Өнгөрсөн зуун жилийн хугацаанд дэлхийн дундаж наслалт их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгвэл нэгэн шинэ судалгаа дундаж наслалт 87 хүрээд зогсонги байдалд орно гэх үр дүн гарч иржээ. Өнгөрсөн долоо хоногт “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа 1990-2019 оны хооронд дундаж наслалт хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзсэн байна.
100 гаруй жилийн өмнө буюу 20-р зууны эхээр дэлхийн дундаж наслалт ойролцоогоор 50 байсан юм. Тэгтэл 1990-ээд он ирэхэд дундаж наслалт 70 хүрч, чинээлэг орнуудад 85 орчим хүрсэн. Судлаачид энэ үзэгдлийг урт наслалтын хувьсгал хэмээн нэрлэдэг. Анагаах ухаан хөгжиж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ахиц дэвшил гарсан нь нярайн эндэлт, төрөлтийн хүндрэлийн улмаас нас барах эрс буурсан нь үүнд хамгийн их нөлөөлжээ.
Тэгвэл геронтологич Жэй Олшанский тэргүүтэй эрдэмтэд явуулсан тус судалгаа дундаж наслалтын нэмэгдэлт сүүлийн 30 жилийн хугацаанд их хэмжээгээр буурсныг илрүүлжээ. Сонирхуулж хэлэхэд геронтологи гэдэг нь насжих процесс болон хүн амьдралынхаа туршид хэрхэн өөрчлөгддөгийг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Олшанский одоо Иллинойн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессороор ажилладаг.
Тэдгээр эрдэмтэд дундаж наслалт хамгийн өндөр байдаг орнууд болох Австрали, Франц, Итали, Япон, Өмнөд Солонгос, Испани, Швед болон Швейцарт дундаж наслалт хэрхэн өөрчлөгдсөнд дүн шинжилгээ хийсэн байна. Мөн Хонконг, АНУ-ын наслалтын тоо баримтыг судалгаандаа оролцуулжээ.
Олшанский үзэж буйгаар бол 1990 онд дэлхийн урт наслалтын хувьсгал төгсгөлдөө ойртсон аж. Дундаж наслалтыг уртасгахын тулд анагаах ухааны үзүүлэх нөлөө хязгаарлагдмал, тэр нөлөө шавхагдахад насжилтад бид хүчин мөхөстөнө гэж Олшанский үзэж байгаа юм.
Тэдний явуулсан судалгаа дэлхийн дундаж наслалт 87 буюу эмэгтэйчүүдэд 90, эрэгтэйчүүдэд 84 болоод зогсоно гэх таамаглалд хүржээ. Одоогийн байдлаар дэлхийн дундаж наслалт 72 байгаа.Эрдэмтдийн үзэж буйгаар бол ийм өндөр нас хүрэхэд дундаж наслалтыг уртасгах ганц арга нь насжих процессыг удаашруулах аж.
Эх сурвалж: Al Jazeera
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих