвэр хэтэрхий бага байна, амьдрахад хүнд боллоо гэсэн асуудлыг илүү хөндсөн. Үүнтэй холбоотойгоор төсвийн тодотгол орж ирж байна гэж ойлгосон. Нийт 1.8 их наяд төгрөгийн зардал гаргахаар орж ирсэн. Үүнийг УИХ-д төлөөлөлтэй улс төрийн намын даргын хувьд, улстөрч хүний хувьд харахад дэмжиж болохоор ч эдийн засагч хүний хувьд өөр байр суурьтай байна.
Иргэдийн орлого буурсан, амьжиргаа муу байна. Тиймээс бодит орлогыг өсгөхийн тулд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх шаардлага байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл нөгөө талд энэ нь буцаад инфляцийг өсгөнө. Буцаад макро тогтворгүй байдлыг бий болгоно. Буцаад ханшинд нөлөөлнө. Үр дүнд нь төгрөгийн худалдан авах чадвар дахиад унана. Ам.доллар төгрөгийн ханш дахиад сулрах нөхцөл байдал үүсэхээр байна.
-Инфляци хэдэн хувиар өсч, төгрөгийн ханш хэдэн хувиар буурах бол?
-Монголбанкинд судалгаа байгаа байх. Судалгаа харж байж нарийн тоог хэлнэ. Мэдээж онол, зүй тогтол гэж байна. Өнөөдрийн зах зээл дээр төсвийнхөө зарим зардлуудыг татах замаар буюу шаардлагагүй зардлуудыг хязгаарлах замаар эх үүсвэрийг гаргавал нөлөө байхгүй. Гэтэл нэмэлт эх үүсвэрийг буюу нэмэлт мөнгө зах зээл рүү гаргаж байна гэсэн үг. Энэ нь эргээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө. Өнөөдөр ам.долларын ханш тогтворжчихлоо, инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэсэн төсөөлөл яваад байна. Хэрвээ 1.8 их наяд төгрөгийг долдугаар сарын 1-нээс зах зээлд нийлүүлбэл бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь бодитой асуудал. Үүний үр дүнд орлого бодитоор өсөхгүй.
-Ер нь цаашид бодит орлого яаж буурах бол?
-Манай нийт эдийн засаг төгрөгөөр тооцвол 40, 50 их наяд болж өсөөд байна. Гэтэл ам.доллараар тооцож харьцуулбал 10 жилийн хугацаанд 10-12 тэрбум ам.доллар дээр гацчихаад байгаа юм. Гэтэл 10 жилийн өмнө америкт 100 ам.доллараар гурван уут хүнс авдаг байсан бол яг тэрхүү хүнсээ 100 ам.доллараар нэг уутыг л авч байгаа юм. Үүнээс дүгнэхэд манай эдийн засаг агшчихаад байна. Бодит орлого унасан. Төгрөгийн худалдан авах чадвар уначихаад байна. Ийм тохиолдолд макро бодлогынхоо тэнцвэрийг хангах хэрэгтэй. Энэ эх үүсвэрийг цалин тэтгэврийн эх үүсвэр гэж өнөөдөр өгөхөөсөө илүү тэтгэвэр, нийгмийн даатгалын сангийн суурь шинэчлэлийн эх үүсвэр болговол урт хугацаандаа Монгол Улсад хэрэгтэй. Тэгвэл суурь шинэчлэлийн үр дүнд өнөөдөр ажил хийж байгаа хүмүүс, магадгүй таван жилийн дараа тэтгэвэрт гарах хүмүүсээс авахуулаад өдөр тутмын зовлон нь арилах юм.
Өөрөөр хэлбэл, тэтгэврийн реформ гэдэг нь хуримтлал үүсгээд цаашаа хөрөнгө оруулалт болж өсч үржиж бидний хүсээд байгаа реформ хийгдэнэ. Тэрхүү реформ хийгдэхэд мөнгө хэрэгтэй байгаа юм. Гэтэл өнөөдөр бүсээ чангалах боломжтой байхад үүнийгээ нүүрснээс төлөвлөгдөөгүй орлого ороод ирлээ. Тиймээс цалин тэтгэврээ нэмчихье гэж хандаж байгаа нь буруу. Ингэж өнөөдөр хүмүүсийн уур амьсгалыг тайвшруулж болно. Алга ташуулж болно. Гэхдээ ирээдүйд хийх том шинэчлэл, реформоо хойш нь шидээд байгаа юм. Монгол Улсын төсөв байнгын алдагдалтай, гадаад өр төлбөр байнгын хойш шидээстэй хэвээр үлдээд байна. Хуримтлалаар өр төлбөрөө шийддэг болохоос биш байгаа мөнгөө хэрэглэчихээд ирээдүйд өр үлдээгээд явдаг энэ байдал нь Монгол Улсын зовлон юм. Ийм зүйл ярихаар зарим хүмүүс мушгиад байна. "Т.Доржханд гишүүн тэтгэврийг буулга гээд байна. Ахмадуудаас мөнгө харамлалаа...” гэхчилэнгээр. Би ерөөсөө тийм юм яриагүй. Эсрэгээрээ бүсээ чангалаад улс орныхоо төлөө ирээдүйд амьдрах монголчуудын төлөө энэ улсын эдийн засгийн хараат бус байдлын төлөө реформуудаа зоригтой хийе гэж байгаа юм. Өнөөдрийн зовлон дээрээ л амь аргацаасан байдлаар ажилладаг. Төсвөө байнга тодотгодог байдал нь төсвийн реформ, салбаруудын реформ, төсвийн шинэчлэл хийх боломжийг хойшлуулсаар ирлээ.
Ирэх жил сонгууль болно. Ирэх жилийн төсөв "мундаг” тэлээд ороод ирнэ. Үр дүнд нь мөнгөний бодлого ажиллах ямар ч орон зай байхгүй. Тэгэхээр ханшаа алдчихна. Ханшаа алдчихаар хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ. Ам.доллар солиулж оруулж ирээд бизнес хийгээд буцаад гарахаар алдагдал болоод байна. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй тохиолдолд Монголын эдийн засаг өсөхгүй борцлогдоод хэвээр байгаад байна шүү дээ. Нийтээрээ халамжлуулдаг, нийтээрээ ажил хийдэггүй, бизнесийг дэмждэггүй, амиа аргацаасан энэ дутагдлаа эмчлэхгүй яваад байвал Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй дээ. Иргэдийнхээ цалин, тэтгэврийг байнга өсгөөд байж болно. Гэхдээ дагаад талхны үнэ өснө шүү дээ.
ХҮН намд маш олон эдийн засгийн тинк танк, судлаачид байдаг. Бидний байр суурь бол зоригтой реформуудаа хий. Таалагдахгүй байсан ч гэсэн ирээдүйн иргэдийнхээ төлөө, энэ улс орныхоо төлөө шүдээ зуугаад хийдэг байх хэрэгтэй. Ийм учраас бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Иргэд анх таалахгүй л байсан. Гэхдээ зөв гэдэг нь тодорхой. Бид гал бариад явж байгаа. Энэ асуудалд ч гэсэн бид хүмүүст таалагдахаас илүү иргэдэд зориулсан, ойлгохгүй байгаа юмыг нь ойлгуулахыг хичээгээд явж байна. Улстөрчийн хувьд иргэдэд таалагдахгүй ч улс оронд хэрэгтэй асуудлыг шийдэж байж л энэ улс орон хөгжинө. Дэлхийн эдийн засаг тэгж хөгждөг. Гэтэл манайх хэтэрхий их популизмд автагдсан төсөвтэй, хэтэрхий их сонгууль угтсан төсөвтэй, хэтэрхий их халамжилсан улс болоод байгаа учраас залуучууд Монголоос гарч яваад байна. Бизнесүүд ажиллах ямар ч орон зайгүй болж байна. Зардал өсгөе гэвэл татвар өсгөнө шүү дээ. Ийм орчинд хэн бизнес хийх юм бэ. Бүгдээрээ төр рүү ороод цалин авахыг л бодно. Шүдээ зууж, бүсээ чангалаад хамтдаа ард нь гарах л хэрэгтэй.
https://dnn.mn/%D1%82-%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6%D1%85%D0%B0%D0%BD%D0%B4-%D0%B0%D0%BC-%D0%B4%D0%BE%D0%BB%D0%BB%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0-%D1%81%D0%BE%D0%BB%D0%B8%D1%83%D0%BB%D0%B6-%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D%D0%B4-%D0%B1%D1%83%D1%86%D0%B0%D0%B0%D0%B4-%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%D1%85%D0%B0%D0%B0%D1%80-%D1%85%D0%B0%D0%BD%D1%88%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B4-%D0%BE%D1%80%D0%B4%D0%BE%D0%B3-%D1%83%D1%87%D1%80%D0%B0%D0%B0%D1%81-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D0%B4-%D1%85%D3%A9%D1%80%D3%A9%D0%BD%D0%B3%D3%A9-%D0%BE%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D0%B8%D1%80%D1%8D%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-dnn-mn/Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих